Урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрагдах иргэдийн ирц тоон мэдээллээс харахад зургадугаар сард дорвитой өсөөгүй. Үүнийг албаны хүмүүс сургууль цэцэрлэг амарч, зарим хүн хангалттай мэдээлэл аваагүйтэй холбож тайлбарлаж буй. Гэхдээ иргэд эрт илрүүлгийн оношилгоо эхэлсэн цагаас хангалттай дүн тавихгүй байгаа. Учир нь насны ангиллаар гаргасан багц тус бүрд урьдчилан сэргийлэх үзлэгийг хангалттай тусгаж өгөөгүй зэрэг гомдлыг хэлж байна. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хүүхдийн багц үзлэгт олон хүн гомдол гаргасан. Үүнд албаны хүмүүс ч тухай бүрд нь тайлбар мэдээлэл хийж байв. Эрсдэлээс сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамрагдах иргэдийн ирц бага байгааг албаныхан тайлбарлахгүй. Нэг талаар, иргэд эрсдэлээс сэргийлэх дургүй, нөгөө талаар үлэг хангалттай бус санагдаж байгаа гэж шалтгаан олон бий. Мөн иргэд мэдээлэл дулимагаас эрт илрүүлэгт хамрагдах хугацаа нь өнгөрсөн зэрэг шалтгаан нөхцөл их бий. Тэгвэл бодит нөхцөлд эрт илрүүлэг үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоог улс даяар нэг жилийн турш үргэлжлүүлнэ. Гэтэл иргэдэд мэдээлэл дутуу хүрч байгаан улмаас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байгаа гомдол мэдээлэл ЭМЯ-нд гаргах нь ирэссэн. Тэр дундаа хүүхдийн үзлэгт тодорхой шинжилгээг тусгаж өгөхийг иргэд хүсчээ.
Яамнаас өгсөн мэдээллээр үзлэгт хамрагдах иргэд рүү хорооноос утсаар холбогдож, үзлэгийн урилга өрхийн эмнэлгээс очиж авахыг зөвлөж байгаа. Урилгаа авсны дараа харьяа дүүргийн эмнэлэгтээ очиж шинжилгээ өгнө. Зарим иргэд утасны дугаар сольсонтой холбоотой мэдээлэл очихгүй байх тохиолдол бий. Тиймээс цаасан урилгыг мөн хүргүүлж байгаа. Товлосон өдөртөө очоогүй хүмүүс сардаа багтаж багцын үзлэгтээ нөхөн хамрагдаж болно. Иргэд төрсөн сар, өдрийн дарааллаар үзлэгт хамрагдана гэж ташаа ойлголттой байна. Үүнд санаа зовох шаардлагагүй бөгөөд ЭМД төлсөн хүн бүхэн эрт илрүүлэгт хамрагдаад явна гэх тайбарыг өгсөн.
Эрт илрүүлэг нэг жилийн хугацаанд үргэлжлэх учир оочер дараалал үүсгэх шаардлагагүй төдийгүй үзлэг оношилгоо ч сайн болохыг ЭМЯ-аас тайлбарлаж буй. Мөн өвчлөл хүндрэх эрсдэлийг бууруулах давуу талтайг онцоллоо.
Тодруулбал, Монгол Улсын 15-69 насны гурван хүн тутмын нэг, 45-69 насны хоёр хүн тутмын нэг нь халдварт бус өвчнөөр өвдөх эрсдэлтэй. Энэ эрсдэлд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй харьцуулбал 1.5 дахин их гэсэн судалгаа гарчээ. Монгол Улсад хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлж, нас барсан гурван тохиолдол бүрийн нэг нь зүрх судасны өвчний шалтгаантай байна. Тиймээс иргэд өөрийн насны бүлэгт хамаарах багцын үзлэгт заавал хамрагдсанаар өвчлөл аль нэг шатанд хүндэрсэн эсэх болон цаашид эрүүл мэнддээ хэрхэн анхаарах мэдээллийг авч байгаа аж. Харамсалтай нь улсын хэмжээнд эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн тоон үзүүлэлтээс харвал мэдээлэл авч, өвчнөө эхэн шатанд нь илрүүлж байгаа хүн нийт масс дунд тун цөөн.
ОДООГИЙН БАЙДЛААР ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮМҮҮСИЙГ НАСНЫ БҮЛГЭЭР
Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээлснээр урьдчилан сэргийлэх эрт үзлэг нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд өдөрт 40-60 хүнийг үзэхээр төлөвлөсөн. Энэ нь өөрөө үзлэг оношилгоо илүү чанартай хүртээмжтэй байх үүднээс хуваарилалт хийсэн. Яагаад гэхээр эмнэлгүүдийн хүчин чадал харилцан адилгүй. Үүнээс үүдэн 40-60 хүн өдөрт үзнэ гэж эрүүл мэндийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.
Харин зарим хүн цахим хуудастаа харьяа эмнэлэгтээ очсон ч дээд тал нь өдөрт 10 хүн л үзэж байгааг бичжээ. Мөн шинжилгээний хариугаа аваад дараагийн шатлалд үзүүлэх гэхээр дахин 2-3 сарын дараах дугаар олгож байгааг шүүмжилсэн байна.
Иргэд 18-30, 31-45, 45-60, 60-аас дээш насны ангиллаар шинжилгээнд хамрагдаж байгаа. Одоогоор илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн хэчнээн хувьд өвчлөл илэрсэн зэрэг статистик мэдээг нэгтгээгүй байна. Хэрэв үзлэгт хамрагдсан хүмүүст хавдар болон бусад өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн, хүндэрсэн тохиолдолд яаралтай шилжүүлж дараагийн шатны эмнэлэгт шилжүүлж байгаа аж. Харин бодит байдал дээр иргэд, ЭМЯ-ны хооронд эрт илрүүлгийн тухайд зөрүүтэй мэдээллүүд байсаар байна. Тиймээс эрт илрүүлэг үүргээ гүйцэтгэхэд иргэдийн оролцоо чухал төдийгүй салбар яамны анхаарал ч сайн байх хэрэгтэй.
Холбоотой мэдээ