“Дугуй цагаанд 1.9 тэрбумаар хаус хорооллын орчныг тохижуулж байна”

Хуучирсан мэдээ: 2022.07.03-нд нийтлэгдсэн

“Дугуй цагаанд 1.9 тэрбумаар хаус хорооллын орчныг тохижуулж байна”

“Дугуй цагаанд 1.9 тэрбумаар хаус хорооллын орчныг тохижуулж байна”

Дугуй цагаан орчмын амралтын газрыг өнгөрсөн тавдугаар сард нураасан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Дархан цаазат Богдхан уулын Зайсангийн амд байсан шавар гэрүүдийг чөлөөлж тус талбайд иргэдийн ая тухтай амралтад зориулж, тохижуулахаар төлөвлөөд буй. Тодруулбал, 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт бүхий эко задгай театр, тоглоомын талбай, сүүдрэвч зэргийг дугуй цагаанд хийж тохижуулахаар ажлаа эхлүүлээд байгаа юм. Гэвч энэ бүтээн байгуулалт үргүй зардал өндрөөс гадна экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна  гэдгийг мэргэжлийн хүмүүс цахим хуудастаа илэрхийлжээ. Энэ талаар архитектор С.Одхүүтэй ярилцлаа.

-Богдхан уулын байгаль экологийн тэнцвэрт байдлыг зориудаар алдагдуулах  оролдлого хийж байна гэж та хэллээ. Тайлбарлахгүй юу?

-Нийслэлийн иргэдийн агаар салхинд гардаг хамгийн ойр бүс бол Богд уул. Тэр утгаар экологийн тэнцвэрт байдал нь маш их алдагдаж байгаа. Иргэд нэгдсэн зам, жимээр явдаггүйгээс эхлээд байгальд олон янзаар сөрөг нөлөө үзүүлж байна. Үүнээс болж тухайн бүсэд ургасан моднуудын үндэс нь сугарч, үхэх аюултай болсон. Тэгэхлээр шийдвэрлэх ёстой эхний асуудал бол обьект чөлөөлсөн газарт эко театр барихаас илүү нөхөн сэргээлт ойн санг тэлэх унаган төрхөөр нь ашиглаж хамгаалах юм.

Архитектор төлөвлөгөө гэдэг нийгэм, эдийн засаг, байгаль орчны судалгаан дээр үндэслэж төлөвлөгөөг гаргадаг. Гэтэл дугуй цагаан орчмын газар чөлөөлсөн бүсэд ямар ч төлөвлөлтгүй ажил хийх гэж байгааг эсэргүүцэж байна.

Зайсангийн амд хийгдэх 1.9 тэрбум төгрөгийн тохижилт бүтээн байгуулалтын талаар сонирхож үзэхэд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай хийхээр тусгажээ. Энэ нь тухайн байршилд ч, экологийн нөхцөлд ч тохирохгүй. Уг бүтээн байгуулалтыг иргэн хүний хувьд эсэргүүцэж байна. Учир нь Богд уул руу иргэд хотын дуу чимээнээс холдож, байгалийн чимээ сонсож, байгальтай харьцах гэж ихэвчлэн амралтын өдрүүдэд очдог. Мөн маш их хөрөнгөөр зөвхөн иргэдэд биш тухайн бүсэд зарагдаж байгаа хаус хороололд ашигтай тохьжолт хийж байгаад дургуй хүрч байна.

-Одоогоор зураг төсөл, бүтээн байгуулалтын тодорхой төлөвлөлт гараагүй байна. Таны бодлоор дугуй цагаан орчмыг хэрхэн тохижуулбал тохиромжтой вэ? 

-Иргэдийн татварын мөнгийг үр ашиггүй дураараа үрмээргүй байна. Угтаа задгай театр, тоглоомын талбайг уулын аманд бус алслагдсан гэр хорооллын захад байгуулбал олон хүүхэд залуус баярлана. Иргэд ууланд алхаж агаарлах гэж байгаа болохоос театр зорьж очихгүй. Тиймээс задгай театр тэр бүр ашиглагдахгүй учраас алхах гэж байгаа хүмүүс болон театр, хөгжим ашиглах гэсэн хүмүүсийн хооронд зорчил гарна. Өөрөөр хэлбэл, нийгэм эдийн засгийн хувьд үр ашиггүй, хөрөнгө бий болно гэсэн үг. Богдхан уул улсын тусгай хамгаалалттай газар. Тиймээс хамгаалалтын дэглэм гэж бий. Ойн зэрлэг амьтдыг үргээх, чанга дуу чимээ гаргах ямар нэгэн үйл ажиллагааг хориглодог. Тухайн байршилд тохирсон онцлог консепт буюу шийдэлгүй байна.

Тохижилтын тухайд хүүхдийн тоглоомын талбай байгуулахад тухайн бүс зохимжгүй байршил. Бямба, Ням гаригаас бусад өдөр хүүхдийн талбай эзэнгүй байна.

Дүнжингарав захын ойролцоох Үндэсны цэцэрлэгт хүрээлэн шиг бүх төрлийн зугаалгийн талбар багтаасан шийдэл байгаа бол бүр хэрэггүй. Иргэд тоглоомын талбайг зорихоос илүү ойн цэвэр агаар, байгальтай ойртуулах гэж хүүхдүүдээ дагуулж очдог  зорилтот байршил. Тэгэхлээр тохижилт дээр холбогдох мэргэжилтнүүд анхаарах шаардлагатай.  Тухайлбал, ойн санг тэлэх Богдхан уулын үндсэн төрх болох ойн зэрлэг амьтдыг буцаан нутагшуулах, нөхөн сэргээж, хамгаалж өвлүүлэх ёстой. Богдхан уул Туул голын сав газарт багтдаг учраас уулаас бууж ирэх Туул голын ус, бороо, цасны усыг ашиглаж нуурмаг, цөөрөм үүсгэх хэрэгтэй. Тэгвэл усаа дагаад зэрлэг амьтад, усны шувууд ирэх нөхцөл бүрдэж хүүхэд залууст илүү сонирхолтой газар болно. Ойн хүрээлэн байх ёстой.

Өөрөөр хэлбэл байгалийн бэлэн нөөцийг ашиглах хэрэгтэй.  Сандал, ширээ сүүдрэвчээр дүүргэх ч шаардлагагүй.

Тусгай сортын  зүлгэн ногоон талбай бэлдээд өгвөл иргэд өөрсдөө сандал, дэвсгэрээ авч очоод ч амарна.  Ер нь Богд уулын бүх устай амуудад нуурмаг, цөөрөм үүсгэж усыг нөөцөлбөл хаврын хуурайшилтай голын ус татарсан үед зэрлэг амьтдын усны хэрэгцээг хангах бөгөөд Байгалын олон талт янз байдал баяжна. Мөн ойн түймрээс сэргийлнэ. Тэгэхлээр миний хэлэх санаа бол байгалийн онцлог, нөөцийг ашиглах хэрэгтэй.

-Тэгэхлээр Богд уулын бүх амыг иргэдэд нээлттэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж үлдээх хэрэгтэй гэсэн үг үү?

-Өнөөдөр Богдхан уулын 40 амыг бүгдийг нь зарчихсан. Гэхдээ би тэр бүх амыг чөлөөлж өг гээгүй. Ганцхан Зайсангийн амын 56 га хэсэг газрыг бүрэн чөлөөлж, нийслэлийн 1.6 сая гаруй иргэдэд байгалийн цогцолбор газар амрах орчныг бүрдүүлж тэгш хуваарилмаар байна. Хүмүүс ууланд очихдоо айлын байшингийн үүдэнд очдог биш. Бид үүнийг шаардах ёстой. Тохиролцоод нүүлгэж чадахгүй байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгөөс нь онцгой татвар авах ёстой. Өөрсдөө нүүгээд явтал өндөр татвар авдаг байх бодлогыг ч тогтоох хэрэгтэй.

Мөн зориулалтын бус байшин барьсан хүмүүсийг дархан цаазат хамгаалалтын бүсээс нь гаргаж байгаад баригдсан хаус хорооллуудын төслийн эздээс одоо хийж байгаа бүтээн байгуулалтын төлбөрийг гаргуулах ёстой. Үгүй бол 1.9 тэрбумын төсөв буюу бидний мөнгөөр гадна орчныг нь тохижуулж өгч хаус хорооллын төслийн эздийг дэмжиж, үнэ цэнийг нь өсгөж байна.

-Та өөрийн саналаа холбогдох хүмүүст хүргүүлсэн үү? 

-Шавар гэрүүдийг буулгахаас өмнө Хүргүүлсэн. Хотын даргын иргэдтэй уулзах ажлын албаны хүмүүст хандсан. Дээрх асуудлаар БОАЖЯ-тай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэтэл өнөөг хүртэл хариу өгөөгүй.

“Богд Хан” уул нь ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд 1997 онд бүртгэгдсэн. Богд Хан уул нь  Улаанбаатар хотын төвөөс 4-5 км зайтай оршдог ба XII зууны үеэс дархлан хамгаалсан ариун шүтлэгтэй, Монголын хамгийн анхны Дархан Цаазат газар юм. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж