Картаа дардаггүй иргэдээс болж орлого нь 60 хувиар буурчээ

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Картаа дардаггүй иргэдээс болж орлого нь 60 хувиар буурчээ

Нийслэлийнхэн түгжрэлээс ангид байх улирал ирж, автобусны хүрэлцээ, ачаалал харьцангуй гайгүй байна. Зуны улиралд оюутан, сурагчид амардаг учраас нийтийн ажлын цагийг эс тооцвол бусад цагаар автобус хүн цөөтэй байна. Багшийн дээдийн автобусны буудал 18:00 цагийн орчимд иргэд сүүдэр бараадан автобус хүлээж байна. Зарим нь картаа гартаа атгасан хүлээх бол зарим нь утасныхаа ард хийжээ. Таван шар- офицеруудын ордон чиглэлийн автобус ирэхэд хүмүүс түлхэлцэн орох бөгөөд эхнээсээ картаа дараарай гэх жолоочийн сануулгаар картаа дарах нь ч байлаа.

Автобусанд суухад “Оюутан”, “Өндөр настан”, “Баярлалаа” гэх гурван үг чихэнд хоногшчээ.  Уг автобусанд хамгийн сүүлд орж ирсэн ахимаг насны иргэн картаа дарахад “үлдэгдэл хүрэлцэхгүй байна” хэмээн дуугарч түрийвчээ дахин тэмтэрч эхэллээ. Ингээд задгай зуун төгрөгийн дэвсгэртүүдийг автобусны жолооч руу сарвайлаа. Жолоочид мөнгө тоолох зав байсангүй.

Угтаа бол картгүй, эсвэл картын үлдэгдэл хүрэлцэхгүй бол жолоочид бэлэн мөнгө өгдөг үзэгдэл хэдийнээ хэвшил болжээ. Энэ талаар жолоочоос тодруулбал, “Нийтийн тээврийн орлого буурсан нь үнэн. Хүмүүс нэг хэсэг картаа дарахгүй, зарим нь мөнгөө өгдөггүй тохиолдол олон байсан. Картаа дарах нь янз янз л байдаг. Бидний зүгээс картаа дарахыг сануулдаг ч зарим “ухамсаргүй” нь  цаашаа сонссон ч  сонсоогүй юм шиг явчихдаг. Босч загнаад суух цаг бидэнд байхгүй. Нийтийн тээвэр тогтсон цагтай учраас жолооч, үйлчлүүлэгч хэн хэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэлээ. Ийн жолоочтой ярилцах зуур дараагийн автобусны буудал дээр ирж, хаалга онгойв уу, үгүй юу хүмүүс шахалдан орж ирлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд картыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч иргэд мөнгө төлөхөөс зайлсхийж, картаа дарахгүй байх, жолоочид бэлэн мөнгө өгснөөр нийтийн тээврийн орлого буурсан байна. Тухайлбал, смарт карт нэвтэрхээс өмнө нийтийн тээврийн жилийн орлого 2015 онд  48 тэрбум байсан бол, 2016 онд 45 тэрбум, 2017 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байна.

2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн аж.

Өөрөөр хэлбэл иргэд картаа цэнэглэдэггүй, бэлэн мөнгөөр зорчдог байдал даамжирсаар нийтийн тээврийг “дампуурал” руу түлхэж байна. Нэг хэсэг төв замын автобусны буудал бүрт автобусны шалгагч нар карт цэнэглэж, картаа дарахыг сануулж байсан. Өнөөдрийн байдлаар автобусанд картаа дарах эсэхэд зөвхөн жолооч нар хяналт тавьж байна.

ГЭР ХОРООЛОЛ, АЛСДАГДСАН ДҮҮРГҮҮДЭД КАРТ ЦЭНЭГЛЭХ ГАЗАР ХОМС БАЙДАГ

Зорчигч Т.Гандулам “Автобусны хүрэлцээ их тааруу. Одоогоор 15 минут хүлээгээд сууж байна. Жолооч нарын харилцаа ер нь гайгүй. Иргэд өөрсдөө бүдүүлэг зан гаргавал жолооч  хүн юм чинь бүдүүлэг харьцана. Бэлэн мөнгө гэхээсээ илүү цаг үеэ дагаад өөрчлөгдөж байхад түүнтэй зохицдог байх ёстой. Зарим нь яарсандаа тэр үү мөнгөө өгөөд байгаа харагддаг. Тэр чинь нэг ёсондоо жолоочийн халаас руу л орно шүү дээ” гэж ярив.

Харин Д.Цэцэгсүрэн “Би Долоон буудал-Шарга морьт чиглэлд явдаг. Зунжин богино эргэлттэй учир Зунжин тааралдвал голцуу суудаг. Нэг үе хүмүүс бүхэл мөнгө өгдөг үе байсан. Одоо хүмүүс бүгд карттай болсон байна.  Карт илүү амар байна. Цэнэглээд дараад явах нь хамаагүй амар. Карт цэнэглэх газрын олдоц муу байна. Төвөөсөө цэнэглэхгүй бол Долоон буудлаас цэнэглэнэ гэдэг худлаа” гэж шүүмжлэн ярьсан юм. Өөр нэгэн иргэнээс тодруулбал “Автобусны зарим чиглэл удаан явдаг. Зарим нь овоо яваад байдаг. Дор хаяж 10-15 минут автобус хүлээхэд зарцуулдаг. Жолооч нарын харилцаа муу. Автобусны карт илүү хялбар байдаг. Гэхдээ залуучууд зарим нь цэнэглэхгүй явдаг” гэв.

Автобусны буудал дээр картаа цэнэглүүлэхээр зогсч буй 20 орчим насны залуугаас карт цэнэглэх газрын хүрэлцээг тодруулбал, “Карт цэнэглэх боломж хангалгүй байна. Утсаар эсвэл банкны картаар цэнэглэж болдог гэсэн. Гэхдээ ажиллагаа ихтэй юм байна лээ. Банкны картуудаа холбочихвол бэлэн мөнгө өгөх хүмүүс цөөхөн байх” гэлээ. Түүний хэлдэгчлэн Улаанбаатар смарт картыг зөвхөн “Голомт” банкны картыг уншиж байна. Өөрөөр хэлбэл тухайн компанийн шаардлага хангасан картыг уншиж байгаа нь иргэдэд жигд хүртээмжтэй байж чадахгүй байгаа нь нууц биш юм.

Ийнхүү иргэдтэй хэсэг хором ярилцахад гэр хороололд автобус цэнэглэх газрын хүрэлцээ ховор, залуус бэлэн мөнгө өгдөг гэхчлэн карт дардаггүй шалтгааныг өгүүлж байна.  Гэр хорооллын алслагдсан автобусны буудлуудад карт цэнэглэдэг газар олдоггүй нь худлаа биш. Улаанбаатар хотод 980 гаруй автобус үйлчилгээнд явдаг. Харин 1100 карт цэнэглэх цэг байгааг албаныхан мэдээлжээ.

"НИЙТИЙН ТЭЭВРИЙН ОРЛОГО 60 ОРЧИМ ХУВИАР БУУРСАН ШАЛТГААН НЬ СМАРТ КАРТ"

Карт цэнэглэхгүйн улмаас нийтийн тээвэр ямар алдагдал хүлээж буй талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлстийн дарга Х.Гантулгаас тодрууллаа. Өнгөрөгч сараас эхлэх нийтийн тээврийн үйл ажиллагааг сайжруулах, зөвлөмж боловсруулах зорилгоор ажлын хэсэг гарч, холбогдох байгууллагуудад шалгалт хийсэн. Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-иас илэрсэн зөрчил илэрчээ.

-Сүүлийн жилүүдэд нийтийн тээврийн орлого тасралтгүй буурч байгааг мэдээлжээ. Улаанбаатар смарт картыг нэвтрүүлснээр ямар давуу болон сул талтай байна вэ?

-“Улаанбаатар смарт карт” ХХК-тай Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Дата-Карт” консорциум компанитай Улаанбаатар хотын захиргаа тус тус байгуулсан хоёр гэрээ бий. Эдгээр гэрээний дагуу Улаанбаатар хотын нийтийн тээврийн удирдлага, төлбөрийг цахим мэдээллийн системд нэвтрүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш 4.8 жилийн хугацаанд тухайн систем бүрэн нэвтрээд дуусах учиртай юм. Гэтэл тухайн гэрээ одоог хүртэл бүрэн хэрэгжиж дуусаагүй. Компаниас хийх ёстой хөрөнгө оруулалтын ажлуудыг бүрэн хийгээгүй, мэдээлэл технологийн системийг дуусгаж, захиалагч талд хүлээлгэж өгөөгүй. Энэ нь “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шалтгаалж байгаа юм.

-“Улаанбаатар смарт карт” ХХК гэрээний дагуу ямар үүрэг хүлээсэн бэ. Гэрээнд заасан нөхцөлөө биелүүлээгүйн улмаас орлого буурсан гэж ойлгох нь зөв үү?

-GPS төхөөрөмж ашиглан Улаанбаатар хотын нийтийн тээврийн өгөгдлийг бий болгон, системийг хөгжүүлж, ойлгомжтой, хүртээмжтэй, түргэн шуурхай болгох, орлогоороо зарлагаа санхүүжүүлэхийн тулд энэ гэрээг байгуулсан. Ийм боловч өнөөдрийн байдлаар гэрээ дуусаагүй байна. Тухайлбал, автобус баазын систем 509.6 мянган ам.долларын, карт үйлдвэрлэх тоног төхөөрөмж 940 мянган ам.долларын, сүлжээ холболтын зардал 300 мянган ам.долларын,  автобусны буудлын мэдээллийн самбарын зардал 1,000.0 мянган ам долларын, нийт 2,749.6 мянган ам.долларын ажлууд хийгдээгүй. Замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээллийг жолоочид анхааруулах систем, GPS мэдээллээ ашигладаг систем зэрэг зарим ажил хийгдээгүй. Мөн зарим системийг хөгжүүлсэн боловч захиалагч байгууллагын шаардлагад нийцээгүй ажлууд байна.

Автобусанд байршуулсан карт уншигчууд шаардлага хангахгүй, зөвхөн тухайн компанийн гаргасан картыг уншиж байгаа. Саяхан “Голомт” банкны картыг уншдаг боллоо. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн орлого буурч байна. Иргэдийн картаа цэнэглэх боломж хангалтгүй байна. Банкны аппликэйшнээр цэнэглэдэг систем мөн саяхан нэвтэрлээ. Карт уншигч хуучирсан, цэнэглэх цэгүүд ашиглалтад бүрэн ороогүй, ТҮЦ болон дэлгүүрүүдээр карт цэнэглэж байна.

"КАРТЫН ДАНСАНД ЗАХИРАН ЗАРЦУУЛЖ БОЛОХГҮЙ ГАЦСАН 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА"

-Смарт карт нэвтрэхээс өмнө нийтийн тээврийн орлого ямар байсан бэ. Тус систем нэвтэрснээр ямар өөрчлөлт гарсан юм бол?

-Систем нэвтэрсэн 2015 онд нийтийн тээврийн орлого 48 тэрбум 766 сая төгрөг байсан. Харин 2016 онд 45 тэрбум, 2017 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөг байна. 2017 онд зөвхөн картаар үйлчлүүлдэг болсноос хойш нийтийн тээврийн орлого буурсан. Тодруулбал, 2021 оны дүнгээр нийслэлийн нийтийн тээврийн орлого 21 тэрбум байна. Энэ нь 2017 онтой харьцуулахад 60 гаруй хувиар буурсан дүн. Нийслэлийн төсвөөс гаргадаг орлого, зарлагын зөрүү санхүүжилт бий. 2015 онд 21 тэрбумын орлого, зарлагын санхүүжилт өгч байсан.

Гэтэл өнгөрсөн оны дүнгээр 105 тэрбумыг өгсөн. Орлогоо төвлөрүүлж чадахгүй байгаа учир орлого, зарлагын санхүүжилт өссөн.

Бид өөрийгөө санхүүжүүлээд явдаг, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэхээр тухайн байгууллагатай гэрээ байгуулсан. Гэтэл энэ ажил хэрэгжихгүй, нийтийн тээврийн салбар уналтын байдалтай байна.

-Систем хөгжүүлэлтийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Систем хөгжүүлэлтийг БНСУ-д хийж байна. Систем хөгжүүлэх талаар Нийслэлийн нийтийн тээврийн газраас шаардлага тавихаар “Бид Өмнөд Солонгосын тал руу мэдэгдэж зөвшөөрөл авч, хэрэгжүүлнэ” гэсэн хариу өгдөг. Систем хөгжүүлэлтэд тус компаниас 8.6 тэрбум төгрөг зарцуулсан.

-Смарт карт цэнэглэх 1100 цэг ажиллаж байна гэсэн. Эдгээр цэг бүрэн ажиллаж чадаж байна уу. Энэ нь нийтийн тээврийн орлогод хэрхэн нөлөөлж байна вэ?

-Карт цэнэглэдэг зориулалтын цэг маш цөөхөн бий. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад цэг нээсэн боловч цаг хугацаандаа ажиллахгүй байна. Мөн картын ашиглалттай холбоотой мэдээллүүд дутмаг. Тухайлбал, иргэдийн гээсэн картаас шалтгаалан, картын дансанд захиран зарцуулж болохгүй гацсан 1.3 тэрбум төгрөг байна.  Карт ашиглалт, цэнэглэлттэй холбоотой асуудлыг ухаалаг цахим төлбөрийн системд нэвтрүүлэх төсөл хэрэгжих ёстой байсан боловч бүрэн хэрэгжээгүй. Энэ нь нийтийн тээврийн орлого тасалдах шалтгаан болж байна. Энэ тал дээр зоригтой шийдэл гаргаж, 4.8 жилийн хугацаанд системийг бүрэн нэвтрүүлж, захиалагч байгууллагад хүлээлгэж өгөх ёстой. Одоо системээ нэг бол хүлээлгэж өгөх, эсвэл гэрээг нь цуцлах шийдэл байна. Ажлын хэсэг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үүний дүнд гэрээг цуцлах санал гаргаагүй. Тухайн компани зөвхөн 2015 онд ашигтай ажилласан гэж тайлагнасан. 2021 онд 5.8 тэрбумын алдагдалтай ажилласан тооцоог гаргасан. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. Мөн Нийслэлийн Нийтийн тээврийн газар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн системийг бүрэн ашиглаж, бодлого боловсруулах үйл ажиллагаанд дата мэдээллийг ашиглаж чадахгүй байгаа. Үндсэндээ захиалагч байгууллагын шаардлагад тус компанийн үйл ажиллагаа нийцэхгүй байгаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж