АН-д шинэ хүн, шинэ лидер хэрэгтэй байна!

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

АН-д шинэ хүн, шинэ лидер хэрэгтэй байна!

АН-д шинэ хүн, шинэ лидер хэрэгтэй байна!

АН-ын XIV их хурал 7-р сарын 2-ны өдөр буюу маргааш болно. Тус Их хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцох юм. Ардчилсан нам эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулиараа Үндэсний бодлогын хорооны гишүүдээ сонгосон. АН-ын XIV их хурлаар намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороооны шинээр сонгогдсон гишүүдээ ёслол төгөлдөр батламжлахаас гадна намын даргын асуудлаа шийдэж, нэг мөсөн цэгцрэх болов уу гэсэн хүлээлт намын гишүүдэд нь байна. УИХ-ын ээлжит сонгууль болоход ердөө хоёрхон жил, ҮХНӨ-өөр хэрэв наашилбал ганцхан жил үлджээ. Атал Ардчилсан нам малгай, толгойгоо олж дарга цэргээ “цэгцлээгүй” л явна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Ардчилсан намынхан эрх баригчдыг хянаж, хариуцлага нэхэхээс илүү дотоодын хэрүүл зодоондоо хамаг хүч тамираа зарцуулсан. Энэ янзаараа ирэх 2024 оны УИХ-ын сонгуультай золговол Монголын улс төрийн тавцангаас үүрд ардчигдана гэдгээ намын гишүүд нь мэдэхийн дээдээр мэдэж хувь заяандаа сэтгэл зовж байгаа. Үнэнтэйгээ АН эвлэрэх, үүнийгээ өнөөдөр л засах цаг юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан нам ирэх сонгуульд өнөөдрийн суудлаа ахиулах эсэх нь, Ардын намын “утсан хүүхэлдэй” байх үгүй нь өөрсдийнх нь зөвшилцөл, ойлголцол, залуусынх нь улс төрийн идэвх, оролцооноос шууд хамааралтай.

Үндсэндээ, Ардчилсан нам  эрх баригч МАН болоод экс Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн шоглоом болсон. Өнөөдөр цөөнхийн  бүлгийн даргыг үнэмлэхүй олонх хэлэлцэж суугаа нь  МАН-д инээд, АН-д ханиад болж байна.

 М.ТУЛГАТЫГ НАМЫН ДАРГАД БАТЛАМЖЛАХ УУ?

Хэн АН-ыг сэрээж, хэн АН-ыг шинэчилж чадах вэ гэх асуулт зөвхөн намын гишүүдийн биш сөрөг хүчингүй эрх баригчдын хяналтгүй, бодлогогүй засаглалын  горыг амсаж байгаа хүн бүхний хариултыг нь хүлээсэн зүйл. Тэр тусмаа АН-ын залуусыг эвлэлдэн нэгтгэж чадах үнэт зүйл, шинэ хүн хэн байх нь АН-ынхны төдийгүй улс төрийн хүрээний сонирхлыг татах болсон. Муу сайн ч АН гэсэн парламентад суудалтай, засгийн эрхийг барьж явсан намын хувьд.

М.Тулгатын хувьд ардчиллын алтан хараацай “Хонх”-ын С.Цогтсайханы дүү гэдгээрээ үнэт зүйлийг уламжлан тээгч гэж автоматаар харагддаг. Мөн Японд эзэмшсэн боловсролоороо намын залуус дундаа үнэлэгддэг нэгэн. Тэрбээр  АН-ыг  ядарсан үед нь буурийг нь маналцаж яваа залуу кандитат. Өнгөрөгч зургадугаар сарын 2-ны өдөр болсон АН-ын ҮБХ-ны сонгуулийн хаалтын хуралдаан дээр С.Эрдэнэ долдугаар сарын 2-ны Их хурлаараа намын даргаа шилжүүлж АН-аа албан ёсны толгойтой болгоно гэж хэлсэн нь М.Тулгатад намын тамгаа бүрмөсөн шилжүүлж, батламжлах нь гэсэн хүлээлтийг намын гишүүдэд төрүүлсэн юм. Тэгэхээр М.Тулгатыг  АН-ын даргад батламжлах эсэх нь тун удахгүй тодорхой болно.

С.ЭРДЭНЭ НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨХ ҮҮ?

Улсын дээд шүүх Ардчилсан намын шинэ дүрмийг өнгөрсөн гуравдугаар сард бүртгэсэн нь бий. Энэ өнцгөөс нь харвал тус намын дарга М.Тулгат юм шиг. Гэвч нэрэн дээрээ Ардчилсан намын даргыг С.Эрдэнэ хашсаар байна. Ганц шалтгаан нь УДШ-д бүртгэлтэй гэх.

С.Эрдэнэ даргын хувьд Ардчилсан намд гай ч, гавъяа ч байгуулсан нэгэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээрээ өнөөдрийн хагарал, талцалын эхлэлийг тавьсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Гэвч, өнгөрсөн хугацаанд Ардчилсан намыг “Женко” группын охин компани болгочихоогүйн төлөө түүнд талархах ёстой юу гэвэл тийм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ хийдгээ хийсэн.  Үнэндээ С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын зөрчил, талцалаас болж УИХ-ын 2020 оны сонгуульд АН ялагдсан. Тэрчлэн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ардчилсан нам цагаан хуудсанд ялагдахад хүрсэн нь мөн л Х.Баттулга, С.Эрдэнэ хоёрын зодооноос болсон юм. Саяхан хуралдсан ҮБХ-ны хурлаараа намынхаа дүрмийн шинэчлэлд оруулсан нэгэн өөрчлөлт түүнийг намын даргад санаархаж байгааг ил тод харуулсан. Хууль шиг мөрдөгдөж ирсэн сонгуульд намаа ялагдуулсан удирдлага хариуцлага хүлээж огцордог жишгийг тэрбээр энэ удаа итгэл үзүүлэх эсэхийг харгалзаж шийдвэрлэхээр өөрчилсөн нь өөртөө зориулсан өөрчлөлт юм биш байгаа гэж намынхан нь хардаж байна. Хэрвээ түүний санаархал үнэн бол АН-ыг тойрсон зодоон эцэс төгсгөлгүй үргэлжилсээр  ахиад дөрвөн жил лааз өшиглөнө.

Энэ удаад С.Эрдэнэ намаа бодож шинэ хүнд боломж олгохуу өөрийгөө бодож тамгаа тас атгасаар суух уу гэдгээс АН-ын шинэчлэл хамаарна. Үүнийг мөн удахгүй харцгаана. Эцэст нь Ардчилсан нам бол Монголын ардчиллын тулгуур багана. АН амьд үлдэж байж л ардчилал амьд үлдэнэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөгөө хамгаалахын тулд АН-д шинэ хүн, шинэ лидер хэрэгтэй байна.  Улстөрийн цагийн зүү  АН-ыг хүлээж зогсохгүй.  Түүнийг МАН маш сайн баадуудаж хурдлуулж буй.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж