Орос, Хятадаас салах төлөвлөгөө уналтад оруулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

Орос, Хятадаас салах төлөвлөгөө уналтад оруулж магадгүй

Орос, Хятадаас салах төлөвлөгөө уналтад оруулж магадгүй

ЕХ”, “Их-7”, “NATO” зэрэг томоохон эвслүүд 2022 он гарсаар Орос, Хятадтай төрөл бүрийн өрсөлдөөнд оролцох болов. Оросын Украинд түрэмгийлсэнтэй холбогдуулан барууны орнууд хориг арга хэмжээг шат дараалалтай авч, хийн хоолойн гэрээг цуцлан, дэлхийн системээс гаргах гэсэн оролдлогуудыг хийж байна.

Мөн Хятадын хүний эрхэд халдсан хэд хэдэн томоохон асуудлууд Энэтхэг-Номхон далайн орнуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа юм. Тэгвэл дэлхийн томоохон эдийн засагчид барууны Оросын хийн хоолойг бүрэн хааснаар ойрын жилүүдэд хүндрэлтэй тулгарч магадгүй гэж үзэж байна. Мөн Хятад Оросын харилцаа улам бат бөх болох нь Тайвань, Хонгконг зэрэгт аюултай болох магадлалтай юм.

Оросын хийн хоолойг орлуулах арга

Газпром” компанитай хийсэн урт хугацааны гэрээгээ цуцалснаар барууны томоохон хийн үйлдвэрүүд шинэ арга зам хайх эрэлд гарчээ. Дэлхийн хамгийн том түнш болох Орос олон улсын банк санхүүгийн “SWIFT” системээс гарсны хариу болгож аливаа худалдаа наймаагаа рублиэр хийх болсон нь хийн үнэ өсөхөд нөлөөлөв. “Газпром” өөрсдийн урсгалаа хаахын хажуугаар “Хойд урсгал 2” төсөл зогсонги байдалд орж, Германы эрчим хүчний нөөц хэцүүдэв. Хийн нийлүүлэлтээр их хэмжээний ашиг олдог Оросын хувьд азийн орнуудад хямд үнээр худалдаалж, худалдан авагчийн тоогоо нэмэх бус үнээ нэмснээр дэлхийн инфляцын төвшин ганхсан. Мэдээж инфляц өсөхийн хажуугаар хүнс, ахуйн үнэ өсөв. Цар тахлаас шархаа нөхөж амжаагүй байсан хэд хэдэн орнууд Дэлхийн банк болон Хятадаас зээл хүссэн юм. Өрөндөө дарагдаж, иргэдээ амьжиргааны төвшнөөс доогуур байлгах болсон Оросын хохирогчдын нэг нь Шри-Ланка.

"Газпром" хийн хоолойгоо хааж, “Хойд урсгал 1,2”-ын үйл ажиллагаа царцсанаас үүдэн барууны орнууд Саудын Араб зэрэг орнуудтай хамтран ажиллах хүсэлтийг тавьсан. Мөн өөрсдийн шинэхэн хийн хоолойн зам буюу Болгар, Грекээр дамжих хийн замаа ашиглаж эхлэхээр болжээ. Гэхдээ тус хийн хоолойгоор дамжих байгалийн хий Оросын хийнээс хэд дахин үнэтэй байх магадлалтай тул ЕХ 2027 он гэхэд бүрэн биеэ даана гэдэг юу л бол.

"Газ холбогч Грек-Болгар" гэж нэрлэгддэг шинэ хоолой Грекийн хөрш орнууд руу шингэрүүлсэн байгалийн хий буюу "LNG" импортолно. Азарбайжанаас хий импортлох зам Италид дуусах төлөвтэй байна. Тус шинэ хийн хоолойг цар тахлын үеэр байгуулж байжээ. Оросоос тусгаарлагдах болсон нь биеэ даасан хэрэг ба дайны эсрэг энх тайвныг цогцлоох гэсэн санаа.

Гэхдээ барууны орнууд хориг арга хэмжээний хажуугаар мэдээллийн дайнд оролцох болсон нь хүн төрөлхтөнд нөлөөж байна. Инфляцын төвшин өссөнөөс болж 2023 оны хоёрдугаар хагаст АНУ зэрэг орнуудад эдийн засгийн хямрал болох магадлалтай юм. Ажилчдын цалин хөлсний хэмжээ инфляцыг гүйцэхгүй байгаа нь дайны хар толбо бүх хүнд наалдаж байгаагийн илрэл биз ээ.

“Их-7” Хятадын эсрэг

Хятад улсын “Бүс ба зам” дэд бүтэцтэй өрсөлдөх хэмжээний үйл ажиллагааг “Их-7” санаачлан, 600 тэрбум ам.долларын хөрөнгө босгохоор болов. Гэвч энэ нь Бээжингийн томоохон хөтөлбөрийг зогсоож чадахгүй гэж дэлхийн эдийн засгийн шинжээч ярьжээ. Тус бүлгийн дэд бүтцийн төлөвлөгөө нь хүний эрхийг зөрчихөөс эхлээд шударга өрсөлдөөнийг алдагдуулдаг зах зээлийн бус болох Хятадыг эсэргүүцэх өргөн хүрээний хамтын ажиллагааны нэг хэсэг юм.

Вашингтон ДС-д төвтэй Стратегийн болон олон улсын судалгааны төвийн эдийн засаг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Мэттью Гудман “Их-7” зөвхөн “Бүс ба зам”-ыг зогсоох зорилготой биш бөгөөд томоохон зүйл төлөвлөсөн гэж бодож буй тухайгаа хэвлэлд ярьсан байна. “CSIS"-ийн улс төрийн эдийн засгийн салбарын даргын албыг хашдаг Гудман “CNBC”-ийн "Squawk Box Asia" нэвтрүүлэгт “G-7 хөгжиж буй орнууд руу хөрөнгө оруулалт хийх замаар дэлхийн дэд бүтцийн цоорхойг арилгахад чухал хувь нэмэр оруулж чадна” гэж хэлсэн. Энэ нь Хятадын ази тивд ноёрхлоо тогтоох гэсэн санаанд саад тавина гэх утгатай байж магадгүй юм.

"Тэд шинэ төслөөрөө дохио өгөхийг оролдож байгаа гэж би бодож байна. Их-7 үүнийг гаргаж чадах эсэх нь өөр түүх, энэ бол маш хэцүү бизнес. Хятад шиг эдийн засгаар далимдуулж хүний эрхэд халддаг орны хувьд цус гаргалгүй дайтах боломж маш адармаатай" гэж тэрбээр нэмж ярьсан байна. Хятадын хүний эрхийг зөрчиж, зах зээлийн бус бодлогыг хамгийн баян барууны 7 улс ил болгохыг хүссэн. Тэд Тайваний хоолойгоор дамжин энх тайван, тогтвортой байдлыг хангахын чухлыг онцлон тэмдэглэв. Мөн Хятад улс бүс нутгийн хөршүүдтэйгөө газар нутгийн маргаантай хэвээр байна.

Зүүн болон Өмнөд Хятадын тэнгис дэх хурцадмал байдалд санаа зовж буйгаа "Их-7" илэрхийлснээр шинэ төсөл боловсруулах болжээ. Барууны эвслүүд Орос, Хятад шиг авторитар дэглэмийн эсрэг санал нэг хуралдаж, зөвшилцөж чадахыг харуулсан. Үүгээрээ ямар ч цаг үе тохиолдсон давж гарах арга замыг олох боломжтойг мөн харуулж байна.

Тайвань, Хонгконгийн хүний эрхийн асуудлаар Австрали, Их Британи,АНУ зэрэг хамтран Хятадын эсрэг бодлогууд явуулах болсон нь Орос Украины түрэмгийллийн нэг адил үйл явдал болох вий гэх айдсыг төрүүлэв. Ямартай ч Оросын хийн хоолойг ашиглахгүйгээр үнэ өндөр шатахуун, байгалийн хийг ашиглах арга замаа олсон барууны хувьд инфляцын төвшнийг бууруулах арга зам олно гэдэгт олон орон найдаж буй. Мөн Хятадын эдийн засгийн дарамт шахалтыг давж гарах арга олох зэрэг томоохон толгой гашилгам асуудлууд “G-7”-гийн өмнө тулгараад байна.

Эх сурвалж: CNBC, AFP, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж