АНУ-ын Лос Анжелес хотод өнгөрсөн Ням гаригт “Bet awards 2022” шагнал гардуулах ёслол болов. Тус ёслол 2001 оноос хойш зохион байгуулагдаж буй бөгөөд Африк гаралтай америкчуудыг урлагийн салбарт алдаршуулах зорилготой юм. Энэхүү наадамд Мэри Жи. Блайж, Нас, Лил Ким, Баста Раймс, Файт Эванс, Жодеси, Маверик гэх мэт алдартнууд хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн наадам гурван цаг үргэлжилж, төгсгөл хэсэгт Канье Уэст гарч ирсэн нь хамгийн сонирхол татсан үйл явдал болсон аж. Уэст дөрөвдүгээр сараас хойш олны хэл аманд өртсөөр буй. Тодруулбал, тэрбээр Ким Кардашианы шинэ найз залуу Пит Дэвидсон руу олон нийтийн сүлжээгээр халдсан учир Грэммийн шагнал гардуулах ёслолд оролцох эрхээ хасуулсан юм. Гэвч тэрбээр өөрийн сайн найз Пафф Диддиг шагнал авсанд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэхээр “Bet awards”-д хүрэлцэн иржээ.
Уэст гэнэт гарч ирэхдээ нүүрээ бүхэлд нь бүрхсэн хар маск, бэйсболын малгай зүүсэн байсан. Гэсэн хэдий ч үг хэлэх үед нь бүгд түүнийг эргэлзэлгүй таньжээ.
Тэрбээр “Олон жилийн найз, үлгэр дууриалал болсон хүндээ хүндэтгэл үзүүлэх боломжийг алдаж чадахгүй тул энд ирлээ. Би нэг жилийн хугацаанд өөрийгөө нас барсан гэж зарламаар байна. Зүгээр л олон нийтийн сүлжээнээс хол баймаар байна” гэж хэлжээ.
Түүний хэлсэн хамгийн сонирхолтой үг бол Ким Кардашианы тухай дурдсан хэсэг байв. “Би өнөөдрийг хүртэл Пафф Диддигээс зөвлөгөө авахаар очдог. Тэр миний амьдралын олон сонголтод нөлөөлсөн. Тухайлбал, эхнэрээ сонгоход минь ч нөлөөлсөн” гэж хошигножээ.
Эх сурвалж: YAHOO
Холбоотой мэдээ