“NEWS.MN”-ээс эрхлэн гаргадаг "ХҮМҮҮС" буландаа 20 дугаар зууны хамгийн үзэсгэлэнт хүү гэх Бьорн Андресены тухай онцолж байна. Тэрбээр залуу насандаа гоо үзэсгэлэнгийн төгс илэрхийлэл болсон сонгодог киноны гайхалтай од байсан. Тавин жил өнгөрсөн ч Андресен урлагийн золиос болсон хэвээр байгаа аж.
Бьорн Йохан Андресен 1955 оны нэгдүгээр сарын 26-нд төрсөн. Тэрбээр Шведийн жүжигчин, хөгжимчин нэгэн билээ. Андресен анх 1971 онд, Лучино Висконтигийн найруулсан, 1912 онд бичигдсэн Томас Манны "Венец дэх үхэл" туужийн 14 настай Тадциогийн дүрд тоглосноороо алдартай болжээ. Тэрбээр мөн Ари Астерын 2019 онд бүтээсэн ардын аймшигт "Midsommar" кинонд туслах дүрд тоглосон аж.
Түүний бага нас хэтэрхий гунигтай. Төрсөн эцэг нь тодорхойгүй ба Андресеныг арван настай байхад ээж Барбро Элизабет Андресен нь амиа хорлосон байдаг. Өнчирч хоцорсон Бьорныг өвөө, эмээ нь үрчилж авсан байна. Арван жилээ Дани улсад төгссөн. Үүний дараа Стокгольм дахь Адольф Фредрикийн хөгжмийн сургуульд сурч байжээ.
Андресен төгөлдөр хуурын онцгой авьяастай ч бүгд түүнийг кино одоор л хардаг байв. Түүнийг 15 настай байхад Висконти хараандаа авч "Венец дэх үхэл" кинондоо тоглуулсан байдаг.
Кино нээлтээ хийснээр дэлхийн од болж чадсан юм. Гэхдээ 51 жилийн дараа Бьорн Андресен "Хэрвээ Висконти одоо амьд байсан бол би түүнд тамруугаа тонил гэж хэлэх байлаа" гэж хэвлэлд ярьсан байдаг.
Андресен одоо Стокгольм хотод амьдардаг. Тэрбээр хуучин эхнэр, яруу найрагч Сюзанна Романтай 1984 онд Робин гэх охинтой болсон юм. Мөн Андресен хуучин эхнэрээсээ Элвин гэх хүүтэй болсон ч 9 сартайдаа гэнэтийн үхлийн синдромоор нас барсан байдаг. Андресен хүүгээ нас барсны дараа удаан хугацаанд сэтгэлийн гүн хямралд орсон байна. Андресен 2020 онд өгсөн ярилцлагадаа хүүтэйгээ хойд насандаа дахин уулзана гэдэгт итгэж байгаагаа дурджээ.
Бьорн Андресены тухай баримтат кино 2021 онд хийгдэж олны бүтээл болсон байдаг. Тус баримтат кинонд Бьорн бага нас, дотуур байрны амьдрал, ээжийнхээ үхлийн талаар ярьсан байдаг. Мөн "Венец дэх үхэл" кино хэрхэн хувь хүнийг нь хэн ч биш болгосон талаараа дурсдаг байна. Бьорны хувьд Висконти бол бага насыг нь хулгайлсан гэмт хэрэгтэн ажээ.
ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХҮҮ
Андресен "Венецид үхэл" кинонд тоглохын өмнө "En kärlekshistoria" 1970 онд хийгдсэн кинонд тоглосон нь түүнийг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн юм. Андресен киноны гол баатар болох Густав фон Ашенбахын дурласан Польшийн үзэсгэлэнт залуу Тадзиогийн дүрд тоглосон юм. Кино түүхч Лоуренс Ж.Квирк "Агуу романтик кинонууд" (1974) судалгаандаа Андресены зарим зургийг Луврын музей эсвэл Ватиканы хананд өлгөх боломжтой гэж онцолжээ. "Венец дэх үхэл" кино нээлтээ хийснээс хойш нэг жилийн дараа Каннын кино наадмаар Андресен "дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүү" хэмээн олон улсын хэвлэлд гарсан байна.
Кино нээлтээ хийх үед АНУ-д Андресен ижил хүйстэн байсан гэсэн цуу яриа таржээ. Учир нь түүний дүр гол дүрийн баатартай романтик харц солихыг шаардаж, бас өөр өсвөр насны хүү үнсч, энхрийлэхийг шаарддаг байсан. Андресен ижил хүйстэн гэх мэдээллийг эрс няцаасан байна. Найруулагч Лучино Висконти гей бааранд Бьорныг албадан авч явж, хөгшин эрчүүдийн анхаарлыг татуулдаг байсан ба эвгүйцдэг тухайгаа ярьж байсан аж.
Бэлгийн сонирхлын талаарх цуу яриаг няцааж, "хөөрхөн хүү"-ийнхээ дүр төрхийг арилгахыг хүссэн Андресен ижил хүйстнүүдийн дүрд тоглохоос зайлсхийж эхлэв. Царайлаг төрхөө бусдад харуулахгүй гэж эрс шийдсэн бөгөөд феминист зохиолч Жермен Грир түүний зургийг нүүр хуудсандаа ашиглахад бухимдаж байв. Бьорны зөвшөөрөлгүйгээр түүний тухай "The Beautiful Boy" (2003) номыг мөн бичсэн байжээ. Грир номоо хэвлэхийн өмнө гэрэл зурагчин Дэвид Бэйлитэй (зурагны зохиогчийн эрхийг эзэмшдэг) зөвлөлдөн, ашигласан байв. Аль нэг тал өөр хувь хүний зохиогчийн эрхээр хамгаалагдсан хүний зургийг тухайн хүнд мэдэгдэхийн тулд ашигладаг нь нийтлэг практик аж. Хэрэв Грир ном бичиж, зургийг нь ашиглахаа мэдэгдсэн бол зөвшөөрөхгүй байсан гэж Андресен ярьсан байдаг.
"Венец дэх үхэл" гарсны дараа Андресен Японд удаан хугацаагаар байж, олон тооны телевизийн сурталчилгаанд тоглож, хэд хэдэн поп дуу бичсэн. Тэрбээр Тадзиогийн дүрд тоглосон нь Японы олон анимэ уран бүтээлчдэд, ялангуяа Кейко Такемияд нөлөөлсөн гэдэг. Тэр цагаас хойш Андресен Японд очих дуртай болсон бөгөөд олон жилийн турш тус улсад хэд хэдэн удаа иржээ. Бьорн Андресен Токиод ирснийг "Битлз" АНУ-д газардсантай төстэй гэж тодорхойлсон байна. Залуу жүжигчин олон нийтийн хайрыг хүлээж, эмэгтэйчүүдийн анхаарлыг асар их татсан юм. Жүжигчин байхаас гадна Андресен мэргэжлийн хөгжимчин бөгөөд саяхныг хүртэл “Sven Erics” бүжгийн хамтлагтай тогтмол хамтран, аялан тоглолт хийж байсан.
Хэрэв Бьорн Андрескны тухай илүү ихийг мэдэж, яагаад амьдралаа гунигтай гэж тодорхойлсон талаар ойлгохыг хүсвэл түүний баримтат киног үзэхийг зөвлөдөг билээ.
Эх сурвалж: Wikipedia, Guardian
Холбоотой мэдээ