"Рио Тинто"ба Д.Эрдэнэбилэгийн ил захидал Л.Оюун-Эрдэнийн бодлого!

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

"Рио Тинто"ба Д.Эрдэнэбилэгийн ил захидал Л.Оюун-Эрдэнийн бодлого!

"Рио Тинто"ба Д.Эрдэнэбилэгийн ил захидал Л.Оюун-Эрдэнийн бодлого!

Сахал хочит Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хандаж ил захидал илгээжээ. Тэрбээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Эрдэнэт” болон “Монросцветмет”-ийн 49 хувийн хувьцаа, “Хөтөлийн цемент шохой”-н үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, улсад төлсөн татвар хураамж бүгдийг онцлоод, цаашдаа “….эдийн засгийн хөгжил дэвшил, үндэсний аж үйлдвэржилт болон Шинэ сэргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүх талаар хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлээд” ил захидлаа төгсгөжээ. Эндээс харвал Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ойлголцохыг, Засгийн газартай хэлэлцээ хийхийг хүсч байгаа бололтой.

Өнгөрөгч нэгдүгээр сард Хөгжлийн банкнаас нийтдээ 1.6 их наяд бүхий зээл чанаргүй болсныг, Монгол Улс дефолт зарлах дээрээ тулчхаад байгааг мэдээлсэн. Нийгэмд бүүм тарьсан Хөгжлийн банкийг тонож идсэн асуудлаар нийтийн хэлэлцүүлэг, нээлттэй сонсгол зохион байгуулж, Ерөнхий сайдын зүгээс хууль хяналтынхны тусламжтайгаар энэхүү хулгай, луйварт цэг тавихаа амлаж байв.

Түүнээс хойшхи таван сарын хугацаанд Хөгжлийн банкнаас гаргасан чанаргүй зээлээс нийтдээ 485 тэрбум төлөгдсөн болохыг, “Кью Эс Си” компани 191.1 тэрбум төгрөгийн өрөө бүрэн барагдуулсныг  өнөөдөр Сангийн сайд мэдээлэв.

Одоо  Женкогийн зөвлөх Ц.Ууганбаярын "Нью Яармаг Хаусинг прожект" компанийн Хөгжлийн банкнаас зээлсэн 117.9 тэрбум төгрөгийн өрийг төлүүлчих юм бол Хөгжлийн банкны асуудал уг нь цэгцэрчих гээд л байна.

Зургаан жилийн турш шүүх цагдаадаа тулсан, Хөгжлийн банкны хамгийн том чанаргүй зээлдэгчийн нэг “Кью Эс Си” нь зээлээ төлөөд зогсохгүй,  Д.Эрдэнэбилэгийн зүгээс “Кью Эс Си”-гийн өрөө бүрэн төлж барагдуулсан, “Хөтөлийн цемент шохой”-н үйлдвэрийг Засгийн газрын шийдвэрээр төрд буцаан авсанд эсэргүүцэх зүйлгүй, цаашид “Шинэ сэргэлт”-ийн бодлого дээр чинь хамтарч ажиллая аа гэж.

Харин “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар Д.Эрдэнэбилэг, Засгийн газар хоёр хэлэлцээ хийхээр болжээ. Мэдээж, “Эрдэнэт” зуун хувь Монголын өмч болно гэдэг эдийн засгийн түүхэн үйл явдал мөн үү гэвэл мөн.

Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод хоёр том асуудлыг барьж, шийдвэрлэж чадлаа. Нэг нь Хөгжлийн банкийг тоносон асуудал. Нөгөө нь Оюутолгойн маргаан.

Өнгөрсөн оны сүүлээр “Рио Тинто”-гийн удирдлагуудаас Ерөнхий сайдад хандаж мөн л их захидал илгээж, “Оюутолгой төслөөс Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байгаа”-гаа зарлаж байлаа. Түүнчлэн 2015 онд баталсан далд уурхайн санхүүжилт буюу Дубайн төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөр тооцож цуцалж буйг, гүний уурхайг 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаа, энэ хүртэл зардлыг хөрөнгө оруулагчийн тал 100 хувь хариуцахаа ил захидалдаа онцолсон байсан.

Энэ мэт олон жилийн ужиг маргаан, хэрүүл талцал хийж явсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эхнээсээ буулт хийх болсон. Үндсэндээ, Монголын Засгийн газартай ойлголцъё, хамтарч ажиллая гэж байна. Хуулиа дагасных уу, хууль, шүүхийнхнээс айсных уу, бүү мэд.

Одоо, Л.Оюун-Эрдэнэ амалсан ёсоороо  нүүрсний далд бизнесийн цэцэглүүлсэн бүлэглэлтэй манай, танай гэж ялгалгүй тэмцэх хэрэгтэй байна. Гашуунсухайтын боомтоор бүртгэлгүй 1000 тонн нүүрс гарсан гэх мэдээлэл цацагдаад байна. Үүнийг бас эцэслэх ёстой.  Ингэж чадах юм бол Засгийн газар жинхэнээсээ задарснаа засаглаж чадна гэсэн үг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж