"КЬЮ ЭС СИ” КОМПАНИ ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛЖ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН АКТИВ БУУРАВ
Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгчийн нэг нь “Кью Эс Си” ХХК. Тус компанийн хувьд зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй, хамгийн их чирэгдэл учруулсан. Түүх сөхөж үзвэл, 2014 онд Төмөртэйн ордоос Баянголын төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар 71.3 сая ам.долларын зээл авсан байдаг юм. Гэвч зээлийн эргэн төлөлтөө 2018 оны 6 дугаар сараас эхлэн тасалдуулж, төлбөрийн зөрчил нь 3.8 жилийн өмнөөс бий болжээ. Энэ үеэс эхлэн чанаргүй зээлд тооцогдож, Хөгжлийн банкны ашигт ажиллагаанд сөргөөр шууд нөлөөлөх болсон байна.
Тэгвэл Хөгжлийн банкны зүгээс энэ оны 1 дүгээр сарын 20-нд чанаргүй зээлдэгчдийн мэдээллийг ил тод зарлаж, үүний дотор том зээлдэгч “Кью Эс Си” ХХК байв. Тус компанийн зээлийн асуудал шүүх дээр хүртэл өрнөж, эцсийн мөчид Хөгжлийн банк зээлээ төлүүлж авлаа. Удаан хугацааны турш зээлээ төлөхгүй, хариуцлагаас зугтсан “Кью Эс Си” компани бэлэн мөнгөөр зээлийн төлбөрөө барагдуулж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн актив буурч байна.
Засгийн газар, Хөгжлийн банк, АТГ Прокурорын байгууллага, Хэвлэл мэдээлэл, Олон нийтийн шахалт, шаардлага, шалгалтын үр дүнд чанаргүй зээлүүд эхнээсээ төлөгдөж, гэрээний эрх үүргийг хангуулж эхэллээ.
“Кью Эс Си” компанийн хувьд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөх, уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан ч найман жилийн хугацаа өнгөрөхөд төслөө бүрэн хэрэгжүүлээгүй, үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсон, цаашид төсөл хэрэгжүүлэх боломжгүй болох нь тогтоогдсон юм. Эргэн сануулахад, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга "сахал" хочтой Д.Эрдэнэбилэгийг хууль хүчний байгууллага саатуулах үеэр тус банкны Гүйцэтгэх захирал О.Орхон “Кью Эс Си” компанийн өрийг барагдуулах саналыг Ерөнхий сайд руу хүртэл хүргүүлж байсан билээ.
Холбоотой мэдээ