Цөмийн аюултай ачаа ачсан, ямар нэгэн тэмдэг, тэмдэглэгээгүй цэргийн ачааны машинууд Их Британийн Ланкашир, Камбриа мужуудад харагджээ. Машинууд Шотландыг чиглэж явсан гэж “Daily star” хуудас мэдээллээ.
Шотланд явах замдаа Киркхам, Престон, Гарстанд, Ланкастер, Кендал, Пенрит, Карлайл зэрэг хотыг дайран өнгөрчээ. Зэвсэг хураах байгууллагын Цөмийн зэвсэггүйжүүлэх кампанит ажлыг хариуцдаг ажиглагчдын мэдээлснээр, энэ нь Их Британийн Тридент пуужингууд байж болзошгүй гэв.
Зэвсэг хураах байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Филипп Гиллиганы хэлснээр, цувааны давтамжууд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь ойр орчны хүмүүст нөлөөлж болзошгүй аж. Их Британи улс 50 жилийн турш цөмийн материал тээвэрлэсэн. Энэ хугацаанд зам дагуу ямар нэгэн аюул осол болж байсан тохиолдол одоогоор үгүй. Гэхдээ энэ удаад давтамж нь олон байгаа тул иргэд санаа зовж буй бололтой.
“Маш аюултай цуваанууд бидний гэр, сургууль, эмнэлгүүдийн хажуугаар цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж яваа бололтой. Болзошгүй аюулд өртөх магадлалтай байтал хүмүүст гэрийнх нь хажуугаар хэзээ өнгөрөх, ямар аюултай болох талаар мэдээлэл хангалттай өгдөггүй. Бид өөрсдийгөө болон хүүхдүүдээ альфа ялгаруулдаг плутони, ураны тоосонцроос хамгаалах хэрэгтэй. Энэ цувааг манай замаас бүрмөсөн зайлуулбал бүр л сайн байна. Бидэнд цөмийн пуужин хэрэггүй” гэж Гиллиган хэлэв.
Цөмийн материалыг зөвхөн нэн шаардлагатай үед тээвэрлэдэг бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлыг юун түрүүнд хангах ёстой байдаг аж.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ