Сурвалжлага: Иргэд аялал, амралтаа дотоодын компаниудад "даатгаж" байна

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэд аялал, амралтаа дотоодын компаниудад "даатгаж" байна

Сурвалжлага: Иргэд аялал, амралтаа дотоодын компаниудад "даатгаж" байна

Аялал жуулчлалаас мөнгө олно, ашиг хийнэ гэж монголчууд бид мөрөөдсөөр цөөнгүй жилийг үдсэн. Айл болгон автомашинтай болсон төдийгүй зам сайжирснаар дотоодын аялал ч нэлээд хөгжиж буй. Гэхдээ ихэнх нь автомашиндаа майхан саваа ачаад, голын эрэг тохой бараадаж хонохоо аялал зугаалга гэж бодох нь бий. Жилийн жилд  наадмын өдрүүдээр хотоос гарах чиглэлд түгжрэл үүсч, баруун, зүүн тээврийн товчоогоор гарах, орох автомашины ачаалал оргил үедээ хүрдэг. Хотод ч хүн, тэрэг үзэгдэх нь эрс багасч, төв зам, дөрвөн замын уулзварууд эл хуль үзэгдддэг. Энэ жилийн наадмаар ес хоног амрах учраас  хүмүүс аль хэдийнэ амралтаа төлөвлөж, аяллын маршрутаа гаргаад эхэлжээ.

Гэхдээ урьдын жилүүдийнхтэй харьцуулахад хээр гадаа хоноглохоос илүү дотоодын аяллын компаниудад хандаж, тэдний үйлчилгээг сонирхох нь ихэссэн байна. Ингэснээр ядаж л хөдөө очоод тогоо шанагатай зууралдахгүй, зам мэдэхгүй төөрч будилахгүй, цагт баригдахгүй, ядарч, чилэхгүй жинхэнэ утгаар нь амрахаар шийдсэн бололтой.

Амарна гэж хөдөө явдаг ч тэнд очоод гэрийнхээ ажлыг ахиад хийж, алжаалаа тайлах биш ядраад ирдэг нь худлаа биш.   Тиймээс үйлчлүүлэгч нартаа өвөрмөц үйлчилгээ, аяллын маршрут санал болгодог гурван аяллын компаниар зочилж, тэдний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэхийг зорилоо.

“ХӨТӨЧ ДАВААНАА АЯЛАЛ”: Монголчууддаа тохирсон үнэ санал болгодог

"Хөтөч Даваанаа" аяллын компани нь наадмын өдрүүдэд зориулан Буйр нуур, Хөвсгөл нуур, Алтай Таван Богд, Увс нуур, Хяргас нуур, Өмнөговь зэрэг дотоодын маршрутыг аялагчдад санал болгож байгаагаас гадна Улан-Үдийн аяллыг зохион байгуулж байна. Аялал нь дараах үнэтэй.

  • Улан-Үд, Байгаль нуурын дөрвөн өдөр, дөрвөн шөнийн аялал – 420 мянган төгрөг
  • Алтай Таван Богдын долоон өдөр, долоон шөнийн аялал – 755 мянган төгрөг
  • Увс нуур, Хяргас нуурын зургаан шөнө, зургаан өдрийн аялал – 590 мянган төгрөг
  • Хөвсгөл нуурын дөрвөн өдөр, дөрвөн шөнийн аялал – 650 мянган төгрөг
  • Буйр нуурын дөрвөн өдөр, дөрвөн шөнийн аялал – 450 мянган төгрөг
  • Ёлын ам, Цагаан суварга үзэх хоёр өдөр, хоёр шөнийн аялал – 210 мянган төгрөг
  • Хар зүрхний хөх нуурын хоёр өдөр, нэг шөнийн аялал – 120 мянган төгрөг

Дээрх үнэд автобусны хоёр талын зардал, жуулчны баазын төлбөр, хоол, унд, хөтөч, жолоочийн зардал зэрэг багтжээ.

Өөрийн нэрээр аяллын компани байгуулж, нэрийн аяллаа хийдэг Ч.Давааням ярихдаа “Манай аяллын үнэ боломжийн шүү. Автобус, үйлчилгээ нь сайн. Тусгай зөвшөөрөлтэй жуулчны автобус мэргэшсэн жолоочтой. Урьд урьдын жилүүдийнхтэй харьцуулахад бид үнэ хөлсөө нэг их нэмээгүй. Гэхдээ бензин, тос нэмэгдсэн учир бага зэргийн нэмэгдлүүд бий. Монголчууддаа аль болох хамгийн хямд үнийг л санал болгож байна. Цар тахлын дараах энэ үед манайхан өндөр үнэтэй аялахыг хүсэхгүй байна. Тиймээс ийм үнийг санал болгож байна” гэв.

Мөн түүний хэлснээр нэг удаагийн аялалд олон хүн байх тусмаа аялал чанаргүй болох эрсдэлтэй мөн аялагчдад ая тухгүй байдаг гэнэ. Тиймээс тус компани дээд талдаа нэг жуулчны автобус дүүрэн буюу 45 аялагч бүртгэдэг ажээ. Бүртгэлийн тухайд наадам дөхсөн сүүлийн өдрүүдэд захиалга их байгаа бөгөөд захиалга баталгаажуулахад ердөө 50 мянган төгрөг төлнө.

Тус компанийн аялалын үйлчилгээтэй танилцахаар ирсэн М.Баярмагнай  сүүлийн жилүүдэд дотоодын аялалд явахдаа компаниар үйлчлүүлэхийг чухалчилдаг болсон гэв. Учир нь, гэр бүлээрээ өөрийнхөө автомашинаар аялах нь нэг талаар эрсдэлтэй, нөгөө талаар жолооч хийж явсаар байгаад ядрах, чилэх нь байдаг. Майхан саваа өөрсдөө бариад, хоол ундаа бэлтгээд явах нь нэг талаар аялал, амралт биш болчихдог тухай ч ярьсан юм. Энэ жил тэдний гэр бүл Ёлын ам, Цагаан суварга үзэхээр төлөвлөсөн гэнэ. Зардал мөнгөний хувьд боломжийн байгааг хэллээ. Тэгвэл иргэн У.Жаргал дотоодын компаниудын аялалын үйлчилгээтэй танилцаж яваагаа хэлээд дотоодын аялал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тиймээс дотоодын аялагчдад зориулсан хямд үйлчилгээг аяллын компаниуд санал болговол олон хүн сонирхох байх гэлээ. Зарим аялалын компаниудын үнэ өндөр тул иргэд майхан саваа ачаад амрахыг илүүд үздэг болохыг ярьсан У.Жаргалын үг үнэний ортой.

Тус компанийн аялал нь ерөнхийдөө гэр бүл, найз нөхөд, албан байгууллагуудад илүү тохиромжтой бол “Great Vibes Mongolia”-ийн аялал илүү залуучуудад зориулагджээ.

 “GREAT VIBES MONGOLIA”: Майхан мишокоо аваад аялалцгаа

Харин  “Great vibes Mongolia” аяллын компани онцлог нь дээр дурдсанчлан залуучуудад зориулагдсан бөгөөд энэ жилийн тухайд Хөвсгөл, Архангай, Түнхэл, Улаан-Үд гэсэн дөрвөн чиглэлд аяллын хөтөлбөр гаргажээ.

  • Хөвсгөл далайн гурван өдөр, гурван шөнийн аялал – 350 мянган төгрөг
  • Улан-Үд, Байгаль нуурын дөрвөн шөнө, таван өдрийн аялал – 450 мянан төгрөг
  • Архангайн дөрвөн шөнө, таван өдрийн аялал – 300 мянган төгрөг
  • Түнхэлийн нэг шөнө, хоёр өдрийн аялал – 95 мянган төгрөг

Дээрх үнэд тээврийн үнэ, хөтөч, хоол болон бусад зардлууд оржээ. Зөвхөн Хөвсгөл, Улан-Үдийн аялалд л жуулчны бааз, буудлын төлбөр багтсан. Харин Архангай, Түнхэл рүү майхан, мишоктой аялал хийнэ.

Аяллыг зохион байгуулагч Л.Хашномин “Бид Архангай руу майхан аялал зохион байгуулж байна. “Camping” аялал гэсэн үг л дээ. Энэ ойлголтыг Монголд тэр тусмаа залуучуудад өгөх гэсэн юм. Спорт нөхөрлөл, “open mic” зэрэг сонирхолтой хөтөлбөртэй. Мөн ажилтай завгүй залуучууддаа зориулан бид Бямба, Ням гаригийн аяллыг санал болгож байгаа. Түнхэл рүү вагонтой аялал гэсэн үг. Ганцхан майхан, мишокоо авахад л хангалттай. Бие засах газар ч юм уу хоолны асуудал гарахгүй. Жуулчны баазтайгаа бид бүгдийг нь тохирчихсон. Гол нь майхантай “chill” аялал” гэв.

Хөвсгөлийн аялал долдугаар сарын 10-наас эхлэх бол Түнхэлийн аялал долдугаар сарын эхний Бямба гаригаас эхлэх хуваарьтай байна.

Тус компанийн аялалын үйлчилгээг авахаар ирсэн гурван  залуу, хоёр бүсгүй Түнхэлийн нэг шөнө, хоёр өдрийн аялалыг сонгожээ. Тэд оюутны нэг ангийнхан бөгөөд зуны амралтаа дурсамжтай өнгөрөөхийн тулд уг аялалыг сонгосон байна. Зардлын хувьд залуу хүмүүст боломжийн, нөгөө талаар хэн, хэн нь ажилтай тул олон хоног аялалд явах боломжгүй учраас Түнхэлийн аялалыг сонгосноо ярилаа.

79K TRAVEL: Экстрим аяллыг мэдэр 

Тэгвэл хотоос холгүйхэн байгалийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт газар экстрим аялал хийхийг “79K Travel” компани санал болгож байна. Улаанбаатар хотоос 75км зайтай Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Сөгнөгөрийн ам гэх газрыг та зорин очсоноор уулын шүхрээр буух, морин аялал, хаданд авиралт, завь, мотоциклоор зугаалах зэрэг олон зүйлсийг туршиж үзэх гэнэ.

  • Экстрим хоёр өдөр, нэг шөнийн аялал – 249 мянган төгрөг

Дээрх үнэд хаданд авиралтын мэргэжлийн багаж хэрэгсэл, хоёр талын унаа, хоёр өдөр, нэг шөнийн нийт 4-5 удаагийн хоол, мэргэжлийн багш, морьд болон хөтөч, майхан, мэргэжлийн гэрэл зурагчин, аяны хэрэгсэл хэрэглэгдэхүүн зэргийн үнэ багтжээ.

Энэ талаар тус аяллыг зохион байгуулагч Х.Эринсанаа ярихдаа “Манайх Монголдоо хамгийн анхны экстрим цогц аяллыг зохион байгуулдаг. Зуны гурван сар улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө аялаж буй аялагчдын хүссэн газарт нь очоод бүтэн багаараа өдрийн турш хөтөлбөр зохион байгуулдаг. Мэдээж галын наадам, энтертайнмент шоу болно. Бид хөтөлбөрөөрөө дагнадаг. Хүмүүсийг хөгжөөх тал дээр, сургалт, идэвхжүүлэлт хийх тал дээр бид илүү төвлөрсөн гэж хэлж болно. Үүнээс гадна хувь хүний чадамжийг хоёр цагийн сургалт орж, сертификат олгодог учир байгууллагууд их сонирхдог” гэлээ.

Экстрим аялал нь Бямба гаригт эхэлж, Ням гаригт дуусдаг ажээ. Аялагчид зөвхөн аяга тавга, мишок зэрэг хувийн бэлтгэлээ хангаад ирэхэд л болох бөгөөд захиалгаа дор хаяж 6-7 хоногийн өмнө өгөх ёстой гэв. Учир нь наадмын дараах өдрүүдэд албан байгууллагуудын захиалга ихээр орж ирдгийг тэрбээр ярилаа. Үнэхээр ч тус компани захиалга ихтэй. Гэх бүл гэхээс илүү найз нөхөд, хамт олноороо явахаар сонирхож ирэх хүмүүс цөөнгүй байлаа.

Ямартай ч цар тахлын эхэн үетэй харьцуулахад өдгөө манай улсын аялал жуулчлалын салбар сэргэж, гадаад, дотоодын аялагчид эрчимтэй хөдөлгөөнд орж эхлэв. Ялангуяа хоёр жил зогсонги байдалтай байсан аяллын компаниуд өнгөрсөн өвлөөс эхлэн гадаад аяллын хөтөлбөрүүдээ идэвхжүүлж байсан бол одоо дотоод руугаа чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хэлснээр манай улс өдөртөө 1500 жуулчин хүлээж авч байгаа гэсэн. Угтаа энэ янзаараа жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбарынхаа орчин нөхцөлийг нь сайжруулж чадвал манай улсын голлох салбар болж эдийн засгийн хөгжилд нэмэр тус болох юм. Монгол Улсын хувьд дөрвөн улиралтай, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Үүнийгээ аялалын "брэнд" болгон хөгжүүлж, гадаадын жуулчдаас гадна дотоодынхоо аялагчдын хүсэл сонирхол, хөрөнгө мөнгөнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх нь аялал жуулчлалын нэг бодлого болгох цаг иржээ. Өвлийн цас мөсөнд хучигдсан нүд алдам цагаан далайг, намрын шаргалхан өдрүүдэд дуниартсан далай ээжийг, хаврын цөн түрж буй цэнхэр нуурыг, зуны Хөвсгөл нуурыг гээд дөрвөн өнгө, дөрвөн төрхөөр нь жуулчдыг татах үйлчилгээг санал болгох, өөрөөр хэлбэл, дотоодын аяллыг хөгжүүлэх нь энэ салбарын нэг эрэлт хэрэгцээ болоод удаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж