ОХУ хоёрдугаар сард Украин руу довтолсон нь бэлтгэл муутай байсан олон салбарыг сандралд оруулав. Тухайлбал, Европ тив тэр аяараа Оросын чулуужсан түлшнээс салах үйл явцыг эхлүүлж, АНУ голлох экспортуудаа Азийн түншүүдээр орлууллаа. Гэтэл Оросын арми Путины хүлээлтэд хүрээгүйгээр үл барам, дайн төлөвлөснөөс урт хугацаанд сунжирч, Москваг олон улстай эвдрэлцэхэд хүргэв.
Өдгөө ОХУ-ын хийж чадах зүйл гэвэл инфляцийн улмаас баруунд учирсан хохирлыг улам нэмж, Евразийн түншүүддээ хатуурхах явдал болжээ. “Газпром” компани Европын холбооны импортлогчид болон Туркт хий нийлүүлэхээ зогсоосон. Түүнчлэн, энэ сард Казахстаны түүхий нефтийг Новороссийск боомтоор экспортлохыг зогсоох болжээ. Новороссийскийн хоригийг түр хугацааных гэж нэрлэж байсан боловч энэ мэдэгдлээс хэдхэн хоногийн дараа Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаевийн хэлсэн үг нөхцөл байдлыг будилаантуулсан байна. Тодруулбал, Санкт Петербург хотноо болсон Олон улсын эдийн засгийн форумын үеэр Токаев “Украины салан тусгаарласан бүс нутгийг хууль ёсны улс гэж хүлээн зөвшөөрөхгүй” гэдгээ Путины өөдөөс харж байгаад хэлсэн юм.
Барууны орнууд Орост хориг арга хэмжээ авч, экспортыг нь хязгаарласан ч энэ хоосон орон зайг Хятад, Энэтхэг тэргүүтэй барууны бус түншүүд нөхчихнө гэж Москва найдаж байсан бололтой. Энэтхэг, Хятад хоёр экспортоороо нөхцөл байдлыг зөөлрүүлэх гэж маш их хичээж буй. Гэсэн хэдий ч Оросын түншүүддээ төдийлөн нэмэр болж чадахгүй байгааг “The diplomat” хуудас онцлов.
БАЙГАЛИЙН ХИЙ
Дайн эхлэхээс хагас жилийн өмнө “Газпром” компани Европын холбоотой муур хулгана болж тоглож эхэлсэн. Тэдний тоглоомын зарчим нь тоглогч бүр өрсөлдөгчдөө бууж өгөхгүйг хичээх ба хэн нь ч бууж өгөхгүй байх нь хамгийн муу үр дүнг илэрхийлнэ. ОХУ, Европын холбоо хооронд байгуулсан байсан байгалийн хийн гэрээний хугацаа дуусахад дахин урт хугацааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэж Европын импортлогчид шийдсэн. Үүний улмаас Оросын байгалийн хийн экспортын хэмжээ буурч, дэлхийн зах зээл дээр байгалийн хийн нийлүүлэлтийн тэмцэл өрнөв. Экспортын дэд бүтэц, хориг арга хэмжээ зэргээс шалтгаалаад “Газпром” компани одоогоор Ази руу овоо хараагаа чиглүүлэх бус үнээ өсгөхөд анхаарлаа хандуулж байна.
“Газпром” Европийн зах зээлд эзлэх байр сууриа алдсан хэдий ч жилийн 38 тэрбум шоо метр хүчин чадалтай Сибирийн эрчим хүч дамжуулах хоолойгоороо дамжуулан Хятад руу нийлүүлэлтээ хийж байна. Гэхдээ нийлүүлэлтийн хэмжээгээ төдийлөн нэмэгдүүлж чадаагүй байна. Нийлүүлэлтийг хариуцаж буй Чаяндагийн талбай нь баруун Сибир дэх байгалийн хийн ордуудтай ямар ч дэд бүтцээр холбогдоогүй. “Сибирийн хүч 2” нэртэй хийн хоолой одоогоор хэлэлцээний шатандаа яваа бөгөөд 50 тэрбум шоо метр хүчин чадалтай, Монголоор дамжиж Хятад руу хүрэх хоолой юм. “Сибирийн хүч 3” төсөл ч мөн яригдаж байна. Гэхдээ дээрх хоёр төсөл хэрэгжихэд багагүй хугацаа шаардагдах аж.
Оросын байгалийн хийн экспорт энэ оны эхний таван сарын байдлаар 27.6 хувиар буурсан. Новатекийн “Арктик 2” нэртэй төслийн ажил үргэлжилж байгаа ч хориг арга хэмжээний улмаас зардал нь нэмэгдэж, хугацаа нь хойшлогдоод байна.
ГАЗРЫН ТОС
Европын холбоо зургаа дахь багц хориг арга хэмжээгээ баталж, энэ оны эцэс гэхэд ОХУ-ын газрын тосны импортыг 90 хувиар бууруулах зорилт тавьсан. Оросын түүхий нефтийг далайн тээврийн даатгалд хамрагдахыг хориглосон шийдвэр нь Азийн худалдан авагчдын зардлыг улам нэмэгдүүлэв. Азиар тогтохгүй Оросын зарим компанийг ч хүнд байдалд оруулжээ. Өдгөө Уралын холимог болон “ESPO” хольцын экспортын бүтээгдэхүүнүүд баррель нь 30-35 ам.доллараар тогтмол арилжаалагдаж байна.
Дайнаас хойш Оросоос Хятадад нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ дээд цэгтээ тулж, өдөрт хоёр сая баррель хүрсэн. Хамгийн гол нь Орос улс Хятадын хамгийн том нийлүүлэгч болсноор Саудын Арабыг давж гарлаа. Харин Энэтхэг улсын хувьд тавдугаар сард түүхий нефтийн худалдан авалтаа 800 мянган баррель хүртэл нэмэгдүүлсэн. Энэтхэгийн нийт импортын 18 хувийг Орос нийлүүлсэн. Тэгвэл дайнаас өмнө тогтмол нэг хувийг л сардаа нийлүүлдэг байжээ. Ийнхүү Орос улс газрын тос нийлүүлэлтээрээ Энэтхэгийн хоёр дахь том түнш болсон нь экспортын өөр сонголт байгаагүйтэй холбоотой юм.
Европын импорт буурснаар эцэстээ Оросын дизель түлшний худалдан авалтыг ч бууруулна гэсэн үг. Азийн зах зээлд дизель түлш гаргах боломж хомс. Хятадын газрын тос боловсруулах үйлдвэрийн гуравны нэг нь одоогоор сул зогсолттой байгаа тул Ази даяар байгаа бусад үйлдвэр дизель түлшээр асар их ашиг олж байгаа аж.
НҮҮРС
Европын холбоо нүүрсний импортод ч мөн хориг тавьсан. Оросын нүүрс олборлогчид үүний хариуд Ази руу илүү их бүтээгдэхүүн гаргахыг чармайж буй. Энэ оны эхний таван сарын байдлаар Оросын нүүрсний гол экспортлогч Кузбассын төмөр замын экспорт 8.7 хувиар буурчээ. Харин Хятадын нүүрсний импорт тавдугаар сард 51 хувиар өсч, 3.3 сая тонн болсон. Гэхдээ энэ нь өнгөрсөн оны мөн үеийг гүйцэхгүй хэмжээ юм. Оросын тал Хятадын худалдан авагчдыг татахын тулд их хэмжээний хөнгөлөлт үзүүлж, гангийн үйлдвэрт ашигладаг коксжих нүүрсний экспортод анхаарлаа хандуулах болсон.
Энэтхэг улс нүүрсний худалдан авалтын хэмжээгээ өнгөрсөн жилээс зургаан дахин ихээр нэмэгдүүлсэн. Энэ нь Хятадтай ижил хэмжээнд дөхөж очсон гэсэн үг бөгөөд гуравдугаар сард ойролцоогоор нэг саян тонныг импортолжээ. Үндсэндээ Ази тивд эрэлт нэмэгдэж буй тул Оросын пүүсүүд Зүүн Сибирь, Алс дорнодод экспортлох төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Амар мөрөн дээр ашиглах усан онгоц барих ажлыг түргэтгэхийг засгийн газраас шаардаж байна. Оросын төмөр зам болон төрийн гүйцэтгэгч компаниудын хийж буй барилгын ажил удаашралтай байгаа учир өөрөө төмөр зам барихаар зориг шулуудсан бизнесмэн ч байгаа аж. Тодруулбал, Якут дахь Элгинское нүүрсний шинэ ордны эзэн Альберт Авдолян ажиллах хүч хомс, ажил ихийг үл харгазлан Охотскийн тэнгис хүртэл төмөр зам барих ажилдаа оржээ.
Орос улс барууны хориг арга хэмжээний эхний цохилтыг Ази тивийн эрэлт хэрэгцээг хангасан асар их эрчим хүчний орлогоороо зөөлрүүлсэн. Гэтэл Хятадын эдийн засгийн өсөлт ч мөн адил суларч байгаа учир байдал энэ хэвээрээ үүрд үргэлжлэхгүй. Үндсэндээ, Ази тив бол Москвад байгаа цорын ганц Б төлөвлөгөө гэдгийг “The diplomat” хуудас онцоллоо.
Эх сурвалж: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ