Монгол Улс АИ-92 автобензиний 39 хоногийн нөөцтэй байна. Улсын хэмжээнд энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар нийт 141,017 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тонн, АИ-92 автобензин 51,703 тонн, АИ-95 автобензин 6,185 тонн, ДТ 71,086 тонн байна. АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46, А-80 автобензиний 58, ДТ-ний 26, онгоцны түлшний 31 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 66,107 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 2,346 тонн, АИ-92 автобензин 29,228 тонн, АИ-95 автобензин 3,557 тонн, ДТ 28,743 тонн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 31, АИ-95 автобензиний 49, ДТ-ний 26 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
МАНАЙ УЛС НЭГ ТОНН АИ-92 АВТОБЕНЗИНИЙГ 25 ХУВИАР ХЯМД БУЮУ 840 АМ.ДОЛЛАРААР АВСАН
Мөн ирэх өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэх талаар сураг байгаа ч холбогдох байгууллагаас дээрх мэдээлэлд хариу өгөөгүй юм. Харин Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хямдралтай нөхцөлөөр шатахуун худалдан авах хүсэлтийн хариу ирээгүй байгааг онцолсон. Тэрбээр “ОХУ-ын эсрэг дэлхийн улс орнуудын авч буй хориг арга хэмжээ зэргээс үүдэн газрын тосны ханш он гарсаар 80 хувиар өсөөд байна. Харин ковид эрчимтэй тархаж байсан үеэс зургаа дахин өссөн" гэлээ.
Зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт багассанаас үүдэж үнэ хэлбэлзсээр байгаа нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүндхэн тусаж байна. Тухайлбал, манай улсад нийлүүлэгдэх газрын тосны бүтээгдэхүүний хил үнэ өмнөх сараас 15-35 хувиар өсжээ.
УУХҮЯ болон "Роснефть" компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрч буй 4-6 дугаар сард манай улс нэг тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч нэг литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байна.
Энэхүү гэрээг сунгах асуудлыг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын "Роснефть" компанийн удирдлагуудад хүргүүлсэн боловч албан ёсны хариу одоогоор ирүүлээгүй байгаа юм” гэлээ.
Холбоотой мэдээ