Мартин Нимёллерийн нэг алдартай үг байдаг. "Германд тэд эхлээд коммунистуудыг барихаар ирэв. Би коммунист биш учир дуугарсангүй. Тэд дараа нь еврейчүүдийг барихаар ирэв. Би еврей биш учир чимээгүй л байв. Дараа нь тэд үйлдвэрчний эвлэлийнхний хойноос ирэв. Би үйлдвэрчний эвлэлтэй холбоогүй учир юм хэлсэнгүй. Удалгүй тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй. Тэд нэг өдөр намайг барихаар ирэв. Миний төлөө дуугарах хүн эргэн тойронд үлдээгүй байлаа" гэж.
Сахал Д.Эрдэнэбилэгээс “Эрдэнэт”-ийн 49 хувийг дээрэмдэхэд бид дуугүй л байлаа. Ихэнх нь Д.Эрдэнэбилэгийн өмчийг Ц.Нямдорж ард түмэнд авч өгсөн гэдэгт итгэв. Атал “Эрдэнэт” нь ард түмний өмч биш Ардын намын саалийн үнээ болов. Салхитын мөнгөний ордыг Г.Занданшатар очиж булааж авахад бид алга ташин дэмжлээ. Монголын баялаг дээр эзэн суусан хятадуудаас төр өмчөө эргүүлэн авсанд, ашгаар нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэнд баярлацгаав.
Авчиг энэхүү ордын шинэ эзэн нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга болсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдав. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас шагшрах билээ. Асгат болон Салхитын мөнгөний ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг “Эрдэнэс Силвер Ресурс”-ийн захирал Т.Мөнхбаярын энгэрт Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга зүүж өгсөн бий.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийтийн эзэмшлийн талбайд барьсан гражуудыг албадан буулгахаар шийдвэрлэсэн. Иргэд энэхүү шийдвэрийг баяртайгаар дэмжицгээв. 2022 онд нийтдээ 4900 орчим граж буулган, ногоон байгууламж болгохоо амлаж байсан ч ахиад граж барих тухай яриа дэгдэв. Нийт чөлөөлсөн талбайд 2-3 давхар автомашины граж барих санал орж ирсэн болохыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх үүднээс гэх тайлбартайгаар Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэллээ. Эхний удаад Богдхан уулын нутаг Дугуй цагаан орчимд барьсан шавар гэрүүдийг нураав. Газрын төлбөрөө төлөөгүй, зориулалтын бусаар ашигласан, байгаль экологид сөргөөр нөлөөлсөн гэх мэт олон шалтаг, шалтгаантай байсан нь сайхан далим болсон ч биз. Архидалтын үүр овоохой болсон шавар тагзнуудыг буулгахыг “ард түмэн” дэмжлээ. Уул, хад руу чөлөөтэй алхах, аялах, амрах газартай боллоо гэж тэр шүү дээ.
Гэтэл Дугуй цагаан орчимд залуучуудад зориулсан эко театр барихаар, 1.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг хэдийнэ эхлүүлснийг харвал эртнээс төлөвлөсөн “дээрэм” байж мэдэхээр.
Дугуй цагаан орчимд барьсан шавар гэрүүдийн эзэн нь “Энигма”-гийн Л.Мөнхбат болох нь илчлэгдсэн. Тус компани Монголын хууль, дүрмийг үл тоож, ёстой л “намайг хэн хэлэх” вэ гэж ирсэн бололтой. Сургуулийн зориулалттай гэх нэрээр тэрбум гаруй төгрөгийн газрын төлбөрөөс бултсан, гэтэл тусгай хамгаалалттай газар нутагт сургуулийн үйлчилгээ явуулахгүй гэж заасан байдаг аж.
Үнэндээ “Энигма” компанийн захирал Л.Мөнхбат адгийн шаар, хулгайч, дээрэмчин байлаа ч гэсэн төр түүн шиг адгийн дээрэмчин байж болохгүй. Эрх зүйт төр мөн бол Л.Мөнхбатын хулгайлж, луйвардсаныг нь хуулийн дагуу нотлоод хурааж авах ёстой юм, уг нь.
Араас залгуулаад БЗД-ийн 15 дугаар хороололд байрлах, шатаад арав гаруй жил болж буй “East” төвийн барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн болгох саналтай байгаагаа хотын дарга Д.Сумъяабазар илэрхийлжээ. Олон нийт ч дагаж хуйлраад эхлэж.
Балгас нь балгас. Гэхдээ балгас байлаа ч хүний өмчийг хүчиндэж болохгүй. Хэдийгээр “Батцагаан” гэдэг нэртэй шорон байсан ч гэлээ. Тэнд Манлайбаатар Дамдинсүрэн босоогоороо нас барсан ч байсан. Хотын дарга Д.Сумъяабазар “Эх орончдын тусгаар тогтнолынхоо төлөө халуун амьсгалаа хураасан энэ газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, Цэцэрлэгт хүрээлэн болгох” хүсэлтэй байвч.
Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй, балгас болсон барилгуудыг нураая гэж үнэхээр хүсч байгаа бол эзэмшигчээс нь худалдаж авахаас өөр аргагүй байхгүй.
Энэ мэт хотыг гутаасан түүхт барилгууд цөөнгүй. Жишээ нь, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын дүү Асашёорюү Д.Дагвадоржийн эзэмшдэг Улсын циркийн барилга байна. Хуучирч нураад, уушний газар болж хувирчихсан. Үүх түүхийг нь сөхвөл, 1971 онд Румын улсын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан байдаг. Д.Дагвадорж зөвхөн менежментийн хувьчлалаар авсан, зориулалтын бусаар ашиглаж буйн хувьд Д.Сумъяабазар дүүгээсээ Улсын циркийг төрд авах нь жинхэнэ шударга шийдвэр болно. Улсын циркийг төрд эргүүлэн авна гэхээр урдаас нь хотын цирк барьж өгнө гэж циркчдийг хулхиддаг байж болохгүй.
Манай хотын дарга бүгдийг нурааж, дээрэмдэхдээ зөвхөн хууль дүрмийн дагуу ажиллах ёстой юм. Өөрөөр хэлбэл, дүүгийнх нь өмчийг хамгаалж, бусдын өмчийг булаадаг байж болохгүй. Нөгөөтэйгүүр, бусдын өмчийг төр дээрэмдэхийг өнөөдөр дэмжиж, балиашиглаж байж болно. Маргааш чиний өмчийг төр хуульгүй дээрэмдэнэ л гэсэн үг.