“Нэг монгол-нэг жуулчин” уриалгыг дэвшүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.01-нд нийтлэгдсэн

“Нэг монгол-нэг жуулчин” уриалгыг дэвшүүлж байна

“Нэг монгол-нэг жуулчин” уриалгыг дэвшүүлж байна

Дэлхий даяараа цар тахлын онцгой нөхцөлд зогссон байсан салбарууд тэр тусмаа аялал жуулчлалын сэргэж эхлэх сайхан мэдээ сонсогдож эхлээд байна. Аялал, жуулчлалын салбарыг онцгойлж буй Монгол Улсын хувьд энэ долдугаар сарын 1-нээс БНХАУ агаарын хилээ нээж буй сайхан мэдээлэлтэй байгаа. Хамгийн сүүлийн үеийн бодит мэдээлэл гэвэл зургадугаар сарын 22-нд Өмнөд Солонгосын Чежү тусгай бүсээс анхны шууд нислэг үйлдэж, тус улсын аялагчид тэр тусмаа тусгай бүсийн албаны хүмүүс Монголд зочлон Аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

Мөн тус төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр чамгүй ажлууд хийж эхлээд байгаа юм.Ингээд монголчуудын хамгийн онцгой анхаарч буй, сонирхолтой салбар болоод байгаа аялал жуулчлалын салбарын талаар Аялал, жуулчлалын үндэсний төвийн захирал С.Бат-Эрдэнийн ярилцлагыг хүргэж байна.


-Монголчуудын төдийгүй дэлхий дахин хүнд сорилтой тулгарч даван туулж байна. Харин одооноос аялал жуулчлал сэргэх хандлага харагдаж байгаа. Монголчуудын хувьд ямар боломжууд байна вэ?

-Тийм ээ, үнэхээр ч дэлхий дахин том сорилттой тулгарч, ялангуяа аялал, жуулчлалын салбар үндсэндээ зогссон. Харин энэ долдугаар сарын 1-нээс БНХАУ агаарын хилээ нээж байна. Мөн бид саяхан Өмнөд Солонгосын Чежүгийн анхны шууд нислэгээ хүлээн авлаа. Ердөө л энэ зургадугаар сарын 1-нээс жуулчдаа хүлээн авч байгаа Чежү тусгай бүс ийнхүү Монголд шууд нислэгээ нээж байгаа нь бас онцлог. Монгол Улсад онцгой ач холбогдол өгөн Чежүгийн аялал жуулчлалын холбооны удирдлагууд Монголд айлчлан хамтран ажиллахаар болсон. Энэ бол Монгол руу жуулчин татах бас нэгэн онцгой боломж. Бидний хувьд ч 60 жилийн түүхтэй Чежүгийн аялал жуулчлалын холбооныхноос суралцах зүйл их бий. Мөн БНХАУ агаарын хилээ нээж байгаа нь аялал, жуулчлалын салбар төдийгүй дагалдах бизнесийн салбарынханд ч маш сайхан мэдээлэл юм. Тийм учраас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэнчлэн монголчуудын хувьд онцгой хичээх, анхаарах цаг мөч ирээд байна. Мэдээж манай салбарын хувьд анхаарах, сайжруулах олон асуудлууд байгаа. Үүн дээр ч яам, агентлаг маань онцгой анхааран, бас чамгүй ажлуудыг хийж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна.

Чежүгийн аялал, жуулчлалын холбооныхонтой Санамж бичигт гарын үсэг зурав.

-Нэгэнт олны анхаарал татсан сенсаци болохоор Чежүгийн аяллаар яваад сураггүй болсон 23 иргэний талаар асуумаар байна?

-Салбарын сайд маань энэ талаар маш тов тодорхой тайлбар өгснийг та бүхэн сонссон байх. Нэгэнт 30 хоногийн визтэй зорчиж байгаагийн хувьд тэднийг хууль зөрчсөн гэж үзэж, муучлах арга байхгүй. Б.Бат-Эрдэнэ сайд маань “Монгол хүн Монгол хүндээ хайртай байцгаая. Тэд одоогоор ямар нэгэн хууль зөрчөөгүй, юуны түрүүнд буруутгахаа азнаарай” гэж хэлсэн шүү дээ.

Магадгүй цар тахлын үед хамгийн хүнд нөхцөл туулсан нь аялал жуулчлалын салбарынхан байх. Яг энэ хүнд нөхцөлд Б.БатЭрдэнэ сайдын “Монгол хүн Монгол хүндээ хайртай байцгаая” гэсэн үг олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн, анхаарал татам, эерэг үг санагдсан?

-Тэгэлгүй яах вэ? Яалт ч үгүй дэлхий нийтээрээ онцгой, давагдашгүй нөхцөл байдал тулгарсан. Магадгүй аялал жуулчлалын салбарын түүхэнд хамгийн хүнд хэцүү нөхцлийг туулж гарч байгаа хүн бол салбарын сайд Б.Бат-Эрдэнэ гэж хэлж болно. Тэр хэрээр бас сорилыг даван туулахын тулд маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна. Тийм ч учраас маш их хичээж, хүчин чармайлт гаргаж байна. Одоо бид зөвхөн аялал, жуулчлалын салбарынхан төдийгүй улсаараа, Монгол хүн болгон хичээж, хамтарч эвлэж нэгдэж байж хүнд нөхцлийг туулж, цаашилбал, аялал жуулчлалын салбарыг өндөр төвшинд гаргаж чадна гэж бодож байна. Тийм болохоор салбараараа хичээж байна. Бас Монгол хүн бүр эх оронч сэтгэлээр хандаж, хамтдаа хичээцгээе гэж уриалмаар байна. Эх сайхан байгальдаа хог тарихгүй аялж зугаалахаас эхлээд, эх орноо хайрлах, цаашилбал аялагч, гийчиддээ найрсаг, дотно үйлчилгээ үзүүлэх, иргэн бүр эх орныхоо талаар эерэг ойлголтыг төрүүлэхээс эх оронч үзэл эхэлнэ, цаашилбал аялал жуулчлалын салбар шинэ шатанд гарна гэдгийг анхаараасай.

Яалт ч үгүй анхаарал татдаг сэдэв бол дотоодын аялал жуулчлал. Монголчууд бас ч гэж дотооддоо маш их аялдаг болж байна. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ямар ажлууд хийгдэж байна вэ? Ер нь юу дутагдаж байгаа талаар тоймтой судалгаа байна уу?

-Яамны хэмжээнд, бодлогын төвшинд олон ажил шат дараатайгаар хийж, тэр хэрээр ч хүмүүсийн сэтгэгдэл эерэг болж, дэвшил гарч байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Дээр хэлсэнчлэн монголчууд бид иргэн бүр зүрх сэтгэлээрээ хандан амжилтад хүрнэ. Яамны зүгээс эх орныхоо үзэсгэлэнт байгалийг хайрлан хамгаалах, дотоодын аяллын маршрутыг тодорхой болгох, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр олон ажлууд хийж байна. Эхнээсээ тохилог отгууд байгуулагдаж, иргэд ч ухамсартайгаар хандах болсон.

Аялал жуулчлалын хөгжлийн төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын хувьд яамнаас өгсөн чиглэлийн стратегийн 6 чиглэлд ажиллаж байна.

Энд бид сургалтын ажлыг онцолмоор байна. Манай төв 2021 онд 700 гаруй хүмүүсийг 28 гадаад, дотоодын сургалтанд хамруулж, 530 гэрчилгээ гардуулсан. Өнгөрсөн жил манайх гурван том судалгаа хийснээс иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг олголт үнэхээр сул байгаа нь харагдсан аж. Тиймээс орон нутаг руу чиглэсэн хөтөлбөр, ажлууд онцгой шаардлагатай юм гэж үзэн энэ жил Монгол банктай хамтран судалгаа явуулж байгаа. Орон нутаг болгон өөр өөрийн онцлогтой учир хэрхэн яаж хөгжүүлэх талаарх мэдээллийг уугуул иргэдээс авч судалгаанд тулгуурлан ажиллах зорилготой байгаа.

Тухайлбал, 21 аймгаас нэг, нэг аялал жуулчлалын мэргэжилтэн тусгайлан сургахаар төлөвлөж байна. Үүнд аймаг бүрээс шаталсан дараалалтай магистрын түвшинд мэргэжилтнийг сургана. Зөвхөн сургаад зогсохгүй хүн тус бүрээр аймгийнх нь мастер төлөвлөгөөг гаргах чиглэлээр ажиллуулах юм. Ингэснээр сурагч аймгийнхаа талаар илүү гүнзгий ойлголт авч хөгжүүлэлт дээр хэрэгжүүлж ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 21 аймгийн мастер төлөвлөгөө, түүнийг биелүүлэх мэргэжилтэн бий болно гэсэн үг. Үүнийг нэгтгэснээр Монголы үндэсний хэмжээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх  орон нутгийн мастер төлөвлөгөөтэй болох хэтийн төлөвлөгөөтэй цогц бодлого болох юм.

Мөн цахим шилжилтэнд онцгой анхаарал хандуулж байна. Үүнд салбарын цахим мэдээллийн сүлжээг бий болгож, цахим сургалт явуулахыг чухалчилж байна. Үүгээр яаж буудлыг өрөөг цэвэрлэх вэ гэдгээс эхлээд үйлчлүүлэгчтэй хэрхэн зохистой харилцах гэх мэт бүх зүйлсийг зааж сургана. Тархай бутархай хүн амтай, дээр нь салбарын ажилтнууд тогтвортой бус. Жуулчны бааз, буудал бүр наад зах нь орон нутгийн дэлгүүрт ч арай хийж сургаж дадлагажуулсан ажилтан нь төдөлгүй өөр ажилд шилжчихдэг зовлон байдаг. Тэгэхээр нэгдсэн цахим сургалтын системийг бий болгосноор энэ зовлон арилах юм. Бас нэг төлөвлөж байгаа зүйл бол 21 аймгаа 21 улстай хамтран ажиллуулах төсөл хөтөлбөр боловсруулж байна Хуучнаар бол шефийн холбоо тогтоох гэх үү дээ. Одоо эхний байдлаар 3 улстай холбогдож, хамтын ажиллагааны эхний шат тавигдаад байгаа. Нэг аймагт жилд 100 мянган долларын төсөл хэрэгжүүлэхэд  тухайн аймгийн хувьд чамгүй том ажил болно шүү дээ. Энэ ажлын хүрээнд Аялал жуулчлалын сайдуудын уулзалтыг Монголд ирэх жил зохион байгуулах томоохон зорилготой байгаа.

Дээр хэлсэнчлэн Монгол хүн бүрийн хүчин зүтгэл шаардлагатай гэдэг үүднээс монголчууд, оюутнууддаа хандан “Нэг монгол-нэг жуулчин" гэх уриалгыг дэвшүүлэхээр төлөвлөж байгаа. Гадаадад сурч байгаа нэг оюутан нэг жуулчин эх орон руугаа татаж чадахад л ихээхэн том ажил болно шүү дээ гэх мэтчилэн хийхээр төлөвлөсөн ажлууд бий.

-Баярлалаа та бүхэнд амжилт хүсье.

Т.АЛТАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж