Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар түгжрэлээс үүсэх нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, алдагдсан боломжийг тооцсон аргачлал, арга зүйн судалгаа, “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”, мөн нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам барих төсөл”, “Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэл батлах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Улаанбаатар хотын автозамын сүлжээний урт нь сүүлийн 10 жилийн хугацаанд 954-1136 км болж нэмэгджээ. Харин тээврийн хэрэгслийн тоо тухайн үеийнхээс 2.4 хувиар нэмэгдэж, 624.8 мянгад хүрчээ. Ингэснээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 35 км/цагаас 13 км/цаг болж буурсан бол, энэ ачаалал оргил цагийн үеэр 8-9 км/цаг хүрдгийг танилцуулав. Мөн авто тээврийн яндангаас ялгардаг хүлэмжийн хий болон хүний биед хортой бусад хий нь тээврийн хэрэгслээс ялгарах нийт бохирдлын 80-90 хувийг бүрдүүлдэг. Харин дуу чимээний бохирдлын нөлөөний хувьд зүрх судас, мэдрэл, дотоод шүүрэл, дархлааны системд сөрөг нөлөө үзүүлэгч том хүчин зүйлийн нэг болоод байгаа аж. Дуу чимээний бохирдолд ахмад настан, хүүхэд, архаг суурь өвчтэй хүмүүс өртөж байгааг ч танилцууллаа. Автозамын түгжрэлийн алдагдсан боломжийн өртгийн хувьд Монгол Улсын ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний бүтээмжийг автозамын түгжрэлд алдсаныг энэхүү танилцуулгадаа хотын орлогч Б.Одсүрэн дурдсан юм. Тодруулбал, нийслэлийн автозамын хөдөлдөөнд оролцогчдын 2021 оны цаг хугацааны алдагдсан боломжийн өртөг 1.9 их наяд төгрөг буюу ийм хэмжээний бүтээмжийг алдсан байх боломжтой гэж тооцоолсон байна. Мөн зорчигчдын хэрэглэсэн шатахуун, тээвэр логистикийн алдсан цаг хугацаа, нийтийн эрүүл мэндэд учруулж буй хохирол бас нэмэгдэх юм.
Шинэ тойрог зам болон багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг
нэвтрүүлэх төслийг дэмжлээ
Харин Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ төрлийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл”-ийг танилцууллаа. 31 буудал бүхий 49.4 км урттай, үндсэн гурван чиглэлтэй энэхүү төслийг 2022-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Төслийн нэгдүгээр шат болох 18.1 км урттай, 15 буудал бүхий шугамыг 2024 он хүртэл барьж байгуулахаар төлөвлөж байна.
Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт компанийг байгуулж, төсөл хэрэгжүүлэх бөгөөд ТЭЗҮ боловсруулж, Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулсан. Төслийн бүтээн байгуулалт өрнөх үед 6000 орчим, төслийн үйл ажиллагаа жигдэрсэн үед 800 хүнийг ажлын байртай болгоно.Ингэснээр хотын түгжрэлийг 50 хувиар бууруулах зорилт 25 хувьтай хэрэгжинэ гэдгийг тэрбээр тодотголоо. Улаанбаатар хотын шинэ тойрог замын сүлжээг бий болгох төслийн хувьд хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан хойд хэвтээ тэнхлэгийн авто зам нь “Туулын хурдны зам”-тай холбогдоно. Ингэж хотын шинэ тойрог зам бий бий болсноор нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ хэмээн тооцож байгаа юм. “Шинэ тойрог зам” төслийг 2022-2026 онд хэрэгжүүлэх бөгөөд 71.5 км замыг хоёр үе шаттай барьж байгуулна. Төслийн нэгдүгээр шатанд Туулын эрэг дагуу 33.5 км авто зам барих юм. Эдгээр танилцуулга мэдээллийг сонссоны дараа төлөөлөгчид Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх төслүүдийг дэмжлээ.