Одоогоос 25 жилийн өмнө Хонгконгийг Хятадад шилжихэд шинэ эрин эхэлсэн гэж Бээжин үздэг. Гэвч арал болон эх газрын хоорондын харилцаа тэр цагаас хойш хурцадсан. Хятадын эрх мэдэл нэмэгдэхийн хэрээр Хонгконгод үзүүлэх нөлөө нь нэмэгдэв. Жишээ нь, хонгконгчуудын эрх чөлөө буурч, олон нийтийн эсэргүүцэл нэмэгдэж, иргэд талцсан хот болж хувирав.
Хонгконг Бээжинд шилжсэний 25 жилийн ой тохиож байгаа энэ үед тэдний харилцаа хурцадсан он цагуудыг дурсацгаая.
1997 ОН: ХЯТАДАД ШИЛЖИВ
Хонконг нь 150 гаруй жилийн турш Их Британийн колони байв. Гэвч Юнион Жакийг буулгаснаар Хонконгийг Бээжинд буцааж өгч, Хятадын төрийн далбай мандах болсон аж. Хятадаас хол байсан жилүүдэд Хонконг дэлхийн санхүү, соёлын хүчирхэг төв болсон. Энэ нь олон арван жилийн турш тусгаарлагдсан коммунист Хятадаас эрс ялгаатай байдлыг бий болгосон аж. Хамгийн гол нь Хятадаас тусгаар байхдаа Хонгконг үг хэлэх эрх чөлөө, ардчилсан сонгуульд оролцох зэрэг эрхтэй байжээ.
Гэвч 1997 оны эхээр Хонгконгийн ирээдүй хэрхэх нь тодорхойгүй болсноор маш олон хүмүүс дүрвэсэн байна. Мөн ижил тооны хүмүүс Хятад, Их Британийн гэрээнд тусгагдсан амлалтуудад итгэн Хонгконгод үлдсэн юм.
"Нэг улс, хоёр систем"-ийн дагуу Хонгконг хотын эрх чөлөө ойрын 50 жилд хадгалагдах ёстой аж. Тус систем нь 1980-аад оны эхээр Хятад, Их Британи хамтран Хонконгийн асуудлаарх хэлэлцээ хийх үед боловсруулагдсан. Зөвхөн нэг Хятад гэж яригдах боловч дагуул бүс нутгууд өөрсдийн эдийн засаг, засаг захиргааны тогтолцоог хадгалж үлдэх боломжтой гэж заасан байдаг. Эхний жилүүдэд хоёр орон тайван харилцаатай байсан. Гэвч Бээжингийн 2001 онд гаргасан цагаачлалын эрхийн талаар хийсэн маргаантай алхам, 2003 онд эх газарт гарсан “SARS” зэрэг нь асуудлыг хүндрүүлсэн байна.
2008 ОН: БЭЭЖИНГИЙН ОЛИМП
Тус жилийн наадам нь эдийн засаг нь өсөлттэй Бээжингийн хувьд дэлхийн тавцанд нэрээ тодотгосон мөч байв. Хонгконгчуудын хувьд Хятад гэх тодотгол доор тодорхой хэмжээний нэр хүндийг олж авчээ. Гэвч Хонгконгчуудын алдар нэр Хятадын мэдэлд орж байсан нь хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн юм.
2012 ОН: ЦАРЦААН ЦУВАА
Шар хэвлэлүүдээр 2012 оны хоёрдугаар сард Хонконгт тархаж буй асар олон царцаан цувааг харуулсан нууцлаг сурталчилгаа гарчээ. Энэ шавж нь эх газрын хятадуудыг доромжилсон утгатай байв. Гэхдээ царцаа нь мөн "Хонконгчуудын үнэт баялгийг авч байна" гэж үздэг хэсэг бүлэг хүмүүсийн Хятадын эсрэг бэлэг тэмдэг байжээ.
Мөн эх газраас жуулчилж, амьдрахаар ирсэн хятад хүмүүс хонконгчуудын дургүйцлийг хүргэж байв. Гудамж талбай дүүрэн хятад дэлгүүр, компани, хоолны газар нээгдэх болсон нь иргэдийн эсэргүүцлийг төрүүлсэн. Үүнээс гадна Хятадын нэг профессор хонгконгчууд бол Их Британийн ноход гэж хэлсэн нь хоёр талын харилцааг хурцатгасан аж.
2014 ОН: ТӨВИЙГ ЭЗЛЭНЭ
Хятадад шилжсэний дараа Хонгконгийн ардчилсан эрх чөлөө асуудалтай тулгарсан. Учир нь Хятад улсаас хонгконгчуудад удирдагчаа өөрсдөө сонгох эрхийг олгоно гэсэн боловч амлалтаа зөрчсөн юм. Бээжингийн эрх баригчид 2014 оны наймдугаар сард Хонгконгод удирдагчаа зөвхөн эх газрын бэлтгэсэн хүмүүс дундаас сонгохыг тулгажээ. Тус шийдвэрийг хонконгчууд гэрээнээсээ урвасан гэж үзэж, тайван жагсаал хийж байв. Тайван жагсаалыг цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглан тараасан нь хурцадмал байдлыг бий болгосон. Тухайн үед шүхрээр өөрсдийгөө хамгаалж буй хонконгчуудын дүрс зураг цахим сүлжээгээр тархсан байна. Энэ нь “Шүхэрт хөдөлгөөн” болон ардчиллыг дэмжигч бүлгүүдийг үүсэхэд гол түлхэц болсон аж.
Хятадын ардчиллын эсрэг шийдвэр өмнөх жилүүдээс илүү эх оронч үзлийг Хонгконгод бий болгосон гэж ажиглагчид үздэг байна.
2019 ОН: ЭСЭРГҮҮЦЭЛ, ДАРАНГУЙЛАЛ
Амлалтаа зөрчсөнөөс үүдэн 2019 оны зургаадугаар сард Хонгконгод эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Энэ нь эх газартай ан цав үүссэнийг илтгэсэн хөдөлгөөн болов. Хонгконгод болсон жагсаал нь урьд өмнө хэзээ ч болж байгаагүйгээр асар том болсон аж. Олон хүмүүс гудамжинд гарч, Бээжингийн хөндлөнгийн оролцоог тайван замаар эсэргүүцэж, бүх нийтийн сонгуулийн жинхэнэ эрхийг олгохыг уриалав. Гэвч цагдаа, жагсагчдын дунд мөргөлдөөн үүссэн юм. Энэ нь гудамжны галт тулаан, их сургуулийн бүслэлт зэрэг урьд өмнө төсөөлж ч байгаагүй дүр зурагт хүргэсэн. Хэдхэн сарын дараа “Covid-19” тархаж, олон түмний хатуу хязгаарлалт нь жагсаалыг үр дүнтэй дарав. Хөл хорио тогтоосны дараа Бээжин хатуу арга хэмжээ авч, шинэ аюулгүй байдлын хууль гаргасан. Энэ хууль мэдээж Бээжингийн эрх ашгийг хамгаалсан юм. Цагдаагийн алба Хонгконгийн идэвхтэн болон ардчиллыг дэмжигч нарыг хатуу чанга аргаар дарж эхэлсэн байна. Үүнээс болж хонконгчуудын зарим нь хилийн чанад руу дүрвэхийг сонгосон аж. Хятад улс мөн "эх орончдын" сонгуулийн шинэчлэлийг хийв. Энэ нь зөвхөн Бээжинд үнэнч гэж үзсэн хүмүүс Хонконгийн парламент болон гүйцэтгэх засаглалын тэргүүний албан тушаалд нэр дэвших боломжтой болсон юм.
Эх сурвалж: BBC, Davies Surya
Холбоотой мэдээ