Польш улс Беларусиас орж ирж буй цагаачдыг саатуулах зорилгоор 186 км урт хилийн хана барьж дуусгажээ. Ханын өндөр 5.5 метр юм байна.
Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки болон аюулгүй байдлын дээд албан тушаалтнууд Пүрэв гаригт хилийн бүсэд зочилж, ханатай танилцжээ. “Энэхүү хилийн ханыг Оросын эсрэг тэмцлийн нэг хэсэг гэж ойлгож болно. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Польшийн хил рүү дайрсан явдал нь Украины дайны анхны шинж тэмдэг байсан” гэж Моравецки хэлсэн байна.
Лукашенко 2021 оноос хойш цагаачдыг хурцадмал байдлыг өдөөх хэрэгсэл болгон ашигласан гэж Варшавын эрх баригчид үзэж буй. Үүний үр дүнд Иракийн Курдистанаас олон арван мянган хүн Беларусиас хил давахыг оролдсон байна. Тодруулбал, цагаачид Польш, Латви, Литва руу нэвтрэхийг оролдсон аж. Беларусь, Польшийн хооронд хил давах гэж байгаад өнгөрсөн онд 20 гаруй хүн нас баржээ.
Гэтэл хүний эрхийн байгууллагууд Польшийг давхар стандарттай гэж буруутгаж байна. Тодруулбал, Польш улс олон сая украин дүрвэгсдийг хүлээж авч буй атлаа Беларусиар дамжин орж ирэх Азийн дүрвэгсдийг хааж байна гэж үзжээ.
Хүний эрхийн ажиглагчдын сүүлийн тайлангаас үзвэл, Польш улс цагаачид болон орогнол хүсэгчдийг хууль бусаар, заримдаа хүчирхийллийн замаар Беларусь руу буцааж байна гэв. Цагаачид хилийн цэрэг болон бусад аюулгүй байдлын хүчнийхэнд зодуулах гэх мэт ноцтой хүчирхийлэлд олонтоо өртдөг юм байна.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ