УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан /2022.06.30/ үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваанаас хэлэлцэх асуудлыг тов дарааллыг өөрчлөх санал гаргав. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу О.Цогтгэрэл нарын есөн гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлэх санал гаргалаа.
Санал хураалтаар гишүүдийн 55 хувь нь дэмжсэнээр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх болов. Зарчмын зөрүүтэй санал хэлэхээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Азийн гөлөг намаар удирдуулаад байна. 1980 оны залуу гайхамшигтай сайхан удирдана гэсэн хаана байна. АН-ын хэдэн гишүүнийг барьцаалаад бүгдийг нь яллагдагч болгосон. Ийм барьцаалагдсан маягаар хэлэлцэж болохгүй. Хэлэлцэхийг хойшлуулсан нь дээр байх. Ард түмний амьдрал тэсэхүйеэ бэрх болоод ийм хачин юм ярьдгаа боль. Та нар ЖАН-тай нийлж АН-ын бүлгийг бусниулахаа боль. Ийм зүйл Ардчилсан улсад байж болохгүй.
УИХ-д хийх ажил алга уу. Яаралтай хэлэлцэнэ гэнэ. Ямар юманд барьцаалагдаад яагаад байгаа юм. Засгийн газарт хариуцлага тооцоод хулгайч луйварчидаа хариуцлага тооц. Гэтэл ийм юм яриад суух нь ичгэвтэр биш үү. УИХ-ын гишүүд гэмт хэргээрээ барьцаалагдчихаж ээ. Та нарт ард түмнээ гэх сэтгэл байхгүй байна" гэлээ.
Хариуд нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Д.Ганбат гишүүний ярьж байгаа шиг хууль зөрчиж буй асуудал алга. Д.Ганбат гишүүн удаа дараа барьцаалагдсан мэтээр гүтгэж байна. Хууль тогтоох байгууллагын гишүүн бусдыг гүтгэж болохгүй. Хэрвээ нотлох баримт байдаг бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй.
ТББХ-ны дарга Ж.Мөнхбат "АН-ын бүлгийн гишүүд бүлэг дотроо асуудлаа учраа олохоо болиод хууль санаачилсан. Энэ асуудал МАН, УИХ-тай холбоогүй. Дэгийн хуулиар хэлэлцэхээс өөр аргагүй. АН дотооддоо учраа олж эв нэгдэлээ ханга. Хэрэлдмээр байгаа бол өрөөндөө ороод хэрэлд АН-ынхан" гэв.
БИ ТАНКЧИН ШИГ БАЙНА, ХАРААРАЙ
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын дарга уншиж танилцуулж байна. Дараа нь санал хэлэхээр АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Хүний олон хүнээ барьж иддэггүй гэж ярьдаг. Гэтэл тэр заншил УИХ-д байхгүй байна. МАН-ын олонх, дарга нь зааварчилгаа өгсөн гэнэ лээ. АН-ыг их самарч байна аа. Яаж ирсэн тэр замаараа буцах байх. Энэ санал хураалт сүрэг өлсгөлөн чоно нэг хонийг хэрхэн идэх талаар санал хураалт явуулах гэж байна. УИХ-ын түүхэнд хар толбо үлдэнэ. Баяр наадмын өмнө муухай юм даа. Азийн "гөлөг" намынхан, "гөлөг" Ерөнхий сайдтай байгаа нь харамсалтай байна. Би танкчин шиг байна, хараарай. Угаасаа миний мэргэжил юм. Манай энэ хэд яах вэ. Хүн алдаж ононо. Хожим гутамшигтай байдалд орох байх. Өрөвдөж байна энэ хэдийг" гэв.
АН-ЫН БҮЛЭГ ЗӨНӨСӨН ӨВГӨНИЙ ҮГЭЭР ЯВДГАА БОЛИХ ЁСТОЙ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Парламент бол бүгдээрээ хэлэлцэж үйл ажиллагаа явуулдаг газар. АН-ын бүлэгт ямар гай гамшиг тохиолдсон бэ гэхээр олонхоор хуралдах ардчиллын зарчим алдагдаж 7-8 сар боллоо. Үүнийг ярьж байгаад гарц гаргалгаа олохын тулд хуулийг өргөн барьсан. АН-ын бүлэг даварсан, зөнөсөн, хэлсэн ярьснаа мэдэхгүй өвгөний үгээр явахаа болих ёстой. Энэ хуулийн дагуу нөхцөл байдал шийдэгдвэл парламентад суудалтай намууд, хэлэлцүүлэг хийх боломж бүрдэнэ. Юу ярьж байгаагаа мэдэхгүй өвгөн АН-ын бүлгийн нэрийг барьж завсарлага авдаг, дүгнэлт уншдаг, хаа газраа Монголын ардчиллын нэр хүндийг гутаадаг байдлаас гарахын тулд, уг хуулийг байнгын хороогоор оруулж ирсэнд талархалтай байна. Парламент бол үзэл бодлын уралдаан, олонхын хүсэл эрмэлзэл дээр явах ёстой. Найман сар Д.Ганбат Монголын ардчиллыг гутаалаа. Сүүлдээ юу ярьж байгаагаа мэдэхгүй Украины туг бариад “элийрээд” явдаг болж. Эргүү гэхэд бүр солиотой нь тодорхой боллоо. Хамт явсан нөхдөө намаасаа "жийнэ". Энэ хуулийг батлахыг нийт гишүүдээс уриалж байна” гэлээ.
ЖИЖИГ АМБИЦАА ХОЙШ НЬ ТАВИАД УЛС ОРНЫХОО ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАЯ
УИХ-ын дарга дээрх асуудалтай холбогдуулан “Парламент сөрөг хүчинтэй байх ёстой. Парламент сөрөг хүчингүй байвал ард түмэн сөрөг хүчин болоод байна. Сөрөг хүчний зохион байгуулалтад орж ажиллахыг улс орны эрх ашиг шаардаж байна. Д.Ганбат гишүүнээ бид төрийн сүлдэндээ тангараг өргөж, Монгол төрийн далбаанд тангараг өргөсөн, Монгол төрийн илч төлөөлөгчид. АН-ынхаас хичээнгүйлэн хүсэх зүйл байна. Парламент олон ургальч үзлийн үүднээс үзэл санааг бэхжүүлэхийн тулд зохион байгуулалтад орох хэрэгтэй. Цэрэггүй жанжин байж болохгүй. Хуваагдаж хэрэггүй. Жижиг амбицаа хойш нь тавиад бүлэг, нам нэгдээд улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч ажиллая. Ингээд болохгүй болохоор гишүүд хууль санаачилж байна. Үүнийг хойш тавих эрх байхгүй.Олонхоор шийдэх зарчмаараа явна” гэв.
Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж гишүүдийн олонх дэмжсэнээр эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ-д шилжүүлээ.
Холбоотой мэдээ