Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Тодруулбал тус бүсэд 315 нэгж талбарын 24 га газрыг хамарсан “Оргил” төслийг “Шинэ барилга” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдөр /2022.06.29/ эхний ээлжийн 126 айлын орон сууцыг ашиглалтад хүлээлгэн өгч, төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.
“Оргил” төсөл нь урт хугацаанд дахин төлөвлөлтийн газарт бүтээн байгуулалтын эко, жишиг цогцолбор байгуулж буйгаар онцлог.
Тиймээс цогцолборын эхний ээлжийн орон сууцны барилгын шийдэл, төслийн цаашид хэрэгжих бүтээн байгуулалт, эко төлөвлөлтийг хэрхэн хийж байгаа талаар сурвалжиллаа. Орчин үеийн орон сууцны барилгын чанар, стандартыг хотхоны шийдэлд тусгаснаас гадна дахин төлөвлөлтийн бүсэд энэхүү цогцолборыг байгуулж байгаад хотхоны болоод хажуугийн айл өрхүүд ч сэтгэгдэл өндөр байгаагаа хэлсэн юм. Мөн хэт өндөр биш, барилга хоорондын зай ойрхон давчуу төлөвлөлт хийгээгүй нь тус цогцолборыг сонгох шалтгаан мөн болохыг хэлж байлаа. Тиймээс тус төслийн удирдагчтай барилгын төслийн хэрэгжилтийн талаар ярилцав.
ОРШИН СУУГЧДЫН БҮХ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАСАН ЦОГЦ ШИЙДЭЛ “ОРГИЛ” ТӨСӨЛД БАГТСАН
“Шинэ барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирал, гавьяат барилгачин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, “Оргил” төслийн удирдагч Ө.Дорждэрэм:
-Дахин төлөвлөлтийн хүрээнд олон төсөл хөтөлбөр хэрэгждэг. Гэхдээ ихэнх төслүүд нэгдсэн цогцолбор гэхээс илүүтэй хотхоны түвшинд барилгын ажлыг хийдэг байгаа. Харин бидний хэрэгжүүлж буй “Оргил” төсөл бол оршин суугчдын хэрэгцээ, шаардлагыг бүрэн харгалзаж, хотхон дотор сургууль, цэцэрлэг зэрэг үйлчилгээний байгууламжуудыг тусгасан гэдгээр онцлог. Ингэснээр нийт 24 га газрын зөвхөн 10.9 га талбайг барилгажуулах ба орон сууцны нэгнээсээ алслах зай 80 метр бусад хэсэгт хүний хэрэгцээний ногоон байгууламж, мод бут, зүлэгт ногоон талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай зэрэг хүн бүрийн хэрэгцээг хорооллын нэгдсэн системд оруулан цогцлооно гэсэн үг.
Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсэд сургууль, эмнэлгийн шийдлийг тусгасан цогцолборыг анх удаа эко байгууламж дунд бий болгож байгаа төдийгүй хотхоны байрыг 10-аас доош давхар буюу есөн давхар байхаар төлөвлөсөн нь иргэдэд ая тухтай нөхцөлийг бүрдүүлж өгч байна.
-Компанийн туршлага болоод урт хугацааны төсөл хөтөлбөрийг гэр хорооллын бүсэд хэрэгжүүлэх ач холбогдлын талаар танилцуулбал?
-“Шинэ барилга” ХХК-ийн хувьд барилгын салбарт 50 гаруй жилийн туршлагатай компани. “Оргил” төслөөс өмнө нь нийт 50 орчим барилга барьснаас орон сууцны хотхонуудыг авч үзвэл 80-160 айлын цогцолборууд дээр ажиллаж байсан. Мөн томоохон бүтээн байгуулалтаас дурдвал СЭМҮТ-ийн барилга, Төрийн албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Увс, Сүхбаатар, Хэнтий аймгийн нисэх буудлуудыг барьж ашиглалтад оруулсан туршлагатай. Энэ удаагийн хэрэгжүүлж буй төслийн үр ашиг, ач холбогдлын хувьд авч олон зүйл бий.
Нэгдүгээрт, гэр хорооллын газрыг барилгажуулж, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах давуу талтай.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотыг зөв, цэгцтэй стандартаар төлөвлөх төлөвлөгөөний дагуу нийслэлийн холбогдох албан байгууллагуудтай хамтран шинэ өнгө төрх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах болон ойролцоох орчны бүсийг шинэчлэн зохион байгуулахад маш том түлхэц болно гэж харж байна. Үүнээс гадна ажлыг байрыг нэмэгдүүлж, барилгын салбарт стандартыг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Тодруулбал, энэ төслийн хүрээнд нийт 5-8 жилийн хугацаанд 250 гаруй иргэн, аж ахуй нэгж, төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, ажлын байрыг нэмнэ. Ингэснээр өөрийн болон туслан гүйцэтгэгч аж ахуй нэгжүүдийн 1000 гаруй ажилтан алба хаагчийг тогтвортой ажлын байраар хангах юм.
-Дахин төлөвлөлтийн талаар иргэд хангалттай мэдээлэл, ойлголтгүй байдаг. Тэр дундаа дахин төлөвлөлтийн бүсэд эко цогцолбор байгуулна гэхээр их гайхаж байгаа байх?
-Тийм. Бидний хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр хэрэгжиж байсан төслүүдийг маш сайн судалж үзсэн. Судалгааны дүнд оршин суугчдад тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгвөл хэн ч газраа орон сууц болгохоос татгалзахгүй гэдгийг ойлгосон. Учир нь иргэдийн газрыг авчхаад учиргүй өндөр барилга, давчуу зайд барьж, амьдрах ая тухыг нь алдагдуулбал хэн ч дургүйцэх нь гарцаагүй. Харин нэгдсэн стандартын дагуу хүн, машины харьцаа, барилга хоорондын талбай зэргийг оновчтой шийдэж өгвөл дараагийн шатанд төсөл дахин хэрэгжих ч боломжтой. Иргэд ч дэмжиж, бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй үргэлжилнэ.
Хүмүүсийн сонирхож хүлээж авсан шийдэл бол “Оргил” төсөл дээр яах аргагүй цогц шийдэл бүхий зураг төсөл.
Талбайн харилцааг зохистой шийдэж, байр хооронд 80 метр зайтай байхаар тусгасан нь стандарт нормативын дагуу хийгдэж байгаа. Гэр хорооллын газрыг барилгажуулах ажлын хүрээнд талбарын 38 айлд өнөөдөр ийнхүү түлхүүрийг гардуулж өглөө. Оршин суугчдын хувьд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлж байгаад төслийн удирдагч миний бие талархаж байна. Цаашид ч олон өрхийг орон сууцжуулж, эко цогцолборуудыг байгуулна гэж итгэж байгаа.
-Гэр хорооллын бүсийг орон сууцжуулах ажлыг нийслэлээс болон холбогдох албанаас дэмжихэд цаашид юуг түлхүү анхаарах хэрэгтэй санагдаж байна?
-Нийслэлийн зүгээс дэд бүтцэд орсон айлуудыг нүүлгэн шилжүүлэх хөрөнгийг хурдан гаргаж өгвөл бүтээн байгуулалтын ажил удаашрахгүй. Тиймээс энэ удаагийн төслийн хэрэгжилтийг дэмжиж ажиллаж байгаа иргэдийн нэгдэл, СХД-ийн 23 дугаар хорооны хамт олон, НЗДТГ-ынханд талархаж байгаагаа мөн илэрхийлэх нь зүйтэй. Энэ төсөл бол зөвхөн хотхоны айл өрхүүдэд бус нийслэлийн өнгө үзэмж, хотын стандартад хамааралтай гэдгийг ухамсарлаж буй хүн бүхэнд талархлаа.
ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХЭД ИХ БЭРХШЭЭЛ ТУЛГАРДАГ
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
-Дахин төлөвлөлтийн ажил хийхэд иргэд газраа чөлөөлж өгвөл төсөл үргэлжлэн хэрэгжих эсэхэд эргэлздэг. Энэ нь дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл тулгарах нөхцөл болдог байгаа. Гэхдээ сайн зураг төсөл, гүйцэтгэгч компанийн хэрэгжүүлэх ажил тодорхой үед энэ бэрхшээл бараг тулгардаггүй. Түүний нэг жишээ бол “Оргил” төсөл. Өнөөдөр эхний ээлжийн байр ашиглалтад орж байна. Цаашид батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэх үе шатны төлөвлөгөөнд тусгагдсанаар айл өрхүүдийг орон сууцжуулах ажил 2028 он хүртэл үргэлжлэнэ.
Нийслэлээс дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд энэ жил 29 байршилд 43 компанитай хамтран ажиллаж байна.
“Оргил” төслийн А талбарын 12 га газарт 31 блок орон сууцны барилга буюу 1953 айлын, Б талбарын 12 га газарт 28 блок орон сууцны 1764 айлын орон сууц, үйлчилгээ болон өрхийн багтаамж үйлчилгээг нэмэгдүүлэх боломжтой эмнэлэг, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн нь яах аргагүй давуу талыг цогцлоосон эко цогцолбор учир дараагийн шатанд ч нийслэлээс дэмжиж ажиллах болно.
СХД-ИЙН АНХНЫ СТАНДАРТ ЖИШИГ ОРОН СУУЦНЫ ОРШИН СУУГЧ БОЛЖ БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА
Иргэн Ц.Лхагвасүрэн:
-2021 онд газраа чөлөөлж өгсөн нь саяхан мэт санагдаж байна. Манай гэр бүлийн хувьд эзэмшлийн газартаа 30 гаруй жил амьдарсан. Орон сууцтай болохын хүслэн болж байсан ч үнэ ханш, байршил гээд асуудал их бий. Харин энэ төслийн ачаар өнөөдөр шинэ орон сууцны түлхүүрээ гардаж авлаа. Зөвхөн манайх ч биш хөршүүд, ойролцоо орчинд аж төрж байгаа бүх хүн энэ төсөлд ам сайтай байгаа. Сургууль, цэцэрлэг, орчны зохион байгуулалт, байрны доторх зай талбай гээд маш сайн болжээ. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг цаашид эрчимтэй хөгжүүлэхийг хүсч байна.
Иргэн Ц.Баатар:
-Манай гэр бүлийн хувьд хүүхдүүд бүгд тусдлаа гарч хөгшин бид хоёр амьдардаг. Ус, түлээ ойртуулах, гал түлэх гээд өвлийн улиралд их хэцүү. Тэгэхлээр гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах ийм буянтай ажил хийж байгаа компанид талархаж байна. Адаглаад л нэг айлын яндан байхгүй болно гэдэг агаарын бохирдол арилахад ч нөлөөтэй. Тиймээс төслийн багийнханд халуун баяр хүргэе.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Холбоотой мэдээ