ЧЕЖҮ 23: ЧАДВАЛ БАРИАРАЙ
Чежү рүү 126 монгол дөрвөн шөнө, таван өдрийн аяллаар явснаас сүүлчийн өдөр 23 нь холбоогоо таслаад сураггүй болжээ. Тэд 22-нд очсон бөгөөд 26-ны өдөр буцаж ирэхээр төлөвлөсөн аж. Зэсэрсэн гэх 23 Монгол иргэн Өмнөд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой бөгөөд долдугаар сарын 21-нд тэрхүү хугацаа дуусгавар болох юм. Тэгэхээр дахиад багаар бодоход 21 хоногийн хугацаа байна гэсэн үг. Зай ч байна, лай ч байна.
Гадаад харилцаа, төр засгаас илүүтэй жирийн иргэд үүнд бухимдаж байна. “Хувиа бодоод улс орныхоо нэрийг бодсонгүй” л гэнэ. “Бусаддаа гай боллоо”, “Хүний өмнөөс ичих хэцүү” л гэнэ. “Дараа дараагийн монголчуудаа даан ч бодсонгүй” л гэнэ. “Монголд эмчлэх боломжгүй өвдсөн нэгнийг үүнээс болоод үхэх аюулд учрууллаа” гэхчилэн дор бүрнээ гаслаж байна. Нийгмийн уур амьсгалыг хамгийн сайн мэдэрч, цаг алдалгүй туурвидаг СГЗ С.Цогтбаяр ч ээлжит уран бүтээлдээ энэ талаар хөнджээ.
Дээрх тооноос харвал ойролцоогоор зургаан монголын нэг нь боломж олдвол гадаадад үлдэх магадлал өндөр байгаагийн тод жишээ энэ гэдгийг үгүйсгэх боломжгүй.
Монголд үнэхээр амьдрах боломжгүйн дээр элдэв дарамт, түгрэл стресс дээд цэгтээ хүрсэнийг хэн хүнгүй л хэлж байна. 23 хүнийг чичлэхээс илүүтэй амьдрал хөөн хэдэн мянгаараа гадаадад гарах эрмэлзэлтэй болсныг бид анхаарууштай. Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнуудын виза чөлөөтэй болвол монголчуудын цөөнх нь л үлдэнэ гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.
Өвгөдийн үлдээсэн эх орондоо хүний дайтай амьдрал боломж улам бүр хумигдсаар байна. Монголд олонхынхоо боломжийг хулгайлсан цөөнх нь аятай, тухтай, амьдрал нь таатай, ажил нь амжилттай явна. Жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлчихсан нөхөд ичихгүй сайд, дарга хийгээд явж л байна. Морьны сэрвээний өндөрийг өнжин ярьснаас бус морь унаач хүүхдийн аюулгүй байдал, монгол хүний эрхийн асуудлыг хэлэлцэхэд хууль тогтоогчид цагаа хугасласан бил үү? Гэтэл тэдэнд шаардлагаа тавьж, иргэдээ адгууснаас дор үзэж буй эс үйлдэлд нь хариуцлага нэхэхийг оронд аргаа бараад амьтан хүнд ад үзэгдэн зугтсан нэгнээ энд буруутгах нь олон байх шиг.
Монголд шударга ёсны хэмжүүр гэж байна уу? Иргэд нь эрүүлээр биснес хийх боломжгүй, эрүүл саруул сэтгэдэг нэг нь төрийн албанд тогтох боломжгүй, хүүхдээ цэцэрлэгт явуулаад ажлаа хийх боломжгүй, тэтгэврээрээ санаа амар суух аргагүй, хүний хүүхдэд эрдэм, ном заадаг хэр нь өөрийнхөө хүүхдэд цаг гаргах завгүй. Бусдын эрүүл мэндийн төлөө бүхнээ зориулдаг атлаа авсан цалин нь аятайхан ресторанд аяга хоол ч идэхэд хүрэлцдэггүй. Хууль, журмаар нь явбал хохирдог, танил талаараа явбал хождог хөгийн нийгэмд бид амьдарч байна. Үүнийг өөрчлөхийн төлөө бүгд л ярьдаг ч үнэндээ түүнийхээ эсрэг зогсдог нь олонхын боломжийг цөөнх нь завшдаг өнөөгийн Монголыг бий болгочихлоо.
Жирийн иргэн гоожингийн бичиггүй бол түлээний модоо ч бэлтгэж чадахгүй байхад Туулын бургасыг хэдэн га-гаар нь хядсан хүн өнөөдөр биднийг даапаалаад хээв нэг алхаж л байна. Монголын хууль цаазын зөвлөх нь гадаадад хулгайн хэргээр баригдаж байна.
Тиймээс зэсэрсэн 23 монголыг зүхэх эрт байна. Харин ч тэднийг гадны хэвлэлүүд шүүрч аваад мэдээлээсэй. Дайн дажингүй, ардчилсан Монголд ард иргэд нь юунаас болж гадаадад хууль бусаар амьдрахыг зорьж буйг дэлгээсэй.
Харин тэр үед ичих булчирхай байдаг бол хамгаас илүү эрх баригчид ичээсэй. Монголчууд эх орондоо амьдрахад өдрөөс өдөрт хэцүү буй болж буй тоон үзүүлэлтийг “МОНГОЛООС ДҮРВЭХ ДАРААГИЙН ДАВАЛГАА” нийтлэлд дурдсан болохоор энд улиглахаас татгалзав.
Гадны улс орнууд түүхэн ойгоо ядуурал, ажилгүйдлээ бууруулж, аж үйлдвэржилт, амьжиргааны түвшин нэмэгдсэн үзүүлэлтээрээ тэмдэглэж байна. Цөөхөн монголчуудын цөөнх нь тэмдэглэхээр улайран буй 100 жилийн ойн дээр өмнөхөөс өнөөдөр юу өөрчлөгдсөн байна вэ бодоорой. Шилэн дэнлүү барьсан айл өрх зуун жилийн нийтлэг төрх. Одоо улсын нийслэл Улаанбаатарт дэнлүүтэй айл бишгүй л байна.
Тиймээс гуравхан сая хүнийхээ асуудлыг шийдэж чадахгүй байж гуниггүй баярлах гэж яваа эрх баригчид ичмээр байна. Энэ утгаараа бол Чежүд зугтсан 23 монгол харин ч бидний үнэн төрхийг илчирсэн гавьяатнууд гэлтэй.
Холбоотой мэдээ