ТӨХК-иудын хувьчлалын салхийг "Монголын хөрөнгийн бирж" хагална

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

ТӨХК-иудын хувьчлалын салхийг "Монголын хөрөнгийн бирж" хагална

ТӨХК-иудын хувьчлалын салхийг "Монголын хөрөнгийн бирж" хагална

Засгийн газар төрийн өмчит компаниудын ашигт ажиллагаа, засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулж, төсөвт төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Засаглал, бүтцийн өөрчлөлт, ногдол ашгийн бодлого”-ын шинэчлэл хийх шийдвэр гаргасан. Төрийн өмчийн компаниудыг үйл ажиллагаа, санхүү, ашигт ажиллагааны үр дүнгээр нь үнэлж дүгнэх, хариуцлага тооцох бөгөөд энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил тод, нээлттэй болгохоо мэдэгдсэн билээ. Түүнчлэн ногдол ашгийн бодлогыг олон улсын жишигт нийцүүлснээр төрийн өмчит хуулийн этгээд зардлаа хэмнэх, ашгаа нэмэгдүүлэх, оновчтой хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргах хөшүүрэг бий болно гэж үзэж буйгаа танилцуулсан нь саяхан.

Засгийн газар өчигдөр (2022.06.29) ээлжит хуралдаанаараа 2022-2023 онд биржээр дамжуулан Төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, олон нийтийн хяналтад шилжүүлэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор жагсаалтад багтсан хуулийн этгээдүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулах, нэмэлт хувьцаа гаргах тоо хэмжээ, нэгж үнийг тогтоохыг үүрэгдсэн. Мөн нэмэлт хувьцааг тэргүүн ээлжид худалдан авахыг компанийн одоогийн хувьцаа эзэмшигчдэд санал болгох эсэх, Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх, хувьцааг худалдан борлуулснаас олох орлогыг тухайн компанийн техник технологийг шинэчлэхэд зарцуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгаад буй юм.

Монгол Улсад нийт 470 гаруй төрийн өмчийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй мэдээлэл бий. Эдгээр компаниудын засаглалыг сайжруулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн чиг үүрэг, оролцоо, хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлагатайг салбарынхан онцолсоор ирсэн билээ.

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрууд 2011 онд хоёр их наяд төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2021 онд 10 их наяд болж нэмэгджээ. Хэдийгээр орлого нэмэгдсэн ч зардал нь дагаад өссөн. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байгаагийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж буй бөгөөд дийлэнх нь эрчим хүчний салбарт хамрагдаж буй юм.

ИРЭХ ОНД “МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО”, “ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ”-ЫН
34 ХУВИЙГ НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛНА

Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьчлалын "салхи"-ийг  “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК хагална. Тус биржийн 34 хүртэлх хувийг хамгийн эхлээд буюу 2022 оны IV улиралд багтаан олон нийтэд нээлттэй арилжаалахаар тогтжээ. 1991 онд байгуулагдсанаас хойш 2011 онд Лондоны Хөрөнгийн биржтэй ажлын мастер гэрээ байгуулж, 2015 оноос өөрийгөө зохицуулах байгууллага болж өөрчлөгдсөн. 2016-2020 оны хооронд “Монголын Хөрөнгийн бирж”-ийн баланс 5.7 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2021 онд анх удаа 3.3 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

“Монголын Хөрөнгийн бирж” 2021 онд 5.5 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өмнөх оноос 4.9 дахин өссөн үзүүлэлт юм. Үйл ажиллагааны зардал нь 1.23 тэрбум төгрөг, MIT системийн ашиглалтын зардал 938 тэрбум төгрөг төлсөн нь өмнөх хоёр жилийн түвшинтэй ойролцоо гарчээ.

Хувьчлалд хамрагдах дараагийн компани “Монголын цахилгаан холбоо”, “Үндэсний давхар даатгал”. Ирэх оны 2023 оны эхний улиралд багтаан тус компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалахаар төлөвлөжээ.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн хувьд 1995 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувьцаат компани болон зохион байгуулагдсан. 2018 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн БНСУ-ын эзэмшлийн хувьцааг Монгол Улсын Засгийн газар худалдан авснаар тус компанийн хувьцааны 94.7 хувийг эзэмшиж буй юм.

“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 166 дугаар хурлаар компанийн 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1 (нэг) төгрөг байхаар тогтоон, ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэж, 2021 оны эхний хагаст багтаан ногдол ашиг тараажээ.

“Үндэсний давхар даатгал” ХК нь Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн дагуу Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нэртэйгээр байгуулагдсан. Байгалийн болзошгүй болон гэнэтийн эрсдэлээс малчид, тариаланчдыг хамгаалан, олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын үйлчилгээ үзүүлж, дотоодын даатгалын компаниудыг давхар даатган ажилладаг.

Гадаад валютын гадагшлах урсгалыг бууруулах, давхар даатгалын зардлыг багасгах зорилгоор Засгийн газрын 2018 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 303 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн нэрийг “Үндэсний давхар даатгал” ХК болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн.

Тус компанийн хөрөнгө 2020 оны байдлаар 55 тэрбум 716 сая, жилийн цэвэр ашиг нь 2 тэрбум 820 сая төгрөг хүрчээ.

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдаж, 2007 оны долдугаар сараас албан ёсоор үндсэн үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ болох улс, хот хооронд, орон нутгийн дамжуулах байгууламжийн нэгдсэн сүлжээг эзэмшин, тэдгээрийн байнгын тасралтгүй ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж буй юм.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэгч салбарын компаниуд төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд дэд бүтцийг нээлттэй, тэгш эрхтэйгээр түрээслэн, сүлжээний тасалдалгүй найдвартай байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Монгол Улсын өндөр хурдны шилэн кабелийн сүлжээний 47.3 хувь буюу 21 аймаг 294 сум, суурин газрыг хамарсан 18165 км шилэн кабелийн сүлжээ, Улаанбаатар хот, хөдөө орон нутагт 11499 холбооны худаг, 899442 метр урт бүхий сувагчлал, Улаанбаатар хот, 21 аймаг, 390 сум, суурин газарт байр, цамхаг эзэмшиж мэдээлэл харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, төрийн болон бизнесийн байгууллагад үйлчилгээгээ хүргэн ажиллаж буй.

“Мэдээлэл, технологийн үндэсний парк” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар (ААТҮГ). Шинжлэх ухаан, технологийн мэдээллээр иргэдэд үйлчлэх үүрэг бүхий Шинжлэх ухаан, техникийн мэдээллийн төвийг анх байгуулж, 1974-1979 онд шинэ байр барьж ашиглалтад оруулсан. Тус төвийг мэдээллийн технологийн хөгжлийн хэтийн чиг хандлагыг судлах, боловсрол, шинжлэх ухаан, технологийн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулж, хөгжүүлэх, хэрэглэгчдэд мэдээллээр үйлчлэх, технологи дамжуулах үйл ажиллагааг зуучлах чиг үүрэгтэйгээр Шинжлэх ухаан, технологийн мэдээллийн төв корпораци болгон өөрчлөн байгуулжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болон Дэд бүтцийн сайдын 210/216 дугаар хамтарсан тушаалаар МТҮП-ийг төрийн өмчийн, ашгийн бус байгууллага хэмээн тодорхойлж, дүрмийг баталсан байна. “Мэдээллийн технологийн үндэсний парк байгуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2002 оны зургадугаар  сарын 1-ний өдрийн 107 дугаар тогтоолоор ШУТМТ корпорацийг өөрчлөн зохион байгуулж, Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП)-ийг байгуулжээ.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүдийн технологийн хөгжлийг гүйцэх, зэрэгцэн алхах зорилгоор үйл ажиллагаандаа бодлогын томоохон шинэчлэл хийж, 21 аймаг 9 дүүргийг холбожээ.

ОЛОН НИЙТЭД 34 ХҮРТЭЛХ ХУВИЙГ НЬ НЭЭЛТТЭЙ АРИЛЖААЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД

Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард нэр бүхий 36 төрийн өмчит компанийн 34 хүртэлх хувийг олон нийтэд арилжаалахаар болсноо зарласан. Олон нийтэд хувьцааг арилжихдаа нэг иргэн, хуулийн этгээд хамгийн ихдээ таван хувиас хэтрүүлэхгүй байхаа мэдээлсэн билээ. Учир нь улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах, хөрөнгийн тэгш бус байдлыг багасгах, бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, шударга өрсөлдөөнийг хангахад чухал нөлөөтэй гэж үзжээ.

Дараах компаниудын 34 хүртэл хувийг энгийн хувьцаа нэмж гарган, Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан, нээлттэй хувьцаат компани болгохоор төлөвлөсөн (дараах жагсаалтаас хасагдсан компаниудын нэр өнөөдрийн байдлаар тодорхой болоогүй байна)-ийг дахин сануулъя. Үүнд:

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК​;

“Монголын цахилгаан холбоо” ХК​;

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК;

"Мэдээлэл, технологийн үндэсний парк" ТӨҮГ

“Үндэсний давхар даатгал” ХК​

"Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК

"Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК​

"Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК

"Дархан дулааны сүлжээ" ТӨХК​

"Диспетчерийн үндэсний төв“ ХХК​

"Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК​

"Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

"Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК

"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК

"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК​

"Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ”  ТӨХК​

"Баянчандмань АЗЗА" ТӨХК​

"Налайх АЗЗА" ТӨХК​

“Архангай-АЗЗА” ТӨХК

“Багануур-АЗЗА” ТӨХК

“Булган-АЗЗА” ТӨХК

“Говь-Алтай-АЗЗА” ТӨХК

“Дархан-АЗЗА” ТӨХК

“Дорноговь-АЗЗА” ТӨХК

“Завхан-АЗЗА” ТӨХК​

“Орхон-АЗЗА” ТӨХК​

“Өвөрхангай-АЗЗА” ТӨХК​

“Сэлэнгэ-АЗЗА” ТӨХК

“Талын зам” ТӨХК

“Төв-АЗЗА” ТӨХК​

“Увс-АЗЗА” ТӨХК

“Харгуй” ТӨХК

“Хархорин-АЗЗА” ТӨХК

“Ховд-АЗЗА” ТӨХК​

“Хөвсгөл-АЗЗА” ТӨХК

“Эрдэнэсант-АЗЗА” ТӨХК​.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж