Болгар улсын гадаад хэргийн яам өчигдөр /2022.06.28/ Оросын 70 дипломатчийг хөөх болсноо мэдэгдэв. Гадаад хэргийн яам болон ажлаа хүлээлгэж өгч буй ерөнхий сайд Кирил Петковын хамтарсан мэдэгдэл нь сүүлийн жилүүдэд гараагүй томоохон шийдвэр болжээ. Тодруулбал, энэ нь Балканы улсаас нэг дор хамгийн олон орос иргэнийг гаргаж буй тохиолдол юм.
“Оросын дипломатчдыг бидний ашиг сонирхлын эсрэг ажилласан хүмүүс гэж бид тодорхойлсон. Болгарын эрх ашгийн эсрэг ажилладаг хүн бүрийг эх орондоо буцахыг уриалж байна. Бүхэл бүтэн 70 хүний суудалтай онгоц Москва руу буцах гээд хүлээж байна” гэж Кирил Петков хэлжээ.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх дипломатчид долдугаар сарын 3 гэхэд Болгараас явсан байх ёстой аж. Түүнчлэн гуравдугаар сард Оросын 10 дипломатчийг албадан нутаг буцаасан. Дайнаас өмнө ч Оросын дипломатчдыг хөөж байсан тохиолдол бий бөгөөд энэ нь тагнуулын асуудалтай холбоотой байсан. 2019 оноос хойш тагнуулын дуулиантай холбоотойгоор хоёр улсын харилцаанд сэв сууж, 20 орчим дипломатуудыг хөөж байсан түүхтэй.
Путины түрэмгийлэл хоёрдугаар сарын 24-нд эхэлснээс хойш Европын хэд хэдэн улс Оросын дипломатчдыг эх орноосоо хөөсөн. ОХУ ч мөн адил Европын орнуудын дипломатчдыг хөөх арга хэмжээ авсан.
Болгарын хойд хэсэгт орших Русе хотод Оросын ерөнхий консулын газар байдаг. Консулын газрыг тодорхойгүй хугацаагаар хаах төлөвтэй байна. Түүнчлэн ОХУ-ын Екатеринбург хотод байдаг Болгарын консулын газрыг ч мөн хаана гэдгээ тус улсын Гадаад хэргийн яамнаас мэдээлэлээ.
Болгар нь Европын холбоо болон НАТО-ийн гишүүн хэдий ч Оростой түүх, соёл, эдийн засгийн нягт харилцаатай байдаг. Хоёр улс коммунизмын үед ойр дотно харилцаатай байсан бөгөөд Оросын жуулчид Болгарт өргөнөөр зорчдог. Харин ерөнхий сайд Петков нь Оросын эсрэг хатуу байр суурийг баримталдаг. Тэрбээр ОХУ-ын тусгай цэргийн ажиллагааг дайн гэж нэрлэхээс татгалзсан Батлан хамгаалахын сайдаа өнгөрсөн хоёрдугаар сард албан тушаалаас нь огцруулжээ.
Эх сурвалж: ALJAZEERA
Холбоотой мэдээ