"Дэлхийн хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байна"

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

"Дэлхийн хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байна"

"Дэлхийн хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байна"

Европын холбооны санхүүжилтээр “Step ecolab” төслөөс санаачлан боловсруулсан “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичгийг танилцуулах үйл ажиллагаа өнөөдөр (2022.06.28) боллоо. 

Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар, энэхүү замын зураглалын гол зорилго Монгол Улсын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд ноолуурын салбарын нөлөөллийг тодорхойлж, түүхий эдийн бэлтгэл, боловсруулалт болон үйлдвэрлэлээс байгаль орчинд гарч буй ул мөрийг цаашид тогтвортой сайжруулах, салбарын урт хугацааны хөгжилд чухал хувь нэмрээ оруулах ажээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.БАТСУУРЬ:

-Ноос, ноолуурын салбар уул уурхайн салбарын дараа нийгэм, эдийн засагт үзүүлэх өндөр үр өгөөжтэй, ач холбогдол бүхий стратегийн чухал салбар юм. Энэ салбарыг хөгжүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулан бодлогын баримт бичиг, хөтөлбөрт тусган гадаад дотоодын зээл, тусламжийг салбарын чадавхыг сайжруулахад чиглүүлэхийн зэрэгцээ хүүгийн хөнгөлөлт үзүүлэх замаар бага хүүтэй зээл олгох зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгальд ээлтэй, тогтвортой байдлаар хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Монголын ноолууран бүтээгдэхүүний чанарыг дэлхий нийтэд сурталчлан таниулах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор “Монголын хаан ширхэгт” чанарыг гэрчлэх тэмдэг бий болгож, дэлхийн 30 гаруй улсын оюуны өмчийн байгууллагад бүртгүүлээд байна.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс хамааран хэрэглэгчид “байгальд ээлтэй, тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ”-г эрхэмлэн сонгож буй өнөө цаг үед Монголын ноос, ноолуурын салбарыг энэхүү чиглэлд хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго болж байна. Европын холбооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Европын холбооны санхүүжилттэй “Тогтвортой текстилийн үйлдвэрлэл ба эко тэмдэг” төслийн хүрээнд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг боловсруулан гаргаад байна.

Энэхүү тогтвортой ноолуурын замын зураглал нь аж үйлдвэр, түүний дотор хөнгөн үйлдвэрийн салбарын хувьд “тогтвортой хөгжлийн” анхны баримт бичиг болсон. Монголын ноос, ноолуурын салбар 2030 он хүртэл байгальд ээлтэй, тогтвортой хөгжих хэтийн зорилго, алсын хараа, дунд ба ойрын хугацааны зорилго, зорилтуудаа тодорхойлж, салбарын оролцогч бүрийн чиг үүрэг, уялдаа холбоог тодорхойлсон нь онцлог юм.

Дэлхий нийтээрээ хэрэглэгчдийн чиг хандлага эко үзэл баримтлал руу чиглэж байгаа тул малчны хотоос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л шат дамжлагад тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг нэвтрүүлэх нь чухал болоод байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг-2030” баримт бичиг нэгэн чухал алхам болсон. Малчид, үйлдвэрлэгчид, эрдэм шинжилгээний байгууллага, салбарын мэргэжлийн холбоод, төрийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд зэрэг та бидний хамтын ажиллагаа салбарын хөгжлийн түлхүүр болно.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд АКСЕЛЬ НИКЭЙЗ:

-Ноолуурын үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллөөр стратегийн чухал салбарт орно. Энэ үйлдвэрлэлийн хөгжлийг тодорхойлж буй энэхүү замын зураглал бид нөхцөл байдлаа ойлгох, тулгарч буй бэрхшээлээ шийдэх, боломжуудыг тодорхойлох алхмын бичиг баримт болж байна. Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураглал-2030”-ыг гол хэрэгжүүлэгч талын нэг нь малчид, үйлдвэрлэгч нар, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаанаас гадна төр, засгийн төлөөлж буй салбарын яам ХХААХҮЯ юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж