Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн од Бриттни Гринер Москвад хар тамхины хэрэгт холбогдон, саатуулагдаад байгаа билээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх долдугаар сарын 1-ний өдөр товлогджээ. Тамирчин бүсгүйг өнгөрсөн Даваа гаригт Химки хотын шүүхийн гадна явж байсныг Оросын хэвлэлийнхэн дурандаа буулгасан аж.
Өдгөө 31 настай Бриттни Гринерийг өнгөрсөн хоёрдугаар сард Москвагийн "Шереметьево" нисэх онгоцны буудлын гаалийн албаныхан шалгаж, тээшээс нь каннабисын охь гэх мансууруулах бодис олж, баривчилсан юм. Тэрбээр WNBA-ийн улирал дууссаны дараа нэмэлт орлого олох зорилготой Оросын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор Екатеринбург хотын багт нэгдээд байжээ.
АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтнууд "Орос улс Гринерийг улс төрийн гэмт хэрэгтэн болгон, хоригдол солилцохоор ашиглах гэж байна" хэмээн буруутгасан. Хариуд нь Кремлийн зүгээс "Гринер бусадтай адил хуулийн өмнө шүүгдэх ёстой бөгөөд гадаад иргэн учир өөрөөр хандах ёсгүй" гэжээ.
Сүүлд гарсан мэдээллээр, америкчууд сагсан бөмбөгийн тамирчнаа Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцох талаар ярилцаж эхэлсэн гэнэ. “Үхлийн наймаачин” гэгддэг Бутын амьдралаар “Lord of War” хэмээх кино бүтээж, гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж тоглож байв.
Холбоотой мэдээ