Тахлын үеийн төгсөгчдийн чанар ЭЕШ-аас харагдлаа

Хуучирсан мэдээ: 2022.06.29-нд нийтлэгдсэн

Тахлын үеийн төгсөгчдийн чанар ЭЕШ-аас харагдлаа

Тахлын үеийн төгсөгчдийн чанар ЭЕШ-аас харагдлаа

Элсэлтийн ерөнхий шалгалт их дээд сургуульд элсэх босгыг тогтоож өгдөг. Гэвч үүнийг давахгүй олон шалгуулагч ирэх арванхоёрдугаар сарыг хүлээхээс өөр сонголтгүй болов. Энэ жил ЭЕШ өгсөн шалгуулагчдаас 208 нь 800 оноо авсан бол нийт төгсөгчдийн 20 гаруй хувь нь босго давч чадаагүй байна. Тодруулбал, нийт 36 мянга 256 сурагч их сургуульд элсэх шалгалтыг ерөнхий эрдмийн хичээлээр өгснөөс 8688 нь дахин өгөхөөр боллоо. Эдгээр сурагчдаас 400-гаас бага оноотой 1355, 480-аас бага оноо авсан 7333 шалгуулагч буй аж.

Цар тахлын хоёр жилийн хугацаанд шалгуулагчдын онооны түвшин тодорхой хэмжээнд буурч, босго даваагүй сурагчдын тоо өссөн.

Гэхдээ нэг онцлог нь Covid-19 намжиж эхэлж буй энэ оноос эхлэн босго даваагүй шалгуулагчид өөрийн хүсэлтээр давтан шалгалт өгч, оноогоо өсгөх боломжтой болсон билээ. Статистикаас харахад 2019-2020 оны хичээлийн жилд 28 мянга 567 хүүхэд 12 дугаар ангиа төгссөнөөс 10 хувь нь, 2020-2021 оны хичээлийн жилд 38 мянган хүүхэд ЭЕШ өгснөөс 10 хүрэхгүй хувь нь босго оноонд хүрээгүй. Харин энэ удаагийн шалгалт цар тахал сурагчдын бүтээмжид нөлөөлсөн болохыг илтгэж байна.

Шалгуулагчийн онооны эрэмбээр авч үзвэл тавдугаар байрнаас хойно жагсдаг байсан Дархан-Уул, Өвөрхангай аймаг тэргүүлжээ. Харин Баян-Өлгий аймаг сүүлийн гурван жил ЭЕШ-ын онооны сүүлийг мушгиж байна. Тиймдээ ч дараагийн анхаарал хандуулах сэдэв бол Монгол хэл, бичгийн шалгалтад унасан 1180 сурагч. Эдгээрээс Баян-Өлгий аймгийн 450 шалгуулагч хэл бичгийн шалгалтыг давч чадаагүй болохыг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлсэн. Угтаа тус аймгийн сурагчид жил бүр удаалдаг ч 2020 оноос дээрх тоо хоёр дахин нэмэгджээ.

Гэхдээ наймдугаар сард тус шалгалтыг дахин явуулна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 23-26-ны өдөр улс, орон даяар зохион байгуулж дуусаад буй. Үргэлжлүүлэн их, дээд сургуулиудын элсэлт эхэлсэн. Шалгалтад унасан сурагчдын хувьд сургуулиуд дахин хуваарь гаргахгүй ч нэмэлт бүртгэл хийнэ гэдгээ их сургуулиуд эхнээсээ  мэдэгдээд байна.

Боловсролын үнэлгээний төвөөс онцгой анхааруулж байгаа зүйл бол элсэгчид болон тэдний эцэг, эхчүүдэд  таван хичээлээр ЭЕШ өгөөд бүгдэд нь хоёр дахь удаагаа 480-аас доош оноо авсан бол их, дээд сургуульд элсэх боломжгүй аж.

Тэгэхлээр энэ жил ЭЕШ өгсөн нийт шалгуулагчийн 20 гаруй хувь нь босго оноонд дахин тэнцэхгүй бол 8000 гаруй сурагч ирэх жилийг хүлээнэ гэсэн үг.

Өнгөрсөн жил өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөлд ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь цахимд шилжүүлсэн. Тухайн үед шалгалтын материалыг ч хөнгөн агуулгаар бэлтгэсэн болохыг яамнаас мэдээлж байв. Гэвч тухайн шалгалтад 3000 гаруй сурагч тэнцээгүй. Эдгээрийг харгалзаж 2022 оны ЭЕШ-ын даалгаврыг цар тахлын нөхцөлтэй уялдуулж бэлтгэсэн аж. Харамсалтай нь, 8000 гаруй шалгуулагч өгөгдсөн даалгаврыг хангалттай түвшинд гүйцэтгээгүй байна. Мөн 800 авсан сурагчийн тоо ч буурсан болохыг үнэлгээний төвөөс хэлсэн юм.

ТАНХИМ, ЦАХИМ ХОСОЛСОН ХИЧЭЭЛИЙН АГУУЛГА ХАНГАЛТГҮЙ

Цар тахлын үед сургууль цэцэрлэгээ хоёр жил хөл хорьсон улс Монголоос өөр  байхгүй. Дотоодод Covid-19 алдаагүй байж л хий сүржигнэн сургуулиа хааснаас болж, цонх үеийн боловсролын асар их ялгаатай хүүхдүүд гарсан.  Мэдээж техник хэрэгслийн хангамж сайтай, боломжтой айлын хүүхдүүд нь гэрийн багш хөлслөөд хичээл номоо нөхөж үзэж, давтлага хийн ЭЕШ-аа амжилттай давсан. Харин зөвхөн танхимын сургалтад хамрагдах боломжтой айлын хүүхдүүд нь цахимаар заасан хичээлийн агуулгаас хоцорсон.

Түүгээр ч зогсохгүй ЭЕШ-ын босгыг бууруулах ёстой төдийгүй шалгуулагчдын эрх ашгийг нэгдүгээрт тавьж, заасан хичээлийн цомхон агуулгын хүрээнд шалгалтын материалыг гаргахыг эцэг, эхчүүдийн зүгээс шаардаж, саналаа өнгөрсөн жил яаманд хүргүүлж байв. Үүнийг харгалзаж, нөхцөл байдал, агуулгын түвшний анализ судалгааг хийн БШУЯ-аас материалыг боловсруулжээ. Ямартай ч ажлыг хэсэг хоёр дахь удаагийн шалгалтын материалыг хэрхэн боловсруулахаа судалж эхэлсэн байна. Тиймээс цар тахлын үеийн төгсөгчид нэг талаар оноогоо дүйцүүлж, давтан шалгалтаар оноогоо өсгөх нь азтай. Харин нөгөө талаар давтан шалгалт өгөр шалгуулагчийн тоо урьд жилүүдийнхээс хоёр дахин өссөн нь харамсалтай үзүүлэлт юм. Тиймээс цар тахалтай  хичээлийн жилүүдэд олгосон ерөнхий эрдэм, мэдлэгийн түвшнийг харгалзаж нийслэл, орон нутаг ялгаагүй ижил түвшинд мэдлэг олгоход анхаарах хэрэгтэй. Мөн нэгдсэн стандартаар боловсролын салбарт реформ хийх шаардлагатай байна. Хэрэв бүх нийтээр нэгдсэн агуулга, хөтөлбөрийн хүрээнд хичээллэсэн бол ийн 9000 орчим сурагч босгоо давахгүй бүдрэхгүй байсан бизээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж