Монгол Улсын гадаад өрийн хэмжээ хөгжиж буй орнуудын үзүүлэлтээс 2-3 дахин их байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр мэдээлсэн. Урсгал тэнцлийн алдагдал сүүлийн 10 жилийн дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 19.5 хувьтай тэнцсэн нь гадаад өр нэмэгдэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ.
Засгийн газрын зээлийн ашиглалтыг авч үзвэл, 40 орчим хувийг барилгын салбарт, 26 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад, 14 орчим хувийг үйл ажиллагааны зардалд, 13 орчим хувийг зөвлөх үйлчилгээнд тус тус зарцуулсан байна.
Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Юн Сок Хёнг өчигдөр болсон "Монгол Улсын төлбөрийн тэнцлийг сайжруулах нь өрийн удирдлагын үндсэн зарчим" хэлэлцүүлэг дээр “Монгол Улсын эдийн засаг гадаад орчинд өрнөж буй “шок”-уудад маш өртөмтгий, эмзэг байгаа учраас цаашид төсвийн бодлогыг сайжруулж, зарцуулалтаа танах хэрэгтэй. Төсвийн дэмжлэгийг зөвхөн дэмжлэг авах шаардлагатай, зорилтот бүлгийн иргэдэд олгох нь зүйтэй" гэж онцолсон. Тус сан Монгол Улсын эдийн засаг 7 хувиар өснө гэж тооцоолсноо нэг хувь болгож бууруулсан билээ.
Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч Кармен Рейнхарт “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа “Бага орлоготой орнуудын хувьд өрийн эрсдэл, өрийн хямралд орох нь таамаг төдий биш болохыг анхааруулж, өрийг бууруулах шийдвэртэй арга хэмжээгээр өрийн хямралыг шийдвэрлэх хэрэгтэйг тодотгожээ.
Монгол Улсын эдийн засаг 2020 онд 4.6 хувиар агшиж, 2021 онд 1.4 хувиар өссөн бол 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 3.8 хувиар агшсан байна.
Монголд эдийн засгийн өсөлт хүртээмжгүй байгаагаас ядуурал буурахгүй байгааг эдийн засагчид онцолдог. Хэдийгээр манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны хувьд нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан ч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэжээ. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлыг гадаад өрөөр санхүүжүүлж, энэ хугацаанд гадаад өр мөн хэмжээгээр буюу 27.1 тэрбум ам.доллараар өссөн байна.
Манай улс сүүлийн 14 жилд зэсийн экспортоос 21.4 тэрбум, нүүрснээс 22 тэрбум, нефтиэс 4.4, алтнаас 7.1, төмрийн хүдрээс 5.8 тэрбум ам.доллар буюу нийт экспортын 73.8 тэрбум ам.долларын орлого олсон. Гэвч нөгөө талдаа энэ хугацаанд хүнс 7.1 тэрбум, автомашин 5.1, бензин шатахуун 13.5 тэрбум гэх мэт нийт 69.1 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортолж, гадаад улсуудад тээврийн үйлчилгээнд 3.2 тэрбум, аялал жуулчлалд 3.6 тэрбум гэх мэтээр нийт 15.5 тэрбум ам.доллар үйлчилгээний төлбөр төлжээ.
Эдгээр үүссэн өр төлбөр нэмэгдэхийн хэрээр гадагшаа зээлийн хүү, хөрөнгө оруулалтын ногдол ашигт төлдөг төлбөр нэмэгдсээр байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 14 жилийн хугацаанд зээл, бондын хүүд 6.4 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтын ногдол ашиг, хүүгийн төлбөрт 7.8 тэрбум ам.доллар тус тус төлжээ.
Засгийн газарт одоо дефолт зарлахгүйн тулд яаралтай санхүүжилтийн эх үүсвэр чухал тул гаднаас авах зээлийн асуудлыг яаравчилж байгаа аж.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2022.06.28)-ийн хуралдаанаараа Засгийн газраас 2022 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-д зөвшилцөхөөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн зөвшилцөх эсэхийг хэлэлцсэн.
Энэ онд манай улс Азийн хөгжлийн банкнаас 270 сая ам.доллараас хэтрэхгүй зээл авах боломжтой талаар яриа хэлцэл хийгджээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай 2021-2024 онд хамтран ажиллах стратегийг тохирч, 2022-2023 онд Монгол Улсад 655 сая ам.доллар хүртэлх санхүүжилтийн эх үүсвэр хуваарилсан байна. Үүнээс 2022 онд 270 сая ам.доллараас хэтрэхгүй бөгөөд АХБ-ны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, 2023 онд 385 сая ам.доллараас хэтрэхгүй байх аж. Үүнийг тус банкны энгийн эх үүсвэрийн сангийн энгийн болон хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж олгохоор урьдчилан тохиролцсон байна.
Дээрх зээлээс төсвийн дэмжлэгт нийт 200 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснөөс энэ онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн зээл авч ашиглахаар хүлээгдэж байгаа аж. Энэ хэлэлцээрийн санхүүжилтийн тодорхой хэсгийг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын арга хэмжээ болон тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдэд зарцуулахаар төлөвлөжээ.
Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн нөхцөлтэй. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа 20 хүртэл жил бөгөөд Лондоны банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг.
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэнээр, 2012 оноос Азийн хөгжлийн банк (АХБ)-ны энгийн эх үүсвэрээс санхүүжилт авах эрхтэй болж, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн тоо болон санхүүжилтийн хэмжээ 2-3 дахин өсчээ.
Холбоотой мэдээ