“Үндсэн хуулийг зөв өөрчлөхгүй бол сөрөг үр дагавар бий болдог”

Хуучирсан мэдээ: 2022.06.30-нд нийтлэгдсэн

“Үндсэн хуулийг зөв өөрчлөхгүй бол сөрөг үр дагавар бий болдог”

“Үндсэн хуулийг зөв өөрчлөхгүй бол сөрөг үр дагавар бий болдог”

Хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа. Тэрбээр 1992 оны Үндсэн хууль батлагдахад тухайн үеийн  ажлын хэсэгт багтан ажиллажээ. Түүнээс хойш, Хууль зүйн дэд сайд, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж, Үндсэн хуулийн чиглэлээр дагнасан хуульч, судлаач юм.


 -УИХ-ын гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар тойрогтоо ажиллаад ирлээ. Энэ удаагийн өөрчлөлтийн талаар та хуульч, судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа юу гэдгээс ярилцлагаа эхлүүлье?

Яригдаж буй өөрчлөлтүүдийн хувьд өөрчилмөөр асуудал бий. Жишээлбэл, сонгуулийн тогтолцоо гэх мэт. Богино хугацаанд өөрчлөх нь тохиромжтой биш юм. Өөрөөр хэлбэл тогтвортой бус байдлыг үүсгэдэг. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх нь оновчтой бус шийдэл гэж харж байна.

-Үндсэн хуулийг дөрвөн бүлэг, 11 сэдвийн хүрээнд өөрчлөлт оруулахаар яригдаж байна. Та дээрх өөрчлөлтийг харж амжив уу. Үндсэн хуулийг ямар байдлаар өөрчлөх ёстой юм бэ?

-Яг юуг өөрчлөх талаарх материал өнөөдрийг хүртэл байхгүй байна. Саяхан хаанаас гаргасан нь мэдэгдэхгүй “Түүхэн шаардлага, түүхэн боломж” гэсэн номыг хуульчдын өдөрлөгийн үеэр тараалаа. Эндээс харахад намууд зөвшилцөж Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгааг ойлголоо. Иргэд “эрх барьж буй намынхан, улстөрчид ярьж байгаа учраас өөрчлөлт хийх ёстой гэж ойлгоод байна. Өөрчлөлт хийх нь зөв. Гэхдээ ямар цаг үед, ямар өөрчлөлт оруулах уу гэдэг нь Үндсэн хуулийн тогтвортой байдалд их нөлөөлдөг. Намуудын гарын үсэг зурсан тунхаг баримт бичгийг үзэхэд зөв  ч юм байна. Буруу  ч юм байна. Үндсэн хууль бол уван цуван, өөрчлөлт ордог зүйл биш. Цаад утгаараа нэгдсэн том систем, агуулга, зарчим байдаг. Нэг юмыг хөндөхөөр бусад зарчмуудтай нийцэхгүй байх тохиолдол бий. Үндсэн хууль бол бүхий л зохицуулалтыг агуулдаг суурь хууль юм. Улстөрчид, намууд тохиролцох биш судалгааны үндсэн дээр өөрчлөлт оруулах ёстой. 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтийг харахад бидний ямар ч бодлогогүй, алсын хараагүй явж ирсний илрэл харагддаг.

Үндсэн хууль судлаач, Цэцийн гишүүн бодлого тодорхойлох түвшинд ажиллаж байсны хувьд нэмэлт өөрчлөлтийн талаар нэг их зүйл ярихгүй байгаа. Нэгэнт хүмүүсийн хийсэн зүйлийг нийгэмд сөргөөр ойлгуулчих вий гэсэн үүднээс хэлэхгүй байна. Дараагийн үеийн хуульч, хууль тогтоогч нарт хэлэхэд юм өөрчлөх нь сайхан, гэхдээ зөв өөрчлөхгүй бол улс орны хөгжилд сөрөг үр дагаврыг бий болгодог.

"ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛУУЛАХ НЬ МАШ ЧУХАЛ"

-Гишүүдийн тоог нэмэх талаар ямар байр суурьтай байна вэ. Саяхан Цэцээс сонгуулийг пропорциональ тогтолцоогоор явуулах боломжтой гэдэг шийдвэр гаргалаа?

-1992 оны Үндсэн хуулийг батлахад би Хууль зүйн яамны ажлын хэсэгт орж ажиллаж байсан хүний нэг. Нэг ёсондоо Үндсэн хуулийг боловсруулах “гал тогоонд” ажиллаж байсан. Парламентын засаглалыг сайжруулах гэж 2019 оны нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн хуулийн чиглэлээр урт удаан хугацаанд судалгаа хийж байгаа хүний хувьд бид сэтгэлийн хөөрлөөр юм хийдгээ болимоор байгаа юм. Намуудад хандаж хэлэхэд өөрсдийнх нь эрх ашгийг зөрчсөн өөрчлөлт оруулж байхад дагаж хуулираад алга ташиж байгаад 19-1 ийг “хийсэн”. Одоо л дөнгөж ойлгож эхэлж байна. Судалгаа шинжилгээний ажил түрүүлж явдаг. Бидний хэлж буй үг таван жилийн дараа амьдрал дээр шалгагдаад гарч ирдэг. Шоолох биш судлаач хүн юу гэж хэлж байгааг анхаарах нь чухал.  Намууд муухайгаар хэлэхэд далдагнаж гүйснийхээ төлөө мөнгө авч байж магадгүй.

-Цэцтэй холбоотой өөрчлөлтийн тухайд та юу хэлэх вэ. Үндсэн хуулийн Цэцийг улс төрөөс хараат бус байлгах нь хамгийн чухал өөрчлөлт санагдаж байна?

-Үндсэн хуулийн Цэцээр хүний эрхийг хамгаалуулах нь маш чухал. Дэлхийн олон оронд байдаг систем манайд байдаггүй. Тухайлбал, “миний эрх ингэж зөрчигдөж байна” гээд гомдол гаргаж болдоггүй. Заавал төрийн шийдвэр, эрх бүхий этгээдийн гаргаж буй үйлдэл нь Үндсэн хууль зөрчиж байна гэж маргаан үүсгэдэг. Хувь судлаачийн үүднээс үзэхэд хүн өөрийнхөө эрхийг хамгаалж чаддаг тогтоолцоотой улс орон хүний эрхийг хангаж чадна гэж үздэг. Тэр үүднээс дээрх зохицуулалт байх шаардлагатай.

Үндсэн хуулийг хэрэгжүүлж чадахгүй байгаа нь хувь улстөрчидтэй холбоотой. Тэрнээс биш Үндсэн хууль муудаа биш юм. Манай Үндсэн хууль тийм  ч муу хууль биш. Яагаад гэвэл олон улсын хүний эрхийн байгууллагуудаас шинжээчид ирж, сайн хууль болсон гэж дүгнэдэг. Угтаа бол Б.Чимид багшийн үргэлжлэл болсон хүмүүс өөрчлөлтийг хийх ёстой. Гэхдээ тийм хэмжээнд хүн нь алга.

Хүмүүс ойлгохдоо Үндсэн хууль муу учраас өөрчлөх ёстой гэж ойлгоод байна. Тийм биш юм. Хэрэгжүүлж байгаа хүмүүс, улстөрчөөс шалтгаалан ийм байдалд хүрээд байна.

Жишээ нь АНУ-ын Үндсэн хууль 240 жил үйлчилж байна. АНУ-ын Үндсэнх уульд 27 удаа нэмэлт орсон. Ингэхдээ дандаа хүний эрхийг өргөтгөх заалтууд орсон. Манайд бол хүний эрхийг хязгаарладаг, Үндсэн хуулийн суурь зарчмынх нь хувьд дордуулдаг өөрчлөлт хийгээд байна. Ерөөсөө л үндсэн үзэл баримтлалыг өөрчилж байна. Хүмүүнлэг, энэрэнгүй ардчилсан гэдгийг удахгүй  авч хаях нь л дээ.

-Иргэдийн зүгээс Үндсэн хуулийг өөрчлөх талаар янз бүрийн байр суурьтай байна. Хуульч судлаач хүний хувьд дээрх чиглэлээр залуусын байр суурийг сонсч үзэв үү?

-Ойрын хугацаанд их олон залуучуудыг сонслоо. Өөрчлөх ёстой гэж байна. Яагаад өөрчлөх ёстойг ойлгохгүй байна.  Их олон юман дээрээс эрх баригчид зөвхөн хувийн ашиг сонирхол, хувийн эрх ашгийн төлөө юм хийгээд байгаа нь тодорхой харагдлаа. Түүнийг тодорхой хэмжээнд хязгаарлаж ард түмний төлөө, нийтийн ашиг сонирхлын төлөө нийтийн эрх ашгийн төлөө өөрчлөлт хийх ёстой. Юмыг өөрчилж сайхан болгохыг үгүйсгэхгүй. Харин энэ өөрчлөлтийн хүрээнд "нуухыг авах гээд нүдийг нь сохолно" гэдэг шиг одоо байгаа тогтолцоогоо нураагаад хаячхаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж