Монголчуудын хувьд хар толбо үлдээсэн хэрэг явдлын дараа боссон барилга дотроос үүнийг бичин сууна. Түүнээс хойш 14 жил өнгөрчээ. Долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа хожсон, хохирсон гэж хоёрхон бүлэгт асуудлыг хувааж болох ч эцсийн дүндээ үүнд энгийн албан хаагчид, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Харин нөгөө тал нь хожсон гэлтэй. Хүний эрх, эрх чөлөө гээч ямар эмзэг, түүнийг яагаад нандигнан хамгаалж, шаардлага гарвал албан тушаалтнууд буулт хийх ёстойг сануулан энэ өдөр тохиож байна.
Урд уй гашуу, цус, нулимсан дээр улсын болоод түмний хөрөнгөөр боссон тэр улс төрийн намын ордон дүнхийнэ. Тусгаар тогтносноо илчлэх мэт намын байрны орой дээр гандсан туг нь гашуудалтайяа намирах шиг.
Тэрхүү өдрийг улстөрчид өөр өөрсдийнхөөрөө өдийг хүртэл тайлбарласаар ирсэн. Харамсалтай нь, хойшид ч тайлбарлах болно. Үнэн гэвэл эл өдөр Монголын төр иргэд рүүгээ буу шагайсан. Дөрвөн халуун амийг буудан хөнөөсөн. Нэгийг нь гавлаад угаартаж үхэг гээд орхисон. Өсвөр насны хүүхэд, өөр олон хүнийг буудсан ч азаар амьд үлдсэн. 290-ээр нь хоморголон ял оноосон. Олон арван цагдаа эрүүл мэндээрээ хохирсон. Хамгийн гол нь, хүний үндсэн эрхийг бүдүүлгээр зөрчсөн. Энэ явдлаас иргэд сургамж авсан ч эрх баригчид авсангүй. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор Ерөнхийлөгч ард түмнээсээ уучлалт гуйсан бол УИХ-ын сонсгол хийсэн. Хүний эрхийн үндэсний комисс “төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүмүүсийнхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол улсын төрийн үүрэг мөн” гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд болоо. Илүү үглэхэд Монгол Улс энэ явдлын дараа иргэнийхээ амийг 50 сая төгрөгөөр үнэлэхийг оролдсон нь гутамшигтай.
Асуудал шийдэгдсэнгүй. Амиа алдсан залуусын үр хүүхдүүд насанд хүрчээ. Хөлдөө буудуулсан хүү залуу болж, амьдралаа босгохоор хазганан зүтгэнэ. Гэвч тэдний эрхийг эцгийг нь хөнөөсөн шигээ Монголын төр зөрчихийг үгүйсгэх баталгаа бидэнд алга. УИХ-ын ажлын хэсгийн гаргасан зөвлөмжид “Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүний эрхийн хандлага төлөвшүүлэх давтан сургалтын хэлбэрийг бий болгож, зардлыг тусгайлан төсөвт суулгах, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудтай энэ талаар хамтран ажиллах” гэж тусгасан ч өнөөдөр цаас л үлджээ. Монголд хүний эрхийг зөрчдөг байгууллагын хамгийн тод жишээ нь цагдаа болох тохиолдол байсаар байна. Иргэдийн эрхийг хамгаалах үйлчилгээ рүү зорьж явсан цагдаагийн байгууллага эргээд хүчний байгууллага болжээ. Улаанбаатарын гудамжинд цагдаа хууль болчихлоо. “Цагдаагийн байгууллагад гадагш хандсан тайлагнах тогтолцоог бий болгож, иргэд, олон нийтийн итгэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэвшүүлэх” гэж бас л зөвлөсөн ч бодит байдал дээр дуртай мэдээллээ цацдаг, дургүйгээ дардаг. Хүсвэл иргэний эрхэнд халдаад ч хамаагүй нууцыг нь дэлгэдэг байгууллага болон хувирлаа. Үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг камер хариулж байгаад элэгдээд унагаадаг, ажлаа хийж явсан сэтгүүлчийг түлхэх, эрх чөлөөнд нь халдах, гэмгүй нэгнийг барих хорих бүр цагаандаа гарлаа.
Ганц цагдаа ч бус. Прокурор, шүүх байгууллага эл хэрэгт иргэдийн эсрэг зогссон юм. Долдугаар сарын 1-ний жагсаалд оролцсон иргэдийг яллахдаа прокурор, шүүгчид шүүгдэгчийн үйлдэл /шидсэн чулуу/ хохирлын хоорондын шалтгааныг тогтоогоогүй гэх өмгөөлөгчдийн үндэслэлийг авч хэлэлцээгүй бол цагдаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ үүнийг авч ашигласан билээ. Ийм л тэгш бусаар дууссан долдугаар сарын 1-ний өдрийн хэрэг явдал одоо хэр нь улстөрчдийн увайгүй үйлдлийн хор уршгийг сануулсаар байна.
2016 оны долдугаар сарын 1-нийг угтан нэгэн ажил Тусгаар тогтнолын ордны арын хаалганд өрнөсөн нь “Оргил” дэлгүүрийн хаалганы бэхлэлт байв. Сонгуулийн дүн маргаантай байсан учраас эзэн нь урьдчилж өмчөө хамгаалсан нь тэр…
Түүнээс хойш төр гэх нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр халамж хэлбэрээр бидний дийлэнхийг маань худалдаад авчихдаг тогтолцоо өдгөө бий болжээ. “Ардчилал” гэж ам уралдан хэлэх ч үнэндээ тэрхүү ардчиллыг ард иргэд амсах төдийхөн байхад албан тушаалтнууд өөрсдийгөө үе улираан зайдагнах хэрэгсэл болгон хувиргав.
Мориндоо хайртай хайртай гэхэд монгол хүнээс дээгүүр УИХ-д үнэлэгдэх хүртлээ хүний эрх хөсөр хаягдав. Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хүлгийн сэрвээнээс доогуур үзсэн УИХ-тай, УИХ-ын гишүүдтэй болтлоо бид уруудаж явна.
Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлбэл захиалгат болдог болсон бол удирдагчид нь Монгол Улсыг хорлосон шийдвэр гаргасныхаа төлөө шагнуулах нь энүүхэнд шалдаа унажээ.
Цар тахлын үеэр цагдах, тагнах, дектатур тогтоох туршилт гэлтэй олон олон оролдлогоор хүний эрхэнд халдаж, түүнийг нь эсэргүүцсэн нэгнийг торгон цээрлүүлсэн. Монголын төр бус эрх баригч нам хүний эрхийн мэдлэг ямаршуухан байгаа талаар судалгаа хийж, тунчиг дулимаг мэдлэгтэй байгааг нь тохуурхан ярьж, түүнийг нь дээшлүүлэх талаар мэдэгдэл хийж сууна. Зүүнтнүүд хүний эрх, эрх чөлөөний эсрэг явснаас түүний төлөө зүтгэсэн түүх дэлхийд байхгүй.
Хүний эрхийн хамгийн заналт дайсан нь нам, түүнээс томилогдсон албан тушаалтан, хууль сахиулагчид болон хувирчихлаа. Хүний эрх бус төрийн сонирхол том байна. Хотын захад галдаа түлээгүй хүүхдүүд хөлдөж үхэх нь холгүй байхад албан тушаалтны өрөө жиндүү байна гэж саймширдаг тийм л цөвүүн цагт бид аж төрж байна. Өнөөгийн бидний ардчилал гэдэг нь төрийн бий болгох гэж буй зүйлийг хэрэгжүүлж буй засгийг хэлдэг болчихлоо. Тэд шууд иргэдийн эрх рүү улайм цайм халдахгүй байна. Ганц нэгийнх нь эрх ашгийг хөсөрдүүлж, түүнийг нь олон нийтээрээ эсэргүүцвэл эрхийг нь хамгаалсан мэт харагдуулах жишээтэй. Гэхдээ л бага багаар дасгаад, барьцаа ахиулаад байх шиг.
Монголд хүний эрхийн тайлан хурдан морины уралдааны хуулиас доогуур, хүүхэд нь хурдан мориноос хойгуур эрэмбэлэгдэж байна. Мэлхийг хүйтэн устай саванд хийгээд аажмаар халаан буцалгаж болгодог шиг башир аргаар эрх мэдэлтнүүд хүний эрх, эрх чөлөө рүү нь алгуурхан довтолж байна. 14 жилийн дараа наадам болгоноор хэл ам, хэрүүл тэмцэл болдог хурдан морьны сэрвээний өндөр, хүчит бөхчүүдийн шингэний асуудлыг шийдлээ. Харин хүний эрх хөсөр хаягдав. Биднийг баяраас баярын хооронд баясаж, хойдхоороо урд хормойгоо нөхөж, өөрт нь асуудал тулгарвал орилчоод, өрөөл бусдыг нь хохироож байхад хувиа хичээж, амаа хамхиж явсаар ахуйд нэг л мэдэхэд амны цааснаас ч нимгэрч буй хүний эрх хэзээ мөдгүй хөсөр хаягдахад бэлэн болжээ. Ардчилал гээч албан тушаалтны амны зоргоор бий болчихдог, бас байхгүй болчихдог зүйл биш. Түүнийг усалж, тордож, хайрлаж хамгаалах хэрэгтэй. Тэр нь аль нэг нам бус гэдгийг бид үнэн голоосоо ойлгохыг сануулах мэт дахиад долдугаар сарын 1 ирлээ.
Холбоотой мэдээ