Чуулган: Цар тахлаар 6.5 их наяд төгрөг төсвөөс гарсан

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

LiveЧуулган: Цар тахлаар 6.5 их наяд төгрөг төсвөөс гарсан

18 : 09
2022-7-1

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Засгийн газраас Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  төслийг өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэх явцад гишүүдийн саналын зөрүү гарч байна. Тиймээс МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авч байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны хамтын ажиллагааны хөтөлбөр, хууль тогтоомжийг харгалзаж бодлогын баримт бичигт Эрүүгийн хууль, зорилт арга хэмжээг тусгасан. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна. Байнгын хорооны олонх гишүүн дэмжиж чуулганы хуралдаанаар оруулахыг дэмжсэн болно.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Хуулийн төсөлтэй холбоотой асуудлууд яригдаж байна. Анхаарал татаж байгаа зүйл гэвэл мөрдөгч мэдэгдэх хуудсаар шууд дуудаж ирүүлэх асуудал. Энэ нь хүний эрхийн талаар ухралт болох вий гэх болгоомжлолыг бий болгож байна. Тиймээс ухарсан мэт ойлголт төрүүлэх зөрүү ташаа мэдээлэл дээр хэрхэн анхаарсан талаар ажлын хэсэг танилцуулна уу. Хоёрдугаарт, Улсын ерөнхий прокурор ямар байр суурьтай байгаа вэ.  Ямар улс орны жишээ баримтад тулгуурлаж энэ заалтыг оруулж ирж байна вэ. Сүүлийн хоёр парламент Эрүүгийн хуультай орооцолдож, улстөрчид ял завшсан. Бид энэ удаа үүнийг сайтар харгалзах хэрэгтэй.

Улсын ерөнхий прокурорын орлогч дарга М.Чинбат:

-Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  проукрор хэргийн оролцогчийг дуудах бүрэн эрхтэй. 12 дугаар зүйлд ч мөн тусгасан байгаа. Тиймээс энэ хуулийн заалт бол хүний эрхээс ухарч байгаа зүйл биш.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:

-Цагдаагийн байгууллагаас  24 мянган хүнийг дуудан ирүүлсэн бол   прокурорын байгууллага он гарснаас хойш 10 мянга гаруй хүнийг дуудан ирүүлж байгаа статистик  бий. Энэ асуудалд нэг талаар хохирогчийн эрх яригдана. Тиймээс албадан ирүүлэх тухайд дур зоргоор хандах асуудал байхгүй. Зарим тохиолдолд мөрдөн шалгахад ажилд зайлшгүй шаардлагатай заалтууд дутагдаж байгаа. Бид гадаад улс орны жишээг ч судалсан. Тухайлбал, Франц, Герман улсын жишээ бий. Цаашид хүний эрхийг зөрчихгүй байх талаар хэлэлцүүлгийн шатанд анхаараад явна.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Цахимаар гэмт хэргийн талаар мэдээлэл авна гэлээ. Дэлгэцийн цаана хэнийг яаж ч дарамталж байж болно. Ийм утгагүй заалт оруулах шаардлагагүй. Энэ заалт бол хүнийг хэлсээр яллаж байгаатай адил. Тиймээс миний хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байна.

16 : 27
2022-7-1

Хятадаас их хэмжээний зээл авна гэдэг ташаа мэдээлэл

НЭМЭЛТ

УИХ-ын гишүүн Ё.Баатбилэг:

-Бүтээн байгуулалтын тухайд төсөвт өртгийг хэрхэн тусгаж байна. Мөн энэ жил эхлэх ёстой төсөл хөтөлбөрүүд гацаад байгаа. Өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг үргэлжүүлж байгаа аж ахуй нэгжүүдэд санхүүг нь яаралтай шилжүүлэх зохицуулалт хийх хэрэгтэй байна. Мөн ирэх наймдугаар сард орон нутгийн санал авна. Тухайн үед бүтээн байгуулалтуудын төсөв санхүүг шийдэж өгсөн байх хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021, 2022 онд үргэлжилж байгаа ажлууд дээр магадлан хийгээгүй байгаа. Ямартай ч магадлангийн ажил хийгдээд явж байна. Covid-19-ийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Тиймээс бүтээн байгуулалт дээр хяналтуудыг чангатгана. Сая мөн тодотгол хийхдээ гэрээ хийх асуудлыг тусгаж өөрчилсөн. Одоо бол гэрээгээ хийсэн ч ажлаа үргэлжлүүлэхгүй байгаа асуудлыг авч хэлэлцэнэ.

Цахим мэдээллийн хэрэгслээр нэг асуудал яригдаж, ташаа мэдээлэл түгээж байгааг хэлэхгүй бол болохгүй. Наадмын үеэр иргэдийг амарч байх хугацаанд Хятадаас их хэмжээний өр зээл авах гэж байна гэх мэдээлэл. Энэ бол 100 хувь ташаа мэдээлэл гэдгийг анхааруулж байна. Гадаадын өр зээлийн тухайд холбогдох шийдвэрүүдийг гаргаад явж байгаа.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо:

-Одоогийн байдлаар улсын төсвөөр хэрэгжиж байгаа 1100 гаруй бүтээн байгуулалт байна. Тухайн барилгын ажлууд дээр барилгын материалын хомсдол, ажиллах хүчний нөөцийн асуудал үүсээд байгаа. Ямартай ч асуудлыг шийдвэрлэж ажиллах хүрээнд хичээж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Бүтээн байгуулалтын тухайд төсөв санхүүг хэрхэн тусгаж өгөхөөр төлөвлөж байна. Өнөө, маргаашдаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Мөн эрчим хүч, дэд бүтцийн асуудал хөндөгдөх байх.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Бид Дэлхийн банкинд олон удаа хүсэлт өгсөн. Тодруулбал, үнийн хөөрөгдлөөс шалтгаалж бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд заавал нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон. Хэрэв энэ санхүүжилтийг шийдвэрлэж өгөхгүй бол нийт төслүүдийн 60 гаруй хувь нь зогсох эрсдэлтэй байна.

Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Э.Золбоо:

-Салбар яамнаас барилгын салбарт үүсээд байгаа хүндрэлтэй асуудлыг судалж цаг алдалгүй шийдвэрлэхийг хичээж байна. Тухайлбал, цементийн хомсдол үүссэн. Сард 300 мянган тонн цемент үйлдвэрлэх чадалтай үйлдвэрүүд бий. Энэ жил яагаад хомсдол үүсч байна гэхээр нийт дөрвөн үйлдвэрийн нэг нь үйл ажиллагааг зогсоосон. Тэгэхлээр нөөцийн хомсдол үүсэх асуудал гарч байна.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Төсвийн тухай дүгнэлтүүдийг аудитын газраас дүгнэлт хийсэн байна. Эрдэнэс таван толгой төмөр зам, нефтийн хоолой, Оюутолгойгоос иргэдэд тараасан мөнгөн тусламж зэргийг тооцож үзвэл 3-4 их наяд болно. Үүнийг төсвийн гадуур явж байгаа гэж үзэж байгаа бол дүгнэлт хийх ёстой юу? Хоёрдугаарт, цар тахлын хугацаанд хэрэгжсэнм 10 их наядын хөтөлбөрийн хэрэгжилтийг хэрхэн харж байгаа талаар тоо баримттай хариулт өгөхийг хүсч байна.

Аудитын ерөнхий газар, ажлын хэсгийн төлөөлөгч:

-Covid-19-тэй холбоотой 6.5 их наяд төгрөг төсвөөс гарсан. 2020-2021 онд цар тахалд зарцуулсан төсвийн дүнд аудит хийгээд явж байна. Эрдэнэс таван толгой төмөр зам, нефтийн хоолой, Оюутолгойгоос иргэдэд тараасан мөнгөн тусламж зэрэгт Сангийн яамнаас тодорхой хариулт өгөх болно.

 

15 : 01
2022-7-1

"Covid-19"-тэй холбоотой 6.5 их наяд төгрөг төсвөөс гарсан

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Засгийн газрын  2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж буй юм. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Монголын эдийн засгийн хэмжээ жижиг. 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1.3, инфляци 13.4, импорт 6.4, валютын нөөц 4.3 тэрбум төгрөг, орлого 14.3, зарлага 15.6 их наяд байжээ. Эдгээрээс харахад улс орны амьдралд томоохон өөрчлөлт гарсангүй. Уул уурхайд түшиглэсэн эдийн засаг богино хугацаанд үр ашгаа өгдөг. Гэвч тодорхой зохицуулалтыг хийх ёстой. Мөн хүний хөгжилд уул уурхайтай тэнцэх ач холбогдол өгөх хэрэгтэй. Баялгийн хараалд Монгол Улс бид өртсөн гэж би боддог.

Уул уурхайгаас олох орлого бага байна. Нийт экспортод гаргаж бүтээгдэхүүний 10 хувь нь улсын төсөвт ордог.

Тиймээс хойч үедээ бид өв биш өр үлдээж байна. Ер нь цаашид 2021 оны төсөвт тулгуурлан орлогыг хэрхэн өсгөхөөр харж байгаа вэ? Хөгжлийн зардал их өндөр төсөвлөж байгаа нь эрсдэлтэй биш үү?

Сангийн сайд Б.Жавхлан:

-2021 оны орлого төлөвлөлтийг бид цар тахлаас шалтгаалан баталж байсан. Эхний хагас жилийн байдлаар төсвийн орлого төлөвлөлт харьцангуй боломжийн байна. Тэгэхлээр энэ оны орлогыг төлөвлөхдөө хэт өндөр байна гэж хэлж байсан ч одоогоор гүйцэтгэл сайн байна. Ямар ч байсан 2022 онд орлогын төсвийг бууруулахгүй гэж хичээж ажиллах болно. Мэдээж эрсдэлтэй талууд байгаа учраас 2021 оноос буулгахгүй. Цаашид төсвийг илүү чанартай болгоход анхаарна. Мөн реформын шинжтэй хуультай уялдуулж тодорхой, үр өгөөжийг харсан сайн төсвүүдийг батлах болно.

Төсвийн шинэчлэлт гэдэг анхаарах асуудал мөн. 2021 оны төсөв дээр бид зорьж, эдийн засгийн суурийг тэлсэн. Тэгэхлээр ирэх жилүүдэд хот байгуулалт, дэд бүтэц зэрэгт анхаарч ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Төсвийн алдагдал өнгөрсөн онд бараг гурван их наяд болсон. Тэгэхлээр алдагдалгүй яаж ажиллаж, ямар бодлого боловсруулах талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Мөн зээл санхүүжилт дээр ханшийн зөрүү зэрэг тодорхойгүй асуудал их байна. Цаашид яавал төсвийн орлогыг үр дүнтэй болгож, гадаадаас авч байгаа зээлийг хэрхэн үр ашигтай болгох талд онцгой анхаарах хэрэгтэй. Ард иргэдийн амьжиргааны түвшин өдөр ирэх бүрд доройтож байна. Тиймээс Хөгжлийн яам энэ асуудалд төвлөрөх чухал.

Төсвийн гүйцэтгэл дээр Хөгжлийн яам бодлого гаргаж, төлөвлөх шаардлагатай. Гүйцэтгэл дээр дүгнэлт гаргаж, бодлого гаргах хэрэгтэй. Атал өнөөдөр бүх зүйл дээр Сангийн яамны бодлого л яваад байх юм.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Монгол Улсын төсөв 2019 оныг хүртэл өрийн тогтвортой байдлыг хангах хүрээнд амжилттай ажиллаж байсан. Гэвч цар тахал гарч тодорхойгүй зардлаас шалтгаалж алдагдал өссөн. Мэдээж Засгийн газар шуурхай ажиллаж, бодлого төлөвлөлт хийсэн. Эрүүл мэндийн салбар болоод бусад салбар руу их хэмжээний төсөв шилжүүлсэн. Нийгмийн чиглэлийн халамжуудыг хүртэл танасан. Гэсэн хэдий ч давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж зардал өссөн байгаа. Аль болох алдагдлыг бууруулах, багасгах тал дээр анхаарч ажиллана.

Мөн концессын гэрээний өр, хугацаа хэтэрсэн төлөлтийг ойрын хугацаанд төлөхөөс өөр аргагүй байгаа. Зардал гаргадаггүй бүтээн байгуулалтад мөн анхаарна. Ингэж чадах эсэх нь улстөрчдөөс хамаарна.

Тухайлбал, сургууль цэцэрлэг, соёлын байгууламжууд урсгал зардлын дийлэнх хувийг эзэлдэг. Тэгэхлээр эдгээрийг бус дэд бүтцэд анхаарах нь чухал.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Барилга хот байгуулалтын яамнаас сайд нар нь чуулганд оролцмоор байна. Нийслэлийн гэр хороололд нийт иргэдийн 70 гаруй хувь нь амьдарч байна. Тиймээс дэд бүтцийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй. Дахин төлөвлөлтөд тусгасан бүх санхүүг хязгаарлаж татсан гэсэн. Ажлууд нь эхэлсэн төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол угсралт, дэд бүтэц нь хийгдээд байхад их хэмжээний мөнгө булшлаад орхисон. Хан-Уул дүүрэгт өдөр бүр шинэ байшин босч байна. Тэгэхлээр асуудалд анхаарлаа хандуулахыг БХБЯ, Сангийн сайдаас хүсч байна. Гадаадын зээ тусламжаар хэрэгжиж байгаад гацсан ажлуудыг үргэлжлүүлэх үү?

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-Нийт 25 байршилд 74 хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлт хийж байгаа. Инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажлууд үргэлжилнэ. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах хүрээнд Буян-Ухаагийн цаана Залуус хорооллыг барих зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүнээс гадна гэр хорооллын төлөвлөлт дээр онцгой анхаарах болно.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төсвийн алдагдал их байгаа энэ үед реформ хийх зайлшгүй шаардлагатай. Аудитын дүгнэлт төсөв хуульд нийцэж байгаа гээд байдаг. Бодит нөхцөл байдлыг бүгд мэдэж байгаа. Тиймээс төсвийн шалгуур үзүүлэлтийг  сэргээх хэрэгтэй. Төсвийн тухай хуулиа л хэрэгжүүлээд эхэлчихвэл болно. Мөн ирэх оны төсвийг оруулж ирэхдээ алдагдалгүй байхаар тооцоолох шаардлага үүсч байна. УИХ хүнд цаг үед өнгөрсөн алдаагаа засах боломжтой. Гадаад өр зээлээ илүү ихээр төлөх боломжтой.

Сангийн сайд Б.Жавхлан:

-Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж тусгай шаардлагын хэрэгжих хугацааг хойшлуулаад байсан. Харин одоо шат дараатайгаар төсвийн алдагдлыг бууруулах боломжтой. Халамжийг хавтгайруулах биш эрүүл болгох дээр мөн анхаарч зорьж ажиллана. Мөн бид төрийн үйлчилгээний ямар ч ажлыг аргацааж болохгүй. Нийгэмд  үзүүлэх үйлчилгээг огт тасалдуулахгүй хүргэх ёстой. Тиймээс бүтцэд анхаарч төсөв сангхүүг тусгаж өгнө.

 

 

 

 

13 : 03
2022-7-1

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг дэмжлээ

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Зөвшөөрлийн хуулийн ажлын хэсэгт ажиллаж байхад нэр томъёог олон янзаар хэрэглэж байна. Эцэст нь даргын үүд сахисан хүн л зөвшөөрөл авдаг жишиг тогтлоо. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу. Мөн мөнгөн зээлийг зохицуулах тухай хуулийн төсөлд орсон нэршлийг тодорхой тайлбарлавал. Бүртгэл нэрээр хууль баталсны дараа санал оруулж байгаа нь утгагүй. Зарчим байх ёстой шүү.

ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

-Зөвшөөрлийн тухай хуультай зэрэгцсэн эсэх асуудлыг мөн судалж, хэлэлцүүлэх боломжтой. Ломбардууд маш өндөр хүү тогтоож байна. Тиймээс харилцааны хувьд цэгцлэх зайлшгүй шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн дарамтад орж, хууль бус үйл ажиллагаа явуулах эсэхийг хянана. Бусад шаардлагатай заалтуудыг мөн өөрчлөх боломжтой.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэж зарим хэсэгт шинэчлэлт хийх саналыг 56.1 хувийн саналаар мөн дэмжиж УИХ-ын чуулган түр завсарлалаа.

11 : 02
2022-7-1

Засгийн газрын өр 26 их наядын өртэй

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-УИХ-ын дэгийн тухай хуульд дараалал өөрчлөлт үүсгэх горимын саналыг гаргаж байна. Өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн мэдүүлсэн хуулийн төсөл дээр асуудлыг хэлэлцүүлж өгөх горимын саналыг гаргаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Миний бие Үндсэн хууль зөрчсөн асуудлаар Цэцэд хандсан. Өнгөрсөн зургадугаар сарын 27-нд Үндсэн хуулийн Цэц иргэдийн сонгох эрхэнд халдсан шийдвэр гаргасан. Ингэснээр төрийн эрх намын гарт шилжиж байна. 2016 онд Цэцээс холимог тогтолцоог сонгуульд хэрэглэж болохгүй гэх шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт хэн ч гар хүрэхгүй байх ёстой. Гэтэл одоо төрийн дээр МАНАН үүсээд байна. Холимог тогтолцоо Үндсэн хуульд байхгүй гэдэг баримт ч бий. Мөн Үндсэн хуульд намыг биш гишүүнийг сонгоно гэж заасан байдаг. Хуулийн аль ч нэмэлт өөрчлөлтөд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, илт гуйвуулсан зүйл байдаггүй. Үндсэн хуулийн Цэцийг тэтгэвэрт гарсан хүн удирдаж төрийг хохироож байна. Тиймээс энэ асуудлыг миний хүсэлтийн дагуу хэлэлцэх өгөхийг шаардаж байна.

УИХ ядаж ард түмний сонгох эрхийг хулгайлсан гурван хүнийг татах ёстой. Гишүүд Үндсэн хуулиа чанд мөрдөнө гэх тангаргаа бодоод ч болов гишүүдийг татах хэрэгтэй байна.

Чуулган завсарлахаас өмнө энэ асуудлыг яаралтай шийдэж өгнө үү их хурлан дарга аа гэв.

Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Монгол Ардын нам хэзээ ч байгаагүй хурдаар иргэдийн эрхэнд халдаж буй хуулийн төслийг батлах гэж байгаад харамсч байна. Өнөөдөр АН-ын бүлэгт сөрөг байр суурийн эсрэг үзэлтэй хүмүүс байгаа учраас УИХ дахь АН-ын бүлгийг тараах шийдвэр гаргалаа. Д.Ганбат миний бие бүлгээс гарах хүсэлт өгсний дагуу бүлгийн үлдсэн гишүүдийн тоо хуульд заасан хязгаарт хүрэхгүй байгаа учраас өнөөдрөөс бүлгийн үйл ажиллагааг дуусгавар болгож байна. АН сөрөг хүчний байр сууриа зоригтой хамгаалж ирсэн. Гэтэл АН-ын байр сууриа илэрхийлэх гол индэр болсон парламент дахь бүлгийг түйвээх асуудлыг МАН, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга санаачилж байна.  Тэд АН-ын дотор шургуулсан долоон гишүүнтэй үгсэн хуйвалдаж ямар ч яаралтай горимын заалтгүйгээр Д.Ганбатыг солих асуудлыг чуулганы хэлэлцэх асуудлын өмнө оруулсан. Тиймээс АН-ын үнэт зүйлсийг Оросын гар хөл болсон хүмүүст алдахгүй хамгаалахын тулд УИХ дахь АН-ын бүлгийг албан ёсоор тарааж байгаа УИХ-ын дарга Г.Занданшатарт мэдэгдэж байна.

АН-ын бүлэг нийт найман гишүүнтэй. Харамсалтай нь МАН-ын даварсан үйл ажиллагаанаас болж цаашид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжгүй боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Бид цөөнхийг үргэлж хүндэтгэж ирсэн. АН-ын бүлэг асуудлаа дотроо шийдвэрлэж байж мэдэгдлээ танилцуулахыг хүсч байна. Бичиг баримтыг сая хүлээж авсан учир Тамгын газраас хяналт хийж хуулийн дагуу шийдвэр гаргана. Бүлгийн бусад гишүүдийн саналыг ч харгалзана. УИХ-ын тухай хуулийг эцэслэн батлах санал хураалт явуулна.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийсэн талаар төслийг хэлэлцүүллээ.

Аудитын ерөнхий газрын тайлан мэдээ:

-Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл шалгуурт нийцсэн эсэхэд аудитын дараах шалгалтыг хийж дүгнэлээ. Засгийн газар өнгөрсөн онд нийт төсвийн бодлогоо хэрэгжүүлэхэд зургаан зорилт дэвшүүлэн ажиллажээ. Аудитаар 2021 оны нийт орлого ба тусламжийн дүн 12 их наяд 711.4 тэрбум төгрөг, зарлага ба цэвэр зээл 15 их наяд 630.4 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа. Монгол Улсын нэгдсэн төсөв төлөвлөсний дагуу байгааг тогтоолоо.

Харин зээлийн тухайн хоёр тэрбум төгрөгөөр давсан дүн гарлаа. Төсвийн алдагдлын тухайд хоёр их наяд 900 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Засгийн газрын өр 26 их наядын өртэй байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50.8 хувьтай тэнцэж байна.

Аудитаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт 65.8 хувьтай байна. Нийт 119 төсөл хэрэгжээгүй, найман төсөл хангалтгүй байгаа юм. Төлөвлөлт, хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байгаа нь хяналт сул байгааг харуулж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Төсөвт байгууллагын санхүүжилтийн талаар Сангийн сайд мэдээлэл өгөхийг хүсч байна. Санхүүжилтийн байдлаас харвал сургууль, эмнэлэг үйл ажиллагааг явуулахад хүндрэлтэй байдал үүсч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтээр явахаар гараанаас жигд эхлээгүй эмнэлэг, сургуулиудад хүндрэлтэй. Сумын эрүүл мэндийн төвүүдэд гэхэд л оношилгооны тоног төхөөрөмж дутагдалтай байгаа. Тийм байтал нийслэл, аймгийн төвүүдэд ижил санхүүжилт өгөхөө өөрчлөх хэрэгтэй. Асуудлыг ялгамжтай авч үзэхгүй бол засаг захиргааны олон нэгжтэй Монгол Улсад энэ систем тохиромжгүй байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-С.Чинзориг гишүүнтэй санал нэг байна. Эрүүл мэндийн салбарт авч үзэхэд бүсчлэн өөр, өөр тусгахаар яригдаж байгаа. Сумын түвшинд санхүүжилт маш бага очиж байгаа. Гэхдээ гүйцэтгэлээр санхүүжиж байгаа учир шударга биш зүйл огтоос биш. Цаашид гарааны нөхцөлийг жигдрүүлэх тал дээр анхаарна. Хот, хөдөөгийн тэгш бодлогод уялдуулж цаашид төсөвт тусгах болно.

2022 оны төсөвт бид нэг иргэний төсвийг хоёр дпахин нэмж тарифыг шинэчилсэн. Ингэснээр дөрөвдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн. Одоогийн байдлаар 5, 6 дугаар сарын олголтыг хянаж олгох ажил үргэлжилж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Үнийн өсөлт маш их байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярьж байхад бараа бүтээгдэхүүний үнийг хянах шаардлагыг иргэд тавьж байна. Үүнд Сангийн яам хэрхэн анхаарч, ямар бодлого хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөхгүй юу? Дараагийн асуудал бол төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулж авах шалгуурт тавигдах шаардлагыг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа орон нутагт ажиллаж байгаа алба хаагчдад нэмэлт цалин олгохыг судлах шаардлагатай гэж харж байна. Мөн МонголУлсын өрийг хэрхэн буураалах талаар асуудал, мэдээллийг өгөхийг хүсч байна.

 

09 : 20
2022-7-1

Улсын их хурлын чуулганы хуралдаанаар 11 хуулийн төслийг хэлэлцүүлнэ

Улсын их хурлын өнөөдрийн /2022.07.01/ чуулганы хуралдаанаар 11 хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Монгол улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын  2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцүүлэх юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-Төрийн толгойд хууль засаглах ёстой. Гэтэл сүүлийн үед хууль үйлчилж байна уу гэдэг дээр эргэлзээ үүсч байна. Үндсэн хуулийн асуудлаар 2022 оны зургадугаар сарын 27-нд Цэц хуралдаж шийдвэр гаргасан байна. Өмнөх шийдвэрээ эргэн хянаж, өөрчилж хүчингүй болгох шийдвэрээ эргэн харах дүгнэлт гаргалаа. 2016 оны Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтээр сонгуулийн хувь тэнцүүлэх заалт нь хууль зөрчиж байна гэх тогтоол гаргасан. Үндсэн хуулийн 66.3-т цэцэийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол дахин хуралдана гэх заалттай. Гэтэл Үндсэн хуулийн цэц дээр шийдвэрийг дахин хэлэлцсэн байна. УИХ-ын төлөөлж буй итгэмжлэгдсэн төлөөлөгч яагаад дур мэдэн шийдвэрт нөлөөлж байгаа юм.

Яагаад үндэсний их баяр наадмын өмнө ард иргэдийг амарч байх хооронд сонгогчийн эрхэнд халдсан шийдвэрийг хууль бусаар гаргаж байгааг гайхаж байна.

Ийм ноцтой асуудлыг зүгээр хараад байх уу? Хууль бус асуудал болж байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч тавьснаа тайлбарлахыг хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж