Энэ өдөр УИХ-ын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Энэ өдөр УИХ-ын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон.

Энэ нь 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулиар “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” хэмээн баталгаажуулсаны дагуу манай улс нэг танхимтай парламентын тогтолцоонд шилжсэн юм.

Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд эрхийнхээ дагуу энэ удаагийн сонгуульд нийтээрээ, чөлөөтэй оролцож, саналаа шууд, нууцаар гаргаж, хүн төрөлхтөний хөгжлийн жамаар Монгол орны цаашдын ирээдүйг тодорхойлох төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох нэг танхим бүхий байнгын ажиллагаатай парламентыг бүрдүүлэх Улсын Их Хурлын гишүүдийг сонгосон юм. Энэхүү сонгууль нь шинэ Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, ардчиллын үндсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх, улс орон зах зээлийн харилцаанд шилжих эдийн засаг, эрх зүйн үндсийг бүрдүүлэх амаргүй зорилтыг биелүүлэхийн төлөө бүх нийтээрээ чармайн ажиллаж байгаа үед болсноороо онцлог байлаа.

Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага – Монгол Улсын Их Хурлын гишүүнээр 293 хүний нэр дэвшигдсэний 275 нь улс төрийн 10 нам, эвслээс, 18 нь бие даан нэрээ дэвшүүлж, нийт сонгогчдын 95,6 хувь нь саналаа өгч сонгогчид төрөө төвхнүүлэх үйлсэд иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарлан улс төрийн өндөр идэвх гаргасны бодит илэрхийлэл болсон юм.

Сонгуулийн 26 тойрог түүний 357 салбар хороо, 1569 хэсэгт нийт 16,5 мянган хүн ажиллаж, сонгуулийн 26 тойргоос 76 хүн сонгогдсоны дотор МАХН-аас нэр дэвшсэн 70, МоАН-МҮДН-НН-ын эвслээс нэр дэвшсэн 4, МСДН-аас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигчдээс 1 хүн Улсын Их Хурлын гишүүнд сонгогдсон.

Сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, сурвалжлахаар АНУ, ОХУ, Япон, Герман, Франц, Испани, Унгар зэрэг 7 орны 23 ажиглагч, 10 улсаас 47 сурвалжлагч хүрэлцэн ирж Улаанбаатар, Төв, Хэнтий, Дарханы тойрог, хэсгүүдээр явж ажиллажээ.

1992 оны 7 дугаар сарын 4-ний өдөр “Улсын Их Хурлын чуулганы товыг зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч, Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн.

Монгол Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Улсын Их Хурлын даргаар УИХ-ын гишүүн Нацагийн Багабандийг сонгосон юм.

Эх сурвалж: parliament.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж