Хар тэнгис дэх стратегийн чухал байрлал болох Могойн арлаас Оросын арми цэргээ татсан тухай өчигдөр /2022.06.30/ мэдээллээ. Могойн арлыг дайны эхний өдөр л оросууд эзэлсэн. Украины их буу, пуужингийн цохилтын улмаас Оросын тал хурдны завиар арлаас зугтахад хүрсэн гэж Киевээс мэдэгдэв. Гэтэл Москва дахь Батлан хамгаалах яамнаас тайлбарлахдаа“Энэ алхам нь үр тарианы экспортыг хөнгөвчлөх зорилготой сайн санааны илрэл” гэжээ. Энэ мэтчилэн Орос, Украины талууд Могойн арлын талаар өөр өөр байр суурийг илэрхийлж байна.
Украины ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак энэ явдлыг сайшааж, “Могойн арал дээр Оросын цэрэг байхаа больсон. Манай зэвсэгт хүчин маш сайн ажиллалаа” гэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков “Оросын зэвсэгт хүчин сайн санааны илэрхийлэл болгон зургадугаар сарын 30-нд цэргээ татсан. Бид Могойн арал дээр зорилгоо биелүүлсэн” гэжээ.
Орос улс Украины боомтуудыг хааж, хөдөө аж ахуйн экспортод саад учруулж байна гэж барууныхан буруутгаад буй. Могойн арлаас цэргээ татсанаа Оросын тал үүнтэй холбон тайлбарлаж байна. “Украинаас үр тариа экспортлох хүмүүнлэгийн коридор бий болгох НҮБ-ын хүчин чармайлтыг Орос эсэргүүцэхгүй байна. Оросын хяналтанд байсан Могойн арлаас цэргээ гаргасан учраас үр тариа экспортлох боломжтой гэсэн үг. Хүнсний хямралын талаар таамаг дэвшүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж Игорь Конашенков мэдэгдсэн.
Украины өмнөд хэсгээс Оросын арми улаан буудайн ургац хулгайлж, олон улсад хууль бусаар зарж байна гэж Киевээс буруутгах болсон. Тухайлбал, өчигдөр /2022.06.30/ үүрээр 7000 тонн үр тариа ачсан худалдааны хөлөг онгоц Украинаас гарч явсан гэх мэдээлэл байна.
Эх сурвалж: EURONEWS
Холбоотой мэдээ