Фүкүшимагийн цөмийн ослоос хойш улс орнууд тус бүсээс хүнсний бүтээгдэхүүн импортлохоо зогсоосон. Тэгвэл Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр /2022.06.28/ Японы ерөнхий сайдтай уулзах үеэрээ, импортын хязгаарлалтаа цуцална гэж мэдэгджээ.
“Эцэстээ нэг юм бид Фүкүшимагийн хүнсний бүтээгдэхүүнийг Их Британи даяар хэрэглэх дэлгүүрүүдэд түгээх боломжтой боллоо” гэж Борис Жонсон “Их-7”-ийн удирдагчдын уулзалтын өмнө хэлсэн байна.
Фүкүшима, Мияаги болон өөр бусад долоон мужаас мөөг тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүнүүд Их Британийн импортын хязгаарлалтад хамрагдсан байсан. Тэдгээрийг импортлохын тулд цацраг идэвхит бодис байгаа эсэхийг шалгасан гэрчилгээтэй байх ёстой аж. Ийм төрлийн гэрчилгээ нь Ямагата, Ибараки, Гүнма, Ниигата, Яманаши, Нагано, Шизүока мужуудад тарьж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдэд ч мөн шаардлагатай юм байна.
Их Британийн засгийн газар зургадугаар сарын сүүл гэхэд хязгаарлалтаа цуцлахаа амлажээ. Харин Хятад, Орос, Өмнөд Солонгос, Индонези зэрэг зарим улс одоо хүртэл импортын хязгаарлалттай хэвээрээ байна.
Тайвань ч бас импортын хоригоо цуцлана гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард мэдэгдсэн. Австрали, АНУ, Тайланд зэрэг хязгаарлалтаа цуцалсан улсыг дагаж ийн шийдвэрээ гаргалаа гэж Тайванийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ло Пин-Чэн хэлсэн. “Улс орнууд хуучин арга барилаараа гацаж, шинжлэх ухааны нотолгоог үл тоомсорлож болохгүй” гэж тэр онцолжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY, DW
Холбоотой мэдээ