Өмнөд Солонгосын засгийн газар өчигдөр /2022.06.27/ хоёр улсыг заагласан үерийн даланг нээхийнхээ өмнө урьдчилан мэдэгдэхийг Пёньянаас хүсчээ. Хоёр Солонгосын бүс нутаг орчмоор борооны улирал эхэлж буй тул болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, ийн албан хүсэлт илгээсэн байна. Гэвч Пёньян тодорхой хариу өгөөгүй аж.
Хойд Солонгос 2020 оны наймдугаар сард баруун хил дээрх Хвангган далангийн үерийн хаалгыг мэдэгдэлгүйгээр хэсэгчлэн нээж, Имжин гол руу усыг цутгасан. Үүнээс болж хилийн ойролцоо амьдардаг Өмнөдийн айлууд хүнд байдалд орж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байв.
Хоёр Солонгос хооронд 2009 оны аравдугаар сард байгуулсан хэлэлцээрийн дагуу үерийн усыг ийн Хвангган далангаар урсгадаг аж. Гэтэл Хвангган далангийн үерийн хаалгыг нээсний улмаас Өмнөд Солонгосын зургаан иргэн амиа алдаж байсан удаатай. Иймд далангийн усыг урсгахынхаа өмнө урьдчилан мэдэгдэж байх тухай Пёньянтай тохиролцсон боловч энэ тохиролцоо бодитоор хэрэгжихгүй байгаа аж.
Өмнөд Солонгосын тал өчигдөр 16:00 цагийн орчимд цэргийн холбоогоор Пёньянтай холбогдож энэ хүсэлтээ тавьсан. Гэвч Хойд Солонгос уг хүсэлтийг хүлээж авах эсэхээ тодорхой хэлэлгүйгээр яриагаа дуусгасан гэв. Хоёр Солонгос өглөөний есөн цагт цэргийн холбоогоор тогтмол холбогддог. Гэвч энэ дуудлагадаа хүртэл хариулаагүй удаатай аж. Хоёр талын шууд утас ийм тогтворгүй байгаа нь урьд өмнө тохиолдож байгаагүй явдал гэдгийг албаны хүн онцоллоо.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ