"Төрийн албаны зөрчилтэй 5813 томилгоог илрүүлсэн"

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Live"Төрийн албаны зөрчилтэй 5813 томилгоог илрүүлсэн"

16 : 27
2022-6-30

"Төрийн албан хаагчийн цалинг шийдэж байж хариуцлага нэх"

Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Төрийн албаны хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ төрийн албан хаагчдын сахилга, хариуцлагын асуудлыг ярьж байгаа. Үүнээсээ өмнө тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлсийг ярих хэрэгтэй байна. Төрийн зарим алба хаагчид 500-600 мянган төгрөгийн цалинтай байна. Гэтэл тэтгэврийн доод хэмжээ 500 мянгад хүрсэн. Ийм цалинтай хүмүүстэй сахилга, хариуцлага нэхээд яах вэ? Хэнтэй ёс зүй ярих юм бэ? Энэ бол нэг хүний гар утасны мөнгө байна шүү дээ. Цалингийн шатлалын асуудлыг давхар оруулж ирээч ээ. Хоёрдугаарт орон нутагт төрийн албанд ажиллах боловсон хүчин байхгүй болсон. Төрийн үйлчилгээний алба хашиж байгаа алба хаагчдыг төрийн жинхэнэ албанд томилох нь хамгийн хүнд асуудал байна.Гуравдугаарт, ажлын байрны дүгнэлт тодорхойлолт гэж шаардлага тавьснаас болж орон нутгийн Засаг даргын тамгын газарт ажиллах хүн олдохгүй байна. 

Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Төрийн албанд тавигдах хугацааны шаардлага хуулийн төсөлд орж ирсэн. Харин энэ хуулийн төсөлд цалин хөлсний асуудал орж ирээгүй. Үзэл баримтлалыг хүрээгээр нь оруулж ирж байна.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

Өндөр давтамжтай ирж байгаа хүсэлт бол төрийн албан хаагчдын цалин хөлсийн асуудал. Энэ хуулийн төсөлд орж ирээгүй боловч холбогдох яамдтай ярилцсан. Төрийн албан хаагчийн цалингийн төсөөлөл, орон сууц, үр дүнд суурилсан цалин хөлс зэрэг асуудлыг өөр хуулиар оруулж ирнэ.  Орон нутгийн нэмэгдэл байвал ямар вэ гэж судалж байна. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эмнэлгийн удирдах ажилтан зэрэг нь тухайн орон нутгийнхаа захиргааны байгууллагад шилжих боломжгүй байдаг. Гэхдээ тэдний шилжин ажиллах боломжийг уг хуулиар оруулж ирж байгаа. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга бат гээд яриад байдаг. Гэтэл үүнийг иж бүрнээр нь шийдэх хэрэгтэй шүү дээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн алба чадвар дээр суурилах ёстой. Энийг хамгийн сайн чаддаг нь Япон улс. Яаж шийддэг вэ гэхээр шалгалтаар явдаг. Японд төрийн албанд орсон бол 7 шалгалт өгдөг. Хятадад бол 14 байдаг. Манайд нэг удаа л шалгалт өгдөг. Үүнийг үе шаттайгаар нэмэх боломжтой юу? Цалингийн асуудалд Адьшаа гишүүнтэй санал нийлж байна. Төрийн албанд 700 мянгын цалинтай ажилласнаас гэртээ суусан нь дээр байна. Зар тавиад хүн олдохгүй байна. Төрийн үйлчилгээг цахимжуулаад төрийн албан хаагчдыг цөөлөх нь үү гэтэл хороодын тоог нэмээд байна шүү дээ. Үүний ард улс төрийн нөлөө байна. Гэтэл төрийн алба улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой. НҮБ-ын харъяа байгууллага, олон улсын байгууллагад ажилласан хүмүүсийн туршлагыг дүйцүүлнэ гэсэн заалтыг дэмжиж байна. Журам нь яаж байх вэ? Тэдний цалингийн ялгааг яах вэ?

Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Хугацааны шаардлагыг бууруулъя гэдэг агуулга орж байгаа. Төрийн захиргаа, үйлчилгээний ажлуудыг дүйцүүлэх зэрэг агуулга орж ирж байна. Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагад ажилласан хүмүүсийг төрийн албанд ажилласан жилийг нь дүйцүүлж болох юм гэж үзэж байна. Цалин хөлсний асуудлыг шийдэхээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Бусад орны арга туршлагыг судлахад төрийн албаны чадвар, албан хаагчдын чадавхид суурилж байна. Өндөр шалгууртай төрийн албанд ажиллаж байгаа бол нэг албан тушаалд гадны нөлөөгүй өрсөлддөг болох боломжийг олгосон сонгон шалгаруулалт явуулна. Ёс зүйд суурилсан карьерын системийг судалж байна. Дэлхийн төрийн алба болох НҮБ-д ороход босго шалгалтуудтай. Тэр шалгалтыг нь манайд зөвшөөрдөг болъё. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Төрийн албанд 10 хүнтэй хэлтэс байлаа гэхэд ажил хийдэг ганц хоёр хүн байдаг. бусад нь чирэгдээд л явдаг. Харин яг тэр хүмүүст нь цалин хөлсийг нь ахиу олгоод чанаржуулах боломжтой юу? 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Өргөн барьсан төслөөр арай өөр хүрээнд асуулаа. Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг иж бүрэнээр нь шийдэх гээд ярилцаж байгаа. Төрийн албаны шинэтгэлийн хоёрдугаар үе шатад олон зүйлд өөрчлөлт орохоор байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Улаанбаатарт бол төрийн албанд ажиллах хүмүүс олдоод байна. Харин хөдөө орон нутагт бол хүн олдохгүй байна. 4-5 жил их сургууль сураад, төрийн албан шалгалт өгөөд хөдөө орон нутагт очиж ажиллавал цалин хөлс нь хамаг хасалтаа хийлгээд гар дээр хангалтгүй байна шүү дээ. Төрийн албаны шалгалт аваад байдаг ч тэнцэх хүн олдохгүй байна. Энийгээ өөрчлөх боломжгүй юу? Төрийн албаны орон тоо онгорхой байхаар нэг хүн 2 хүний ажлыг хийгээд байна. Орон нутагт төрийн албан хаагч дутуугаас ард иргэд үйлчилгээ авч чадахгүй байна. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн орон байрны асуудлыг бас шийдэх боломж юу байна. Залуучууд хөдөө очоод айлын байр, байшин түрээслээд амьдрах хэцүү шүү дээ. Хөдөө ажилладаг эмч, багш нар орон нутгийн нэмэгдэл авдаг. Харин төрийн албан хаагчид авдаггүй. Энийг яаж шийдэх вэ?

Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Өргөн баригдсан төсөл дээр төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудал орж ирээгүй. Төрийн захиргаа, төрийн үйлчилгээ зэрэг албан тушаалд дүйцүүлэх зэрэг зохион байгуулалтын ерөнхий үзэл баримтлал орж ирсэн. Цалин хөлстэй асуудалд Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хол зөрүүтэй цалингийн шатлалыг ойртуулах судалгаа шинжилгээ хийгээд улсын хэмжээнд нэг мөр шийдье гэж ярьж байна. Цалин хөлстэй асуудал ярихаар улсын төсвөөс санхүүжилт шаардлагатай. Тиймээс жилийн дундуур төсвөөс татаас шаардсан ажил оруулж ирэхгүй байхыг хичээж байна. Төрийн албаны шалгалт зарлаад хүн орж ирэхгүй байна. Төрийн албаны тавигдсан тусгай шаардлага, ялангуяа хугацааны асуудал саад болж байна. Тиймээс хугацааг нь өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгаад оруулж ирсэн. Гэрээгээр авч хэрэгжүүлэх асуудлыг мөн оруулж ирсэн. Гэрээгээр 1,6 жил хүртэлх хугацаагаар авч ажиллуулахаар тусгасан. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажил эрчимтэй явж байна. Төрийн үйлчилгээг 100 хувь цахимаар авах нөхцөл бүрэн бүрдсэн. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-18 суманд л төрийн албан хаагчийн 100 хувийн орон тоо бүрэн ажиллаж байна. Бусад нь орон тооны дутагдалтай байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

-Цалингийн доод хэмжээ 420-н мянга байсныг сая 550 мянга  болгосон. Тиймээс цалингийн асуудлыг заавал оруулж ирээрэй. Бага цалин өгч байгаа учраас авлига авах асуудал үүсч байна. ТЭЗЭ-гийн 1-4 цаашаа 5-6 болж шатлал өгсөхөд яагаад гацаа үүсээд байдаг юм бэ? 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар:

-Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн зэрэг албан хаагчдын ангилал зэрэглэлийг дээшлүүлж Засгийн газрын тогтоол гарсан. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг бол боловсон хүчнийхээ асуудлыг барьж байх ёстой. Сум болгонд төрийн албан хаагчийн  4-5 орон тоо дутуу байна. Энийг шийдэхийн тулд төрийн албанд ажиллаж болохгүй байгаа, орон сууцны асуудал, цалин хөлс зэргийг нь шийдэж, алдаагаа зассан хуулийг хэзээ оруулж ирэх вэ? Аль нэг салбарын сайд нь хөдөлгөөнтэй бол тэр салбар нь гайгүй дээшилж, муу бол унаад байна. Тийм болохоор сумд, аймгуудын орон тооны асуудлыг шийд. Төрийн албанд томилсон хүмүүс чинь Баатарзориг дарга аа, таны үгэнд орохгүй байна. Энийгээ яаж шийдэх вэ? Тэдэндээ яаж арга хэмжээ авах юм бэ?

Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат:

-Орон нутагт шаардлага хангасан боловсон хүчинээр хангах асуудал дор үзүүлэлттэй байгаа. Улсын хэмжээнд төрийн албаны нийт 1338 сул орон тоо байна. Одоо бол сул оронтоотой 312 сум байна. Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан ч шаардлага хангасан боловсон хүчин орж ирэхгүй байна. Энэ асуудлыг олон талаас нь судалж үзээд, хуульд заасан шаардлагын түвшинг бууруулах чиглэлээр хуулийн төслийг боловсруулж оруулж ирсэн.

Цалин хөлсний асуудлыг улсын хэмжээнд тооцоо судалгаанд, нэг загвараар тогтоох зайлшгүй шаардлага үүссэн. Засгийн газар дээр ажлын хэсэг ажиллаж байна. Удахгүй асуудлыг эрх бүхий байгууллагад тавих байх. Орон нутагт ажиллаж байгаа боловсон хүчнийг үйл ажиллагаа, ажил хөдөлмөрөө эрхлэх боломжийг  улсын хэмжээнд хангах зайлшгүй шаардлага үүссэн. Гэвч сумын түвшинд нэлээд олон нөхцөл байдлаас шалтгаалан бололцоо бүрдээгүй байна. Үүнийг шийдэхээр судалгааны ажил явж байна. 

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг:

-Төрийн албан зөвлөлөөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтраад 422 байгууллагад хяналт шалгалт явуулсан. Ингэхэд 5813 зөрчил илэрсэн. Зөрчилтэй томилгоонуудаас 1071-ийг нь өөрсдөөр нь арилгуулсан. Төрийн албаны зөвлөлөөс тогтоол гаргаад албан хаагчийн 207 шийдвэрийг хүчингүй болгосон. Эрх ашгийн зөрчилтэй байж болзошгүй гээд Авлигатай тэмцэх газарт өгсөн. Аймгийн удирдлагад бол зөрчлөө арилгахгүй бол өөрийг нь огцруулах асуудлыг өөрт нь мэдэгдсэн. Ингээд аймаг, яамд зөрчлөө арилгаж эхэлсэн. Нэг яам гэхэд ямар ч зөрчилгүй болсон. Авлигын индексийг бууруулахтай холбоотойгоор авлигын хэрэгт холбогдоод шүүхээр шийдэгдсэн ч төрийн албанд ажиллаж байсан 110 хүн олж илрүүлсэн. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төрийн албаны нэр хүндээ сэргээх хэрэгтэй байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Хуулийн төслийг жилийн өмнө өргөн барьсан. Монгол төрийн босго өндөр байх шаардлага, шалгууртай болъё гэж хөндөж тавьсан. Гэтэл бидний шаардлагаас авсан зүйл алга. Сайд, дарга нараа хамгаалсан хуулийн төсөл гаргасан байна. 

14 : 16
2022-6-30

Ямар хувийн компанид давуу эрх олгох гээд байна вэ?

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. 

Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслөөр санал хураалт явууллаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Монгол Улсын Засгийн газар паркийн удирдлагыг байгуулах, дүрмийг батлах гэсэн заалтыг хасах гэж байна. Парк цаашдаа Засгийн газарт ямар ч холбоогүй болох гэж байна. Газрыг нь Засгийн газар авч өгөөд, татварыг нь хөнгөлж өгөөд, Хөрөнгө оруулалтын гэрээг 100 жилээр байгуулж өгөөд удирдлагыг хувийн өмчид өгөх гэж байна. Паркийн удирдлагад Засгийн газар ямар ч оролцоо байхгүй болох гэж байна. Ингээд Монгол Улс дотор улс байгуулж, ямар хувийн компанид давуу эрх олгох гээд байна вэ? Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилдэггүй. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Паркийн хэлбэр дээр 7.3-р заалтыг хасчихаар Засгийн газрын оролцоог хасах гэж байна. Тиймээс энэ заалтыг хасахыг дэмжихгүй байна. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал: 

-Монгол Улс 30 жил парк шинээр байгуулах гэж олон удаа хичээсэн. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлахад дэмжлэг үзүүлэх гэдэг нь сүүлчийн шатны асуудал. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ТЭЗҮ байгуулах ёстой. Газрын асуудлыг нь шийдэж байж парк байгуулах ёстой. Дэлхийн хэмжээний парк байгуулах гэж байгаа бол олон улсын жишгээс суралцах асуудлыг суулгах ёстой. Боловсруулсан заалтууд дээр ажлын хэсэг чиглэл авч дахин хэлэлцэхгүй бол болохгүй байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Паркийн асуудлаарх төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх гэсэн хэсгийг зүйлээр нь хасчихлаа. Оронд нь аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрх дээр паркийн дэд бүтцийг барьж байгуулах асуудлыг үнэт цаас гаргах хэлбэрээр дэмжих гэж нэмэх гэж байна. Аймаг нийслэл үнэт цаас гаргадаг болох уу? Эмээлтийг хөгжүүлнэ гээд нийслэлээс үнэт цаас гаргах уу? Бусад хууль, тогоомжид нийцэж байгаа юу? Жишээ нь, нийслэл юугаа барьцаалж бонд гаргах вэ?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Паркийн үйл ажиллагаа явуулах этгээд нь төрийн өмчит байна гэдэг гол нөхцлийг нь хасах гэж байна. Төрийн өмчийн биш хувийн өмчит паркууд байна. Тэр хүмүүс нь татвар төлөхгүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна. Хувийн өмч бол төрийн удирдлагаар хангах боломжгүй. Төрийн өмчөөр компани байгуулчихаар хувийн удирдлагаар удирдах гээд байна. Төр өөрөө байгуулсан парк хувийн удирдлагатай байж болно гэж хууль бичиж болдог юм уу? 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Би бас Энхбаяр гишүүнтэй санал нэгдэж байна. Төрийн өмчит парк байгуулна гэчихээд тэрийгээ хасчихсан. Эрдэнэтийн зэсийн баяжмалыг түшиглээд парк байгуулах гэж байна. Тэгсэн хэрнээ энэ парк нь төрийн өмч байж болохгүй гэж хуульчлах гэж байна. Ийм агуулга яваад байна. Ингэж болохгүй байх. Төрийн өмчит парк байх ёстой. Төрийн өмчит компани дээр түшиглэсэн төрийн өмчит парк байгуулж яагаад болохгүй байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Энхбаяр гишүүнтэй санал нийлж байна. Аймаг аймагт нэг том компанид газар эзэмшүүлж, татварын хөнгөлөлт үзүүлээд 100 жилээр өгөх гээд байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Бүх зүйл рүү төр орно гэдгээсээ татгалзах хэрэгтэй. Илүү либерал, өрсөлдөөнтэй байх боломжийг нь нээж өгөхийн тулд үүнийг оруулж ирсэн. Бүх зүйл дээр төр оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Төрөөс нөлөөл дарамтгүй, дэмжлэг туслалцаагүй хөгжиж болохгүй байгаа юм бэ? Хувийн хэвшил дээрээ тулгуурлаж байж чөлөөт байдлаар шилжилтийг хийх гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Паркийн удирдлага нь давхар өөр ажил эрхлэх, өөр төрлийн үйл ажиллагаа эрхэлж болохгүй гэсэн заалтуудыг хасах гэж байна. Чөлөөт цагаараа паркийн удирдлагыг хийх юм уу? Үндсэн ажлаа хийх заалтыг нь яагаад хасч байгаа юм?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Паркийн удирдлага бол компанийн хэлбэртэй байна. Дээр нь нэгжүүд нь тэр компанийнхаа хувьцаа эзэмшигч байдалтай явна. Энэ бүх харилцаа Компанийн тухай хуулиар зохицуулагдана. Том зургаараа бол ардаа нэмэлтээр тусгагдаж, хориглосон үйл ажиллагааг заасан байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах асуудлыг намын мөрийн хөтөлбөр дээрээ тусгасан. Төрийн өмчийн хулгай даамжирсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Төрийн өмчийг компанийн хуулиар зохицуулдаг байсан юм. Хувийн өмчийн удирдлага компанийн хуулиар бол лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй. Ийм хуулиар төрийн өмчийг удирдахаар хулгай гараад байсан юм. Тиймээс төрийн удирдлагын шинэ хуулийг батлахаар болсон. Гэтэл паркийн удирдлагыг хувийн өмчийн зарчмаар явагдах гээд байна. Парк дээр үйл ажиллагаа явуулж л байгаа бол татварын хөнгөлөлт эдлэнэ, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гээд маш том боломж өгнө. Тэр хашаанд орохын тулд авлига өгөх үзэгдэл гарна. Төр, орон нутаг, хувийн удирдлагыг цогцоор нь шийдсэн хууль гаргах ёстой. Тэгэхгүй бол компанийн хуулиар явж болохгүй байна. Компанийн хуулиар эд хөрөнгөө барьцаалах эрхтэй. Тиймээс ийм асуудал үүсэх эрсдэлтэй. 

Паркийн удирдлага нь паркийнхаа дэд бүтцийг байгуулахыг бол ойлгож байна. Эзэмшинэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Төрийн өмчийн удирдлагатай паркийн дарга тэнд байгаа хувийн өмчийг эзэмших үү?

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Тусгай зөвшөөрлийг үндэслээд паркийн удирдлага нь нэгжүүдтэйгээ гэрээ байгуулна. Хувь нийлүүлсэн толгой компани дээрээ бүх дэд бүтэц, харилцаа нь зангидагдана. Нэгдсэн удирдлага зохион байгуулалт толгой компанидаа зангидагдана. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Паркийн үйл ажиллагаанд төрөөс дараах дэмжлэгийг үзүүлж болно гэсэн. Хувийн өмчийн паркийг хүртэл улс орон нутгийн төсөв, Засгийн газрын бондоор санхүүжүүлэх гэж оруулах нь. Хувийн өмчийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх гээд байгаа юм. Стратегийн ач холбогдол гэдэг үгийг нь хасаад том жижиг бүх паркад бонд гаргаад санхүүжүүлт өгөх нөхцлийг бүрдүүлэх гэж байна. Энэ бол зармын хувьд дэмжиж болохгүй заалт.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Стратеги гэж юуг хэлдэг вэ? ОХУ, манайхаас өөр газар ийм үгийг бараг ашигладаггүй. Олон улсад стратегийн орд, салбар гэж байгаа. Агуулгаараа бүх байгуулсан парк бол стратегийн үйлдвэрлэл болно гэж үзэж байгаа. Паркийн дэд бүтцийн байгуулалтыг байгуулахад улс, орон нутгийн төсөв болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлж болно гээд байгаа юм. Хуучин зөвхөн төрийн өмчид хамаарна гэсэн хагас коммунист заалт байсан юм. Хувийн хэвшлийг дэмжих ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Төрөөс үзүүлэх дэмжлэгийг зориулалтын бусаар ашиглахыг хориглохыг нь дэмжинэ. Гэхдээ паркийг орон нутаг, төр, хувийн өмчит гэж 3 ангилна. Гэхдээ орон нутгийн өмчит паркийг Засгийн газар байгуулахгүй. Хэрвээ иргэдийн хурал байгуулна. Иргэдийн хурал байгуулсан парк дээр татварын хөнгөлөлт үзүүлэхгүй. Татварын хөнгөлөлтийг УИХ-аар үзүүлнэ. УИХ хууль гаргаж эрхээ шилжүүлсний үндсэн дээр аймаг, орон нутаг татварын хөнгөлөлт үзүүлэх эрхтэй. Манай нэгдсэн улсын бодлогыг задалж, паркаар дамжуулж холбооны улсад хуваах гэж байна. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Аймаг орон нутгийн удирдлагууд нь дураараа парк байгуулаад татварын хөнгөлөлт эдлэх юм шиг тайлбарлаад байх юм. Төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэж Засгийн газар тусгай зөвшөөрөл олгоно гэж байгаа. Томоор нь, агуулгаар нь харж хандах хэрэгтэй. 

12 : 42
2022-6-30

Гишүүн болгон татварыг хөнгөлье гээд хууль санаачилж болохгүй

Үйлдвэрлэл технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: 

-Зөвшөөрлийн хууль хоёр долоо хоногийн өмнө батлагдсан. Зөвшөөрлийн тоо нэмэгдэх тусам хүнд суртал нэмэгддэг. Засгийн газарт эрхийг нь өгчихсөн байхад зөвшөөрөл олголтоо задлаад оруулаад ирэх юм. Салбарын хуулиар зөвшөөрлийг задлаад явчихсан байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Зөвшөөрлийн хуулинд өөрчлөлт оруулахгүй явчихвал хөнгөн үйлдвэрийн салбарт үйлдвэр технологийн паркууд байгуулагдах бололцоо бага болно. Ерөнхийдөө үйлдвэр технологийн паркийн асуудлыг Засгийн газар хариуцахаар тусгаж өгөх ёстой байж. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хоёр долооо хоногийн өмнө хуулийн концевцдоо үнэн ч байх ёстой. Байнгын хороо Татварын хууль санаачлах гээд байгаа юм уу? Засгийн газар л Татварын хуулийг санаачлах ёстой. Сонгууль дөхөөд ирэхээр гишүүн болгон татварыг хөнгөлье гээд санаачлаад эхэлбэл болохгүй. Татварын харилцааг гишүүд, байнгын хороо санаачилж болохгүй. Гишүүд татварыг тэглэнэ, чөлөөлнө гээд оруулчихсон. Улс дотор чөлөөт бүс байгуулах асуудал мөн явж байна.  Паркийн удирдлага нь Компанийн хуульд захирагдана гэсэн байна. Парк чинь төрийн компани болох гээд байна. Хөрөнгө оруулалтын гэрээг ашиглана гэхээр Монгол Улсын хууль үйлчилдэггүй газарт ашигладаг шүү дээ. 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Газартай холбоотой харилцаанд хуулийн хүрээнд тусдаа газар олгоод байгаа зүйл байхгүй. Хувь гишүүн татвартай холбоотой харилцаа, анхдагч хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах нь хориотой. Гэхдээ анхдагч биш хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Дэгийн тухай хуулиар оруулж ирж байна. Төрийн өмчийн компанийн хувьд паркийн зорилго, удирдлагын өмчлөлийг илүү тодорхой болгосон. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

УИХ-ын тухай хуулийг санаачилсан хүний хувьд хэлэхэд хэт популист хууль санаачлах, улс төрийн суурь харилцааг зохицуулсан анхдагч хуулийг санаачлахыг хязгаарласан. Бусдаар бол нэмэлт өөрчлөлтийг санаачилж болно. Хууль хоорондын зөрчил, хийдэл гаргахгүй үүднээс байнгын хороо хууль санаачлах боломжтой. Чөлөөт бүс бол хоёр улсын хил дээр оршиж, олон улсын гэрээ конвенцоор зохицуулагддаг. Үйлдвэр технологийн парк бол Монгол Улсын гүнд эдийн засаг, үйлдвэрлэлийн харилцаа явагддаг. Тиймээс зарчмын хувьд ялгаатай. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Гаалийн тусгай бүс, гаалийн баталгаат үйлдвэр байгуулна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тогтворжуулах гэрчилгээ олгож, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна гэж. Тэгэхээр Улс дотор улс байгуулах гээд байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Монгол Улсын хууль үйлчлэхээ болино. Эмээлт дээр хятадуудад давуу байдал үүсэх гээд байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Эмээлт дээр хятадуудад үйлдвэр байгуулах гэж байна гээд хэлчихвэл ард түмэн эсэргүүцэх юм байна гэж бодож болохгүй. Бид өнөөдөр импортоос яаж хараат бус болж, өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. Алсын хараа бодлогоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй байна. 

12 : 08
2022-6-30

Дарханы замын санхүүжилтэд ямар ч саатал байхгүй

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлд утаагүй түлшний нүүрс тээвэрлэлт яваад байна. Үүнийг Зүүнбаянгийн төмөрзамаар явуулахаар боллоо гэсэн яасан бэ? Юунаас болоод зогсчихов? Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар автозамын засварын ажил хэзээ дуусах, ямар аж ахуй нэгж хийж байна, хөрөнгө мөнгө нь хүрэлцээтэй байгаа юм уу? Өмнөговийн ойн баяраас өмнө дуусах уу?

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд: 

-Төмөрзамаар зүгшрүүлэх тээвэрлэлт явж байгаа. Наадмын өмнө албан ёсоор тээвэрлэлтийг үргэлжлүүлээд явуулахаар бэлдэж байна. Автозамын засварыг 5,5 тэрбум төгрөгийг улсын төсөв, Эрдэнэс тавантолгойгоос шийдвэрлэсэн. Дундговь, Төв аймгийн зам засвар арчлалт хариуцсан компаниуд засварын ажлаа хийж байгаа. Нэмэлтээр санхүүг шийдвэрлэснээр өнгөрсөн амралтын өдрөөс зам засварын ажил эхэлсэн. Төмөрзамын тээвэрлэлт  яваад эхлэхээр автозамаар нүүрс тээвэрлэхгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Европын холбооны авто тээврийн хэлэлцээрт элсэн орох гэрээг батлах гэж байна. Европын холбооны улсаас Монгол руу ирж байгаа ачаа тээврийг саадгүй нэвтрүүлж, манай улсад үүссэн ачаа тээврийн асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой. Уг гэрээг баталснаар автомашин бүрт GPS тавина, 16 цаг жолоо барьдгийг 9 цаг болгож бууруулах зэргээр аюулгүй байдлыг сайжруулна. Хууль баталснаар ачаа бараа тээвэрлэгчдийн ашиг орлого буурахгүй байхад анхаарч, нугалаа завхрал үүсгэхгүй, хүнд суртал үүсгэхгүй, авлига авахгүй байхад анхаараарай.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд: 

-Залруулга хиймээр байна. Хэлэлцээрт нэгдэн орсноор машин болгонд тоног төхөөрөмж тавихгүй. 2007, 2010 оноос хойш европт үйлдвэрлэгдсэн ачааны машинууд тийм төхөөрөмжтэй. Үүнийг л хэрэглээнд оруулж, системд холбоно. Харин Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад байхгүй учраас тэдэнд л тавина. Ийм төхөөрөмжгүй учраас хил гараад манай тээвэрлэгчид торгуульж байна. Тиймээс үүнийг шийдвэрлэнэ. Мөн жолооч 9 цаг жолоо барьснаар ачаа бараа саатах юм биш. Нэмэлт жолоочтой болсноор ачаалал нь буурна. Жолоочдын аюулгүй байдал хангагдаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Монголд жилдээ зам тээврийн ослоор 500 гаруй хүн нас барж, 1000 гаруй хүн гэмтэж, 24,5 тэрбум төгрөгийн хохирол учирч байгаа юм. Энэ хуулийг баталснаар ослоос сэргийлж, жолоочийн аюулгүй байдлыг хамгаална. Тиймээс зөвхөн төхөөрөмж тавих мөнгөөр битгий бодоорой.  

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

"Н3" гэх гурван улсыг холбосон хурдны автозам хэзээ баригдаж дуусах вэ? Босоо төмөрзамаар тээврээ хийж чадахаа болилоо. Хүнд "Н3" даацын замаа хэзээ барьж дуусах вэ? Замын-Үүдэд анхаарал тавьж, нэг бол аймгийн Засаг дарга дээр нь асуудлыг хариуцуулчих. Замын-Үүд дээр байгаа хоосон чингэлгүүдээ яах вэ? 6,6 тэрбум төгрөгөөр чингэлэг тээврийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг Ерөнхий сайд чиглэл өгсөн. Ажлын хэсгийнхэн Замын-Үүдэд очиж ажилласан, буудалд бууж, идэж уусан 1,3 тэрбум төгрөгөө төлөөч ээ. Нэртэй устай чинь зарлана шүү гэж Замын-Үүдийн Засаг дарга ярьж байна. Өмнөөс чинь ичиж байна. Энэ асуудлаа шийдээч ээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:

-Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байгаа. Замын-Үүдэд гурван сар гацсан автотээврийг зохицуулахаар нэгдүгээр сарын 1-ээс эхлэн ажиллаж байна. 6,6 тэрбум төгрөгийн төсвөөс 4,4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн. Үлдсэн 2,2 тэрбум төгрөгийн баримт бичгүүд бүрдээд Сангийн яаманд хүргэгдсэнээр санхүүжилт шийдэгдэж байгаа.  Нэмээд дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 16 хүртэлх хугацааны нэмэлт зардал 2 тэрбум орчим төгрөгийг маргааш Шадар сайдын ажлын хэсэг дээр ярилцаж шийдвэрлэхээр тогтсон. 

Чингэлэг тээврийг шилжүүлж ажиллах өргөтлийн талбайн ажилд Хангалын талбайг өнгөрсөн арванхоёрдугаар сард байгуулсан. Энэ талбай 40 метр өргөн, 200 метр урт. Эхний ээлжинд уг талбайд 100 орчим чингэлэг солилцох зохион байгуулалтаар явж байсан. Талбайн өргөтгөлийн асуудлыг тавьсны дагуу Хятадын талаас ажлаа эхлүүлж, дараагийн ээлжинд монголчууд ажлаа эхэлнэ. Маргааш ажлын хэсэг хуралдаж өрийн асуудлыг шийднэ. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд: 

-"Н3" чиглэлд хурдны автозам концессоор барих шийдвэр гарсан. Засгийн газрын түвшинд явж байна. 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

-Ажлын хэсэг ажилласан 1 тэрбум 372 сая төгрөгөө ойрын хугацаанд төлөөрэй. Тэнд үйл ажиллагаа явуулж буй хоолны газар, зочид буудлын өрөө төлөөрэй. Энэ мөнгийг жолооч нар тусгаарлалтад байгаад үрсэн юм биш шүү. Автотээврийн үндэсний төвийн 10, Хил хамгаалах ерөнхий газрын 27, Зэвсэгт хүчний 57, Цагдаагийн ерөнхий газрын 10, Гаалийн ерөнхий газрын 2 гээд нийт 117 хүн энэ мөнгийг үрсэн байна. 

Замын-Үүд дээр хилийн цэг дээр хилийн цэргийн 30 машин явж байгаа. Жолооч нар нь Хил, хамгаалах ерөнхий газрын ажилчид. Орон нутгийн 50 машин байгаа. Машинуудыг орон нутгаас нь яагаад хангахгүй байгаа юм бэ?

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан:

-Тавдугаар сарын 16 хүртэл төрөөс зардал хариуцаж, түрээсийн автомашинууд явж байсан. Тавдугаар сарын 16-наас хойш Замын-Үүдэд бүртгэлтэй 1000 гаруй автомашинаас өдөрт 40-60 машиныг тээвэрлэлтэд оруулаад шинэ зохицуулалтаар явж байгаа. Өмнө нь төрөөс зардлыг хариуцдаг байсан бол тавдугаар сарын 16-наас хойш иргэдээс зардлыг гаргуулж байгаа. Хил хамгаалах ерөнхий газраас 30 машиныг худалдаж авсан. Энэ нь жолооч нарын тавьсан шаардлагын дагуу зэрэгцээд явж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

-Олон улсын хэлэлцээрт нэгдэхийг дэмжиж байна. Олон улсад нэвтрэх гэж байгаа бол олон улсын дүрэм журмыг дагах ёстой. Олон улсын автотээвэр хийхийн тулд бид автомашины хурдыг нь хэмжиж, ажил амьдралын цагаа зөв зохицуулах ёстой. Сүүлийн 5 жилийн дунджаар Монгол Улсад авто осол 37,600 бүртгэгдсэн байна. Үүний 97 хувь нь жолоочийн буруутай үйл ажиллагаанаас, 26 хувь нь анхаарал болгоомжгүйгээс болсон. Техникийн бүрэн бүтэн байдалд мөн онцгой анхаараарай. 

Олон улсын банк санхүүгийн байгууллагаас авч байгаа урт хугацаатай, бага хүүтэй, энгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг авч болохгүй гэж ярьж байна. Засгийн газрын бонд болгож авсан зээлийг эргэж ярих ёстой. Хөгжлийн зээлийг авахгүйгээр 

Дарханы замыг барихад Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны санхүүжилт хугацаандаа хийгдэж байна уу? Өртөг нь өсөөд байна гээд байна энэ юу болоод байна? Ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь хийж байна уу?

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд:

-Дарханы зам дээр хоёр банкнаас эх үүсвэртэй явж байгаа. Банкуудаас ирж байгаа санхүүжилт дээр ямар ч саатал байхгүй. Гүйцэтгэгч нь ажлаа бичээд хяналтын зөвлөх хянаад, манай яам хянаад, Сангийн яаманд явуулдаг. Сангийн яамнаас гадаадын банк руу явуулдаг. Гүйцэтгэлийн өртөг нь үнийн өсөлтөөс болж нэмэгдэж байгаа ч үүнээс болж саатсан зүйл байхгүй. Ажлаа эрчимжүүлэх үүднээс дотоодын компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж байгаа. Ажил хуваарийн дагуу явж байгаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Энэ хэлэлцээрт бид орж байгаа нь маш чухал. Өнөөгийн нөхцөлд тээвэр логистикийн асуудал ямар чухал гэдэг нь харагдаж байна. Хөргөгчтэй тээвэрлэлт хийх, чингэлэг тээврийн асуудлууд яригдаж байна. Үүнд ямар олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэх шаардлагатай байна вэ? Ц зөвшөөрөлтэй холбоотой асуудал үүсээд байна. Тээвэртэй холбоотой асуудалд та нар биш яагаад Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг бусад яамдууд энэ асуудалд оролцоод байгаа юм? 

89: 

-Монгол Улс автотээвэртэй холбоотой олон улсын 3 конвенцид нэгдсэн ч ачаатай холбоотой гэрээнд л нэгдсэн байна. Гэтэл тээврийн хэрэгсэл, жолооч зэрэгтэй холбоотой конвенцид нэгдэх асуудал яригдаж байна. Дараа нь олон улсын 3 конвенцид нэгдэнэ. Хүнсний бүтээгдэхүүн, аюултай ачаа тээвэрлэлт, жолоочийн даатгалтай холбоотой конвенцид нэгдэх шаардлагатай. Тээвэрлэлтийн зөвшөөрлийг манай яам биш бусад харъяа газрууд нь өгдөг. 1994 оны ОХУ-ын тээвэрлэлтийн стандартыг өдгөө бид мөрдөөд явж байна. Гэтэл ОХУ нь 2017 оноос хойш шинэ стандартыг мөрдөж байгаа. Аюултай ачаа тээвэрлэх эрх монголчуудад байхгүй. Гэхдээ баруун хоёр аймгаар нефть импортолдог. Үүний тээврийн хөлсөнд 25 тэрбум орчим төгрөгийг төлдөг.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Олон улсын тээврээ журмалж байна. Тэрэнтэй адил Монгол Улс дотооддоо, хот хоорондын тээвэр, Улаанбаатар хотын нийтийн тээврийн жолооч нарт мөн ийм журам мөрдмөөр байна. Үүний тулд хууль эрхзүйн орчноо яаж өөрчилмөөр байна. 

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга  С.Батболд:

-Конвенцид нэгдэн орж буйтай холбоотой хоёр хуульд өөрчлөлт орж байгаа. Автотээврийн тухай хуульд энэ стандартыг дотоодын тээвэрт мөрдөхөөр тусгасан. 

Ийнхүү тогтоолын төслийг байнгын хороонд шилжүүллээ.

Үүний дараа Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмыг  батлах тухай хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийг хаалттай горимоор хэлэлцэж эхлэв. 

10 : 36
2022-6-30

Хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляци 18 хувьд хүрсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Гишүүд өнгөрсөн долоо хоногт орон нутгаар явж иргэдийн амьдралтай танилцлаа. Хүнс, бараа бүтээгдэхүүний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдийн амьдралд хүндээр тусч байгааг тэд хэлж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээвэр логистикийн нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг эдийн засагт өгч байна.

Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6,2 хувь байсан бол одоо улсын хэмжээнд 15,1 хувьд,  Улаанбаатарт 16,2 хувьд хүрлээ. Энэ нь УИХ-аас баталсан Төв банкны зорилтоос давсан байна. Инфляци 2,5 дахин өсөхөд бараа бүтээгдэхүү, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна.

Үүн дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляци 18 хувьд хүрч бүс нутагтаа тэргүүлж байна.  Тухайлбал, төмсний үнэ кг нь 970 төгрөг байсан 2500 төгрөг болж 2,5 дахин, лууван кг нь 2000 байсан бол 4700 болж 2,3 дахин, ургамлын тос 4300 байсан 9500 болж 2,2 дахин, байцаа 3000 төгрөг байсан 5200 болж 1,7 дахин, элсэн чихэр 2700-3750 төгрөг болж, Атар талх 1280 төгрөг байсан 1700 төгрөг болж, "Сүү" компанийн 1 литр сүү 2830 төгрөгөөс 3600 төгрөг болж 27 хувь өссөн байна. Хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ орон нутагт очихдоо шатахууны үнэ өссөнөөс зардал нь нэмэгдэж очиж байна. Баруун аймагт шатахуун АИ92, 95, дизель түлшний литр тутамд 164 хувь буюу 1,6 дахин нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийн суурь шалтгаан болж байна. 

Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшиндээ хүрэхийг анхааруулж байна. Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшинд 34,3 хувьд хүрч 210 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна.

Иймээс иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Иргэд УИХ-ыг шүүмжилж байна. Иргэдийн амьдрал, эдийн засаг хүнд байхад та нар юун баяр, наадам хэлэлцээд суугаад байгаа юм бэ гэж байна. УИХ-ын дарга ард иргэдийн гаргасан санал шүүмжлэлийг УИХ-д сонсгож танилцуулж байна.

УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн барьж байна. Эдгээр хуулиар иргэд 33 мянгаас дээш иргэн Dparliament сайтаар санал өгвөл ажлын хэсэг байгуулах, 70 мянган хүн дэмжсэн бол Хяналт шалгалтын тухай хуулиар хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх, 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ болон бусад хуулийн төслийг санаачлан дэмжих зэрэг ажлыг хийнэ. Иргэдийн оролцоог хангасан ийм хуулийг санаачилж хэлэлцье гэсэн уриалга гаргаж байна. 

Хоёрдугаарт, Эдийн засгийн байнгын хорооны Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг шатахууны үнийг бууруулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч болохоор байна. Татвар бууруулах, бусад чиглэлээр арга хэмжээ авах, гадаад , дотоодын яриа хэлэлцээг Засгийн газрын холбогдох яамтай хамтран хийх ажлын хэсгийг байгуулна.

Гадаад өрийн удирдлагын асуудлаар зөвлөгөөн хийсэн. Зөвлөмжийн дагуу өрийн эрсдлийг бууруулах, дахин санхүүжүүлэх бодлогын арга хэмжээг авна. Ажлын хэсэг байгуулна. Олон улсын хөнгөлөлттэй зээлийг авч, өндөр хүүтэй зээлээ солих зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй. Сэтгэлийн хөдөлгөөнөөр бүх зээл болохгүй мэт хандвал эрсдэлийг нэмнэ. 

Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур бүлэгтээ хандах хэрэгтэй гэж олон улсын шинжээчид сануулсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажиллана. Энэ мэтээр таван чиглэлээр ажлын хэсэг байгуулна. Тиймээс УИХ амраад алга болохгүй.

08 : 36
2022-6-30

Чуулган: Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы /2022.06.30/хэлэлцэх асуудлын тов дарааллыг хүргэж байна. 

 

ЦАГ

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНХААНА
10.00

 

ПҮРЭВ, БААСАН ГАРАГ /2022.06.30, 07.01/

 

· “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

· Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2022.03.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 18 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.14-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2021.05.21-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг 2021.07.05-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 9 гишүүн 2022.05.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2022.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.05.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хэрэгжилтийн явцын талаар

· Бусад

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж