“Khan” компани “ARMZ”-ыг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

“Khan” компани “ARMZ”-ыг шүүхэд өгчээ

Канадын “Khan Resources Inc”(CA: KRI) ("Khan") компани наймдугаар сарын 20-нд “Атомредметзолото” компани болон түүний хөрөнгө оруулалттай “Приаргунский” компаниудын талаар Онтариогийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар “The Wall Street Journal” дамжууллаа.

Уг нэхэмжлэлийг “Khan” компани өөрийн зарим салбартай хамтран гаргасан бөгөөд “ARMZ” болон түүний харъяа компаниудын учруулсан хохирлын төлөө 300 сая канад доллар нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлдээ “Khan” компанитай хамтран “Central Asian Uranium” компанид хөрөнгө оруулалт хийсэн “ARMZ” компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ашиг сонирхол, эдийн засгийн үйл ажиллагаанд нь хохирол учруулсан. Ийм учраас үүнийг таслан зогсоож, өөрийн бизнесийн нэр төр, өмчийн эрхийг хамгаалж, дахин ийм зүйл гаргуулахгүй байх үүднээс ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэж дурджээ.

“ARMZ” компани “Khan” компани болон Монголын Засгийн газартай хамтран Монголын Дорнодын ураныг олборлох хамтарсан компани байгуулан ажиллаж байсан ч “Khan” компанийн ашиг сонирхлыг харгалзалгүйгээр эрх ашгийг нь зөрчиж Монголын төрийн өмчийн “Мон Атом” ХХК-тай харьцах харилцаанд хөндлөнгөөс саад учруулж, “CNNC Overseas Uranium Holding Ltd” компанитай харилцах харилцаанд саад болсон, энэ нь “Khan” компанийн салбарууд болон хувьцаа эзэмшигчдэд хохирол учруулсан үйлдэл болсон гэж мэдэгдсэн байна.

“Khan Resources” компанийн ерөнхийлөгч ноён Грант Эдей гаргасан мэдэгдэлдээ “Khan компани ARMZ болон түүний салбаруудын явуулж байгаа үйл ажиллагаануудыг анхааралтай ажиглаж дүгнэлт хийсээр байгаа. Эдгээр дүгнэлт дээр үндэслэн бид өөрийн компанийн сонирхол, эрх ашгийг хамгаалж, Khan компанид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд эрх зүйн дагуу албан ёсоор нэхэмжлэл гаргахаас өөр арга замгүй болсон гээд “ARMZ компани Дорнод ураны өмчийг өөрийн болгохыг гол зорилгоо болгож байгаагаа нуухгүй байгаа юм” тэрээр гэж өгүүлжээ. Түүнчлэн “ARMZ” компани “Khan” компанийн хөрөнгө оруулалттай компанийг хүчээр түрэн худалдаж авах гээд бүтэлгүйтсэний дараа “ARMZ” болон түүний холбоотнууд “Khan” компанийн хууль ёсны эрх ашгийг харгалзан үзэлгүй лицензийг нь хүчингүй болгож өөрийн болгох  арга саам хайж эхэлсэн. Тийм учраас “Khan” компани өөрийн Канад дахь болон Монгол дахь бизнесийн эрх ашиг, нэр хүндээ эрч хүчтэйгээр хамгаалахаар зорьж байна гэжээ.

Т.БАДРАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж