Баатрууд хүүхдүүдэд 1000 доллар хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2010.08.22-нд нийтлэгдсэн

Баатрууд хүүхдүүдэд 1000 доллар хандивлалаа

“Central Tower”-ийн 17 давхарт байрлах “Sky Lounge”-д өчигдөр Монголд үйл ажиллагаагаа явуулдаг гадаад, дотоодын бизнеснийн салбарын шилдгүүд цуглалаа. Тэд өнчин ядуу, гэр оронгүй хүүхдүүдийн төлөө чин сэтгэлийн хандив өргөж, нэгэн үдшийг хамтдаа цэнгэн өнгөрүүллээ. Монголдоо л анхных гэмээр дээд зэрэглэлийн өндөр зохион байгуулалттай энэхүү тансаг цэнгүүний тасалбар нь “1000 ам.доллар” байсан  юм.

 
“HEROS of INDUSTRY GALA DINNER” нэртэй энэхүү цэнгүүнийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Лейтон” ХХК-ийн захирал Марк Бэйли болон Монголын хүүхдийг дэмжих сангаас санаачлан зохион байгуулж байгаа аж. Тасалбараас олсон орлогын тодорхой хувийг Монголын хүүхдийг дэмжих сан, Өнчин ядуу хүүхдийг асрах “Лотус” буюу “Бадамлянхуа төв”-д хандивлах  ажээ. Энэхүү арга хэмжээнд 130 гаруй зочид хүрэлцэн ирсэн бөгөөд зохион байгуулагчдын онцолсоноор  Монголын бизнесийн салбарын баатрууд, гавъяатнууд гэж байв. Тухайлбал, Лейтон, Monniis, MSC, Red Hill, Komatsu, MonEnCo, Standart Bank, Doug Mv Gay, Monsped, Newcom, Sandvik, Petrovis, APU, Major Drilling, Od Shunhlai, EPTM, SMEC, CAMS,  Triton Coal, Firebird, Huinday Motors, Nomgon Gol, Rod Comerford, Graham Taylor, MSAF, Wagner, EBRD, Khaan Bank, SGS зэрэг компаниийн зочид уригдан иржээ. Баатруудын үдшийн цэнгүүнд хийлч Ч.Дэлгэрцэцэг болон Филиппин улсаас уригдаж ирсэн хийлч  Жей Каюуко нар хийлийн гайхалтай аялгуугаар ирсэн зочдын сонорыг мялаалаа.
Сонирхуулахад,  1993 онд Австрали гаралтай Иогийн багш хатагтай Диди Ананда Калика Монголд анх удаа ирээд өнчин, ядуу хүүхдүүдийг харж, тэдэнд хоол ундаар тусласаар найман өнчин хүүхдийг асарч хамгаалдаг болсон байжээ. Улмаар 1995 онд хүүхэд асран хамгаалах Лотус буюу Бадамлянхуа төвөө байгуулсан бөгөөд өдгөө Монголдоо томоохон асрамжийн газар болсон байна. Яармагийн гэр хорооллын дунд орших энэхүү төвийн байрыг нүүлгэн шилжүүлж, хүүхэд өсөж хүмүүжих таатай нөхцөл бүрдсэн цогцолбор барих төслийн дагуу Монголын хүүхдийг дэмжих санг 2006 онд байгуулсан аж.

 Хатагтай Диди асран хамгаалж буй хүүхдүүдээ гэр бүлийн хэв маяг бүхий цөөн тооны хүүхэдтэй бүлэгт хуваадаг бөгөөд 2004 онд хуучин агуулахын байраа шинэчилж, цэцэрлэг, бага сургуулийн байрыг бий болгосон гэнэ. Ингэснээр тус төвийн хүүхэд бүрт тавдугаар анги хүртэлх боловсрол олгож эхэлсэн ч тэдний одоогийн байрлаж буй газар нь төвийн халаалтгүй, цахилгаан станцын утаа униартай, хог хаягдал ихтэй, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх боломжоор хомс. Энэ нь өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй орчин тул Гачууртад шинэ цогцолбор барих ажлыг эхлүүлсэн байгаа аж.

Монголын хүүхдийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал хатагтай Руд Пуласки

-Бид 2006 оноос эхлэн хүүхдийн цогцолбор барих газраа хөөцөлдөж, ажлаа эхлүүлсэн ч маш их хөрөнгө мөнгө шаардагдаж байна. Энд хүүхэд өсч бойжихоос гадна сурч боловсрон амьдралд хөл тавих хүртэл бүхий л боломжоор хангана. Тиймээс цэцэрлэг, сургуулиас гадна хүүхдийн чөлөөт цагаа өнгөрөөх газар, биеийн тамирын талбай гээд бүгд цогцоор байх учиртай. Энд хүрэлцэн ирсэн гадаад болон дотоодын компани, хувь хүмүүсийн дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгөөр  бид байгууламжаа барьж дуусгана. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдрээгүй, харах хандах хүнгүй өнчин хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж буй ирсэн бүх зочиддоо баярлалаа. Мөн энэ үдшийн арга хэмжээг хамтран зохион байгуулж буй “Лейтон” уул уурхайн компаний захирал Марк Бейлид баярлалаа .

Энэ үеэр “Лейтон” компанийн гүйцэтгэх захирал Марк Бейлитэй цөөн хором ярилцсан юм.

-Хүүхдүүдэд туслах арга хэмжээг зохион байгуулж байгаад тань баярлалаа. Энэ арга хэмжээг яагаад зохион байгуулахаар шийдсэн бэ?

– Өнөөдрийн арга хэмжээг би “Лейтон” компанийн захирал гэдэг утгаар биш Марк Бейли гэдэг хувь хүн хүүхдүүдэд ямар хайртайгаа харуулахыг хүссэн. “Лотус” буюу “Бадамлянхуа төв”-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эцэг эхгүй өнчин, хүүхдүүд сурч хүмүүждэг. Тэдэнд туслах зорилгоор энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Эдгээр хүүхдэд хэн нэгний туслалцаа хэрэгтэй. Тиймээс нийгэмд тодорхой хэмжээний байр сууриа эзэлсэн, эдийн засгийн боломжтой хүмүүсийг цуглуулж, тэдэнд хэрэгтэй шинэ цогцолборбарьж дуусгахад шаардлагатай мөнгийг хуримтлуулж байна. Нэг байшин биш бүхэл бүтэн цогцолбор барихад мөнгө их хэрэгтэй байгаа тул эдийн засгийн бололцоотой найз нөхөд, компаниудыг уриалан дуудсан.

-1000 ам долларын арга хэмжээнд оролцох урилгыг тань таны найз нөхөд болон компаниуд хэрхэн хүлээж авсан бэ?

-Би өөрөө маш сайн дарс ууж, сайхан хоол идэх дуртай. Уригдсан зочид ч мөн адил энэ хэмжээний мөнгийг сайн дарс, сайхан хоолонд зарцуулдаг. Тиймээс нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлж, хүүхдэд туслах ажилд хандив өргөхийг хүссэн тул саналыг дуртай хүлээн авч байсан.

-Монголын хүүхдүүдэд зориулан гайхалтай арга хэмжээ зохион байгуулж байгаад тань баярлалаа.

Түүнтэй ярилцсан хэсэгхэн хоромд түүнийг энэ өдрийн баатар гэж хэлмээр байсан юм. Учир нь Монголын минь ирээдүй болсон хүүхэд багачуудын маань нэгээхэн хэсэг ээж аавдаа гологдон гудамжаар тэнэж, орох оронгүй, хэн нэгэнд нүд үзүүрлэгдэж, амьдрахын тулд өнөө маргаашийг хоног төөрүүлэн бидний дунд алхаж яваа.  Харин сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар тэдний зарим нь Бадамлянхуа төвд өсч, бойжиж, сурч боловсорч байна. Цэнгүүний үеэр тус төвийн хүүхэд багачуудын төлөөлөл дуучин Qiuza-тай хамтран хүүхдийн дуугаар хурсан олныг уяраав.

Мөн дуучин Баярцэцэг хамт ирсэн зочдод дуу хуурын дээжээсээ өргөн барьж , хүүхдийн цээлхэн хоолойгоор танхим дүүрэн цуурайтуулж байв.

Энэ үеэр  хатагтай Диди “Та бүхэн эдгээр хүүхдүүдэд ирээдүйдээ итгэх итгэл, сайхан сэтгэл, хайр бүхнийг бэлэглэж  байна.  Хүүхэд гэдэг хамгийн эрхэм хүмүүс, тэдний эцэг эхийн хайрыг бүрэн орлож чадахгүй ч хүн болж төлөвшихөд нь туслах болно. Та бүхэн бүгд баатрууд” хэмээн хэлсэн юм.

Түүнийг хараад энэ үдшийн цэнгүүнийг зохион байгуулсан бүх хүмүүсийг баатар гэмээр. Хүүхэд баярлуулсан тэдний сэтгэл нь цагаан, итгэл нь  үргэлж өөдөө байх болтугай.

Учир нь Монголд сая саяаар нь ашиг орлого олдог олон компаниуд байдаг ч  хамтдаа цуглан хүүхдийн төлөө 1000 долларын хандив өргөх хүн нь хичнээн байдаг билээ дээ.

П.Наран
Г.Даша

Энд дарж зургийн цомгоос сонирхно уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж