Л.Болд: Хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь цэргийнх

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Л.Болд: Хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр нь цэргийнх

АНУ-ын АНУ-ын Номхон далайн командлал, НҮБ-ын Энхийг дэмжих сангаас хамтран зохион байгуулдаг олон улсын цэргийн хээрийн сургуулилт, дадлага сургалтыг энэ сарын 8-20-нд Тавантолгой цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгууллаа. Манай улс”Хааны эрэлд-2010” цэргийн хээрийн сургуулилтыг 2003 оноос олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох цэргийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байсан бол 2006 оноос эхлэн олон улсын хэмжээнд болгон өргөжүүлэх саналыг АНУ-ын Номхон далайн командлалаас тавьсан байна. “Khaan Quest-Хааны эрэлд” хээрийн сургуулилтыг НҮБ-ын штабын ажилтны дамжаа, батальоны төвшний команд-штабын сургууль, хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн бүлгийн ажиллагаа, инженерийн хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулжээ. Уг  хээрийн сургуулилтад манай талаас 204, АНУ болон, ХБНГУ, Франц, Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Энэтхэг, Канад зэрэг нийт 9 орны 125 цэргийн албан хаагчид оролцлоо.  Хээрийн сургуулилтын хугацаанд хээрийн хөдөлгөөнт эмнэлгийн сургуулилтыг Өмнөговь аймгийн Ханхонгор, Хүрмэн, Булган сумдын нутагт зохион байгуулсан бол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 105 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар иж бүрэн халуун усны цогцолборыг хүмүүнлэгийн тусламжийн сургуулилтын ажиллагааны хүрээнд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Ё.Дүгэржав ахлагчтай манай улсын цэргийн баг, цэргийн инженер, ахлах дэслэгч M.Savlan ахлагчтай АНУ-ын 797 дугаар инженерийн ротын албан хаагчид 45 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулжээ. Нээлтийн ажиллагааны үеэр олон улсын хэмжээнд НҮБ-аас зохион байгуулж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа манай улсын зэвсэгт хүчний үйл ажиллагааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлээд, түлхүүрийг АНУ-ын Ази, Номхон далайгн бүсийн аюулгүй байдлын асуудал хариуцсан Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн дарга Уоллес Гергсон тусламжаар олгож буй “Форд” загварын 10 суудлын автомашинтай хамт гардуулсан байна.  Мөн энэ өдөр Тавантолгой дахь цэргийн нэгдсэн сургалтын төвд зохион байгуулсан “Хааны эрэлд-2010” цэргийн хээрийн сургуулилтийн хаалтын ажиллагааны үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болдтой уулзлаа.

-Энэ жилийн “Хааны эрэлд-2010” цэргийн хээрийн сургуулилтын онцлог нь юу байсан бэ?

-Өмнөх жилүүдийн хээрийн сургуулилтыг нилээд өргөн хүрээтэй хийдэг байсан. Харин энэ жилийн хувьд команд штабын хэмжээнд энхийг дэмжих ажиллагаанд тодорхой анги салбарын ажил үүргийн чиглэлээр тодорхой болгох сургалтуудыг өндөр хэмжээнд маш амжилттай явууллаа. Цаашид энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн оролцох талаар хууль батлагдсантай холбоотойгоор энэхүү олон улсын хамарсан цэргийн бэлтгэл сургуулилтыг улам өргөжүүлэх бодлого баримталж ажиллана.

-Цэргийн удирдлагын бүрэлдэхүүнийг чадваржуулах хэмжээний сургалт боллоо гэж ойлгож болох уу?

-Тийм. Ялангуяа манай улсаас энхийг дэмжих ажиллагаанд тодорхой бүснутаг, секторт бие даан оролцож байгаа учраас удирдлагын төвшний ур чадварыг дээшлүүлэхэд энэхүү бэлтгэл сургуулилтын ач холбогдол оршиж байна.  Мөн нөгөө талаар цэргийн албан хаагчдын цэрэг, техникийг чадваржуулах, бусад орны цэргийн албан хаагчдаас харилцан туршлага солилцох зэрэг тал талын хүрээ өргөжүүлсэн сургалт гэдгээрээ онцлог давуу талтай.

-НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй зарим бүлэг секторыг тодорхой хэмжээгээр татан буулгах талаар яригдаж байгаа. Гэхдээ манай улсын энхийг сахиулагчдаас оролцох цэргийн албан хаагчдын тоог бууруулахгүй байх тал дээр бодлого баримталж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Энэ нь нөгөө талаар манай улсын Зэвсэгт хүчин маш том хариуцлага ноогдож байна гэсэн үг. Энэ талаар салбар хариуцсан сайдын хувьд?

– Сүүлийн үед Монгол Улсын зэвсэгт хүчний нэр хүнд маш их өсч байгаа. Үүний цаана Монгол Улсын нэр хүнд тодорхой хэмжээгээр өсч байна гэж хэлж болно. НҮБ-аас цаашид бусад орнуудад гүйцэтгэх энхийг сахиулах ажиллагаанд манай улсын цэргийн багийнхныг оролцуулах сонирхол их байгаа. Чад, Сьерра-Леон зэрэг орнуудад гүйцэтгэж буй энхийг сахиулах ажиллагаа гэрээ ёсоор ойрын хугацаанд дуусгавар болно. Гэхдээ зогсоож байгаа гэсэн үг биш. Гэхдээ Ливан, Афганистан зэрэг орнуудад бусад чиглэлээр энхийг сахиулах ажиллагаанд оролцох албан хаагчдаа бэлдэхээс гадна НҮБ-тай хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх тал дээр хамтарч ажиллаж байна.

-Манай улсын энхийг сахиулагчид НҮБ-тэй хамтарч ямарч нөхцөлд үүрэг гүйцэтгэх чадвартай цэргийн багийг бэлтгэж байна гэж хэлж болох уу?

-Ингэж хэлэх бүрэн үндэстэй гэдгийг өнгөрсөн хугацаанд болон энэ жил зохион байгуулсан цэргийн хээрийн сургуулилтаас гадна гадаад орнуудад гүйцэтгэсэн цэргийн багийнхны үйл ажиллагаа харуулсан.

-Ойрын өдрүүдэд манай улсад Хятадын Батлан хамгаалах яамны удирдлагууд айлчилж байна. Айлчлалын үр дүнгийн талаар?

-Манай улс хөрш орнуудтайгаа найрсаг, олон талын хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. Эдгээр хамтын ажиллагааны хамгийн дээд хэлбэр бол цэргийнх. Өөрөөр хэлбэл цэргийн байгууллагууд нь хоорондоо итгэлцэнэ гэдэг бие биедээ итгэж, хамтын ажиллагаа төдий чинээ өндөр төвшинд байна гэсэн харилцааг илтгэдэг. 2007 оноос хойш буюу энэ Засгийн газар байгуулагдснаас хойш анх удаагаа Хятадын цэргийн дээд удирдлагаас айлчилж буй юм. Энэ нь хоёр орны хувьд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түүхэн ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Ц.Бямбажаваас тодрууллаа.

-Ирэх жил зохион байгуулах цэргийн хээрийн сургуулилтыг энэ жилийнхээс ямар төвшинд хийхээр төлөвлөөд байгаа вэ?

-Түрүүчийн жилүүдэд оролцож байсан бусад орнуудын бүрэлдэхүүнийг ирэх жилийн хээрийн сургуулилтад хүрэлцэн ирүүлэх талаар урилга хүргүүлнэ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд, Ази Номхон далайн командлалтай тохиролцсноор энэ жилийн хүрээнээс илүү өргөн хэмжээний инженерийн, барилга инженерийн чиглэлийн ажлууд хийхээр төлөвлөж байгаа. Хаалтын ажиллагааны төгсгөлд ирэх жил Монголын талаас юуг хийх, анхаарах, бусад орнуудаас ямар санал санаачлага байгаа талаар санал солилцох,  цаашид энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бүрэлдэхүүнд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй болж буйгаараа онцлогтой болж байна .

-Монголын талаас энхийг сахиулагчдад тулгамддаг ямар асуудлууд байдаг вэ?

-Монгол төдийгүй дэлхий нийтийн хэмжээгээр байгалийн гамшиг хаа сайгүй болж байна. Бидний мэдэж буйгаар Пакистан, Хятад зэрэг орнуудад үер усны аюул, хөрш зэргэлдээ Орос оронд халууны улмаас их хэмжээний түймэртэй байна. Манай улсын хэмжээнд өнгөрсөн өвөл зуд боллоо. Өөр юу ч болох юм билээ. Газар хөдлөлт гээд төрөл бүрийн байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна. Тиймээс иймэрхүү байдалд цэргийн албан хаагчдыг хэрхэн ажиллах талаар дадлага сургуулилт эзэмших ур чадварыг олгоход манай улсын зэвсэгт хүчний талаас зохион байгуулж буй “Хааны эрэлд-2010” олон улсын хээрийн сургуулилт ихээхэн ач холбогдолтой. Тухайлбал, Чад, Сьерра-Леон зэрэг орнуудад цаг агаарын халуун бөгчим нөхцөл, бас борооны улиралд хэрхэн ажиллах, ямар байдлаар НҮБ-ээс даалгасан мандатын үүргээ биелүүлэх ёстой вэ гэх зэрэг асуудлыг нэг бүрчлэн зааж сургадаг. Манай улсын цэргийн багийнхан Афганистан улсад үүрэг гүйцэтгэх хугацаанд нөхцөл байдалд харуул хамгаалалтын томоохон үүрэг гүйцэтгэж байгаа. Харуул хамгаалалт гэхээр байгууллага бааз манаад байна гэж хүмүүс ойлгодог. Хэрэг дээрээ орчин үеийн хэллэгээр ярих юм бол хамгийн сонор сэрэмжтэй, хариуцлагатай байх шаардлагыг тавьдаг. Зэвсэгт хүчний байгууллагыг удирдаж яваагийн хувьд өнгөрсөн хугацаанд Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бүрэлдэхүүнтэй уулзаад ирлээ. Тэдний гүйцэтгэж буй үүргийг газар дээр нь очиж байдалтай нь танилцахад яг энэ чиглэлээр манай баг бүрэлдэхүүн НҮБ-ын болон АНУ-ын Цэргийн командлалаас сургалтуудыг зохион байгуулсан байна. Онолын хувьд ч гэсэн, дадлагын хувьд ч гэсэн хээрийн сургуулилт үүгээрээ ач холбогдолтой.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж