Парламентын босго даваагүй Хөрөнгө оруулалтын банкны тухай “сэвээ”

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Парламентын босго даваагүй Хөрөнгө оруулалтын банкны тухай “сэвээ”

Парламентын босго даваагүй Хөрөнгө оруулалтын банкны тухай “сэвээ”

Зарим иргэд цахимаар ямар нэгэн сэдвээр “сэвээд” эхэлбэл эрх баригчид тухайн чиглэлээр "том" алхам хийх нь бараг тодорхой болдог жишиг тогтоод удаж буй. Олон нийтийн сүлжээгээр сүүлийн үед “Засгийн газар тодорхой газрыг барьцаанд тавьж, гаднаас их хэмжээний зээл авах нь” гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ нь явсаар өмнөх парламентын босго даваагүй Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөлтэй холбоотой “сэвээ” байж болохыг учир мэдэх хүмүүс үгүйсгэсэнгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн Мягмар гаригийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг багтсан. Энэхүү хуулийн төслийг 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Б.Ундармаа нарын 18 гишүүн санаачлан, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдод өргөн мэдүүлж байв.

Хууль санаачлагчид Монгол Улстай ижил төстэй, харьцангуй жижиг, нээлттэй эдийн засаг бүхий улс орнуудын хувьд дотоодын зах зээлдээ гадаадын банк нэвтрүүлэх нь санхүүгийн салбарын интерацид нэгдэх, цаашлаад банк санхүүгийн салбарын хөгжлийг хурдасгахад онцгой ач холбогдолтойг онцолж байсан. Мөн тэд хуулийн төсөл батлагдсанаар, богино хугацаанд дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлж, валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн эерэг үр дагаврууд бий болно гэж тайлбарлаж байв.

УИХ-ын гишүүн, тухайн үеийн Сангийн дэд сайд Б.Булгантуяа энэ хуулийн төслийн талаар хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын банк орж ирнэ гэдэг гаднын банк орж ирнэ гэсэн үг. Энэ тохиолдолд томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийн эзэмшлийн уул уурхайн ордын лицензийг барьцаанд тавьж, зээл авахыг үгүйсгэхгүй. Хэрвээ зээлээ төлж чадахгүй бол Монгол Улсын газар нутаг харийн мэдэлд очих эрсдэлтэй. Энэ бүхнийг тооцоолж, хуулинд нарийн зохицуулалт тусгах шаардлагатай.

Монголын томоохон ордууд, газар нутгууд барьцаанд тавигдчих вий, дээрээс нь банк, санхүүгийн салбарыг эрсдэлд оруулчих вий.

Хамгийн чанартай, хамгийн сайн бизнесүүд гадаадын хөрөнгө оруулалттай банк руу очоод, зөвхөн иргэд л Монголын банкаар үйлчлүүлдэг болчихвол манай банк, санхүүгийн байгууллагууд нэлээн хүндрэлтэй нүүр тулна. Хөрөнгийн биржээр дамжуулж хөрөнгө босгох ажиллагаа буурчих вий” гэж хэлж байв.

"ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ӨРСӨЛДӨӨН НЭМЭГДЭЖ, ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХ БОЛОМЖ"

Зарим шинжээч, эдийн засагчид дотоодын банкууд зөвхөн хэрэглээний зээлүүдээ олгоод явбал зээлийн хүү буурах боломжтойг хэлээд, Хөрөнгө оруулалтын банк байгуулахдаа манай улс шиг жижиг эдийн засагтай орны хувьд болгоомж илүүдэхгүйг анхааруулж буй юм.

Хуулийн төсөлд “Хөрөнгө оруулалтын банк нь томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулан урт хугацааны зээл олгох, зээлдэгчийн харилцах данстай холбоотой гадаад, дотоод төлбөр тооцоо хийх, өөрийн нэрийн өмнөөс зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах, зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах, харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ эрхлэх зэргийг зөвшөөрөхөөр заажээ.

Хуульд зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэх, хараат болон охин компани байгуулахыг хориглосон заалт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулах зорилгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулах банкууд хуулийн төсөлд заасан үйл ажиллагаа явуулах хязгаарлалтын дагуу дотоодын зах зээлд хөрөнгө оруулалтын чиглэлээс бусад хэлбэрээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Иргэдийн хадгаламж, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй харилцах байдлаар санхүүгийн эх үүсвэр татах боломжгүй байх зохицуулалтыг санал болгожээ.

“Хөрөнгө оруулалтын банкны дүрмийн сангийн доод хэмжээ 500 тэрбум төгрөгөөс доошгүй”, харин “хөрөнгө оруулалтын банкнаас олгох зээл, баталгаа, батлан даалтын хэмжээ 100 тэрбум төгрөгөөс доошгүй” байна гэж хуулийн төсөлд заасан байна.

Тус хуулийн төслийн танилцуулгад “Монгол Улсад одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж буй нийт 14 банкнаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай байгаа бол эдгээрээс 3 банк гадаад банкны хувьцаа эзэмшигчтэй байна” гэж дурдсан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсан тохиолдолд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэх эрх зүйн орчныг бүрдүүлж, томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг нээж өгөх аж. Анх төсөл өргөн барьж байх үед эдийн засгийн хүндрэлтэй байдлууд бий болж, зээлжих зэрэглэл буурсан хэдий ч Монгол Улсад үйл ажиллагаа явуулах хүсэлтэйгээ илэрхийлсэн таван банк байжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд:

  • Шинэ технологи нэвтрэх. Хөгжиж буй улс орнуудын банкны гадаадын хөрөнгө оруулалт (ГХО) нэмэгдэх нь хүмүүн капитал, шинэ технологийг зах зээлд нэвтрүүлж, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлнэ;
  • Зах зээл дэх өрсөлдөөн нэмэгдэх. ГХО-тай банк нэмэгдэх нь банкны системийн өрсөлдөөнийг нэмэгдүүлж, улмаар банкны бүтээмж өсч, зээлийн хүү буурна;
  • Зээл хуваарилалтын үр ашиг нэмэгдэх. ГХО-тай банк зах зээлд нэвтэрснээр хамаатай этгээдэд олгосон зээлийн хэмжээ буурч, зохих журмын дагуу дотоодын захад зээл олголт хийгдэнэ;
  • Дотоодын санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц үзүүлэх. ГХО-тай банк нь санхүүгийн үүсмэл хэрэгсэл, хувьцаа эргийг ашиглан үйл ажиллагаа эрхлэх туршлага дотоодын банкуудаас илүү буюу мэргэшсэн байдаг нь тэдгээрийг зах зээлд санхүүгийн шинэ бүтээгдэхүүн нэвтэрнэ;
  • Дотоодын зах зээлийн тогтвортой байдал нэмэгдэх. Урт хугацаанд дотоод, гадаадын банкуудын эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэг түвшинд хүрснээр чанаргүй зээлийн хэмжээ буурч, зээлийн багцын удирдлага сайжирна;
  • Санхүүгийн системийн дэд бүтэц сайжрах. Өндөр хөгжилтэй орнуудын банкны системийн сайн туршлага, ноу-хоу, бүртгэл, ил тод байдал, санхүүгийн зохицуулалт, зөвлөгөө өгөх чадвар дотоодын зах зээлд төлөвшинө;
  • Санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. Хэрэв гадаадын банкууд салбарууд олноор байгуулах, орчин үеийн онлайн, мобайл банкны үйлчилгээ нэвтрүүлэх тохиолдолд санхүүгийн үйлчилгээний хүртээмж сайжирна;
  • Валютын урсгалыг сайжруулах, хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэргээр богино хугацаанд эерэг нөлөөтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед хэт өндөр биш дүнтэй багцын дотогшлох урсгал нь дунд хугацаанд эерэг нөлөө үзүүлнэ гэжээ.

Монгол Улсад гадаад банк байгуулагдах, банкны үйл ажиллагаа явуулах харилцааг Банкны тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай, Компанийн тухай хууль болон Монголбанкны Банкны зөвшөөрлийн журам, Банкны нэгжийн журмаар зохицуулж буй. Монголбанкны Банкны зөвшөөрлийн журамд заасны дагуу дээрх төлөөлөгчийн газрууд нэгээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан бол банкны үйл ажиллагааг эрхлэх хүсэлтээ Монголбанк болон бусад эрх бүхий байгууллагуудад тавих эрхтэй. Үүнээс гадна Банкны нэгжийн журамд зөвхөн гадаадын банкны төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрөл олгох, татгалзах, түтгэлзүүлэх, хүчингүй болгох тухай асуудлыг журамласнаас өөрөөр гадаадын банкны талаар нарийвчилсан зохицуулалт Банкны тухай хууль тогтоомжид байхгүй аж.

Иймд гадаадын банкийг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрч, бусад үйл ажиллагааг тэр тусмаа иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлагатай гэж хууль санаачлагчид үзжээ.

ГАДААДЫН БАНК ОРУУЛАХГҮЙГЭЭР МОНГОЛЫН БАНКНЫ ОРЧИН ЭРҮҮЛЖИХГҮЙ

УИХ-ын эдийн засгийн байнгын хороо өнгөрсөн тавдугаар сард нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг хойшлуулах эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүд гадаадын банк оруулахгүйгээр Монголын банкны орчин эрүүлжихгүй. Хойд Солонгос, Монголоос өөр гадаадын банкгүй улс бараг байхгүй. Хатуу дэглэмтэй Хятад гэхэд хэчнээн олон гадаадын банктай билээ. Гадаадын банкийг оруулж ирэх бүх боломжийг ашиглах хэрэгтэй. Наад зах нь "Оюутолгой"-н олон их наядаар тоологдох борлуулалтын мөнгийг Монголоор дамжуулах зүйл заалтыг хатуу баримтлахад гадаадын банк дагаад ороод ирнэ” гэж хэлж байв.

Монголд гаднын банк орж ирснээр зээлийн хүү буурч, дотоодын банкуудын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэсэн байр суурь илэрхийлэх хүн олон. Гэвч нөгөө талаар гаднын банк орж ирэх нь монголчуудын эдийн засаг, санхүү, цаашлаад үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлнэ гэж үзэх хүн ч цөөнгүй бий юм. Учир мэдэх хүмүүс үүнийг өнөөдрийн байдлаар манай үндэсний хэмжээний банкууд том хэмжээнд өрсөлдөх чадваргүй хэвээр байгаатай холбон тайлбарлаж байна. Хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкуудын салбарууд бодлогын шинж чанартай зээл олгодог. Түүнээс гадна улс орны ажилгүйдлийн тоо нэмэгдэж, валютын ханшид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул болгоомжлох хэрэгтэйг анхааруулж байна.

Манай улс өмнө нь хууль журмын шаардлага хангасан, гадаадын Standard Chartered, ING, Bank of China, ICBC, MUFG, SMBC гэсэн зургаан банкны төлөөлөгчийн газарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ. Өнөөдрийн байдлаар Standard Chartered, ING банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаагаа зогсоож, дөрөв нь үлдсэн мэдээллийг эх сурвалж өгөв.

Аливаа улсад гаднын банк орж ирэхэд хэд хэдэн эрсдэл тулгардаг аж. Африк юм уу, бусад орны байдлыг харахад тухайн улсын банкны салбарууд өөрийн улсын компаниуд болон иргэдийн бизнесийг тэлж, өөрийн улс руу хийж буй экспортыг томруулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийн нөлөөллийг тухайн орны бүх экспорт, импорт, бизнес сүлжээгээр тэлдэг байна. Хүчтэй, хөрөнгө мөнгө ихтэй гадаадын банкны салбар бодлогын шинж чанартай зээл олгодог учир шууд “сорчлох ажиллагаа” явуулдаг. Иймд тухайн улсын санхүүжилтээр босч үйл ажиллагаа явуулж байгаа том хэмжээтэй аж ахуйн нэгжүүд дээр төвлөрч дэмжихийг чухалчилдаг аж.

Монголд өнөөдрийн байдлаар гаднын банк оруулаад ирэх бэлтгэл хангалтгүй. Хөрш улсын банкны салбар орж ирэх нь бодлогын чанартай, богино хугацаанд биш гэхэд урт хугацаанд бидэнд тийм ч таатай биш нөхцөл байдал бий болгож болзошгүйг анхаарахад илүүдэхгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж