“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

“Гишүүдийн тоог нэмэхдээ шинжлэх ухаанчаар хандах ёстой”

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон нийтийн санал бодлыг сонслоо. Гишүүдийн тоог нэмэхийг иргэд дэмжихгүй байгаа юм биш үү?

-Дэлхийн дунджаар, манай улстай ижил төстэй пост коммунист улстай харьцуулаад үзвэл парламентын нэг гишүүн нийт иргэдийнхээ нэг хүрэхгүй хувийг төлөөлдөг жишиг бий. Гэтэл Монголд нэг гишүүн нийт иргэдийн дөрвөн хувийг төлөөлж байгаа нь төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг.

Нэг ёсондоо парламентын гишүүн нь чанартай төлөөлөгчийнхөө хэлбэрийг гүйцэтгэж чадахгүй байна. Парламентын гишүүн эт цөөтэйн улмаас нэг гишүүн дээр төвлөрөх эрх мэдэл харьцангуй өндөр болчихсон. Энэ нөлөөлөх эрх мэдэл өндөр байгаагаас хамаараад төрийн институци хоорондын зохист харилцаа хэвийн явагдаж чадахгүй байна.

Дэлхийд парламентын гишүүдийн тоог тогтоодог долоон төрлийн аргачлал байдаг. 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа мөн куб язгуурын аргыг хэрэглэж, гишүүдийн тоог тогтоож байсан. Өнөөдөр дээрх аргачлалаар парламентын гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай нь бүх төрлийн аргачлалаар нотлогдож байна.

Тоо нэмэх асуудал ярихаар 108 юм уу, 99 гэдэгчлэн бурхны тоо, “гоё” тоо гэж яриад байна. Аливаа зүйлд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Хүний хувийн хандлага, сэдлээр, эсвэл туршлагаас нь асуудалд хандмааргүй байна. Тэгэхээр ирээдүйг харсан, том алхам хийсэн, зөвшилцлийн ардчиллыг бэхжүүлэх алхам руу явах ёстой.

-Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар пропорциональ тогтолцоог дэмжсэн шийдвэр гаргалаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашдаа яаж явагдах вэ. Цэцийн шийдвэрийн талаарх таны байр суурь?

-Сонгуулийн тогтолцоо аль нэг хэлбэрээр Үндсэн хуульд хатуу заагдах ёсгүй юм. Монгол Улс дэлхийгээс өөр байж болохгүй. Дан ганц мажоритар тогтолцоог хэрэглэдэг байж болохгүй. Нийгмийн хөгжлийн түвшинд тааруулсан, хэрэгцээ шаардлагад нийцсэн тогтолцоог хэрэгжүүлдэг байх боломжийг нээлттэй байлгах ёстой. Улс төрийн зорилгоор 2012, 2016 онд ч тэр, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарч үүнийг хааж байсан. Эдгээр шийдвэрүүд тухайн цаг үедээ шуугиан тарьж байсан. Харин Үндсэн хуулийн Цэц энэ удаа "Үндсэн хуулийн Цэцээр хаагаад, хориглох зүйл биш юм байна. Нээлттэй байх ёстой юм байна" гэдэг агуулгаар шийдвэр гаргалаа гэж ойлгосон.

Улс төрийн намуудын хөгжил, төлөвшил шууд утгаараа сонгуулийн тогтолцооноос хамаардаг. Жишээ нь, Монгол Улс 1992 оноос хойш найман удаагийн сонгуулийн долоог нь мажоритар системээр явуулсан. Энэ бүгдийн үр дүнд бид олон намын тогтолцоотой, парламентын засаглалтай улс болсон гэдэг боловч сонгуулиас сонгуульд улс төрийн намуудын өрсөлдөх чадвар буурч байна. 2020 оны сонгуульд судалгаа хийж үзэхэд 1.8 намын өрсөлдөөнтэй байна гэсэн дүн гарсан. Цаашлаад урт хугацаандаа нэг намын тогтолцоотой болох нөхцөл үүсч буй учраас эрх баригчид алсыг харсан бодлого, зарчим баримтлах ёстой.

Улс төрийн намуудтай хийсэн уулзалтад “Бид зөвхөн өөрсдийгөө бодоод МАН ялах ёстой гэсэн байр сууринаас хандвал өнөөдрийн тогтолцоо олон сонгуульд ач холбогдлоо өгчихсөн. Гэхдээ бид ийм байдлаар цаашаа явах уу, улс орон хөгжиж, дэвших, төрийн бодлого тогтвортой байх, гадаад дотоод ямар нэгэн нөлөөллөөс парламент дархлаатай байх бодлогоо барьж ажиллах уу гэдэг сонголт явж байна. Эрх баригч нам нээлттэй бодлого хэрэгжүүлнэ. Зөвшилцлийн ардчилал бий болгох замаар олон нам орох нөхцөлийг бүрдүүлж өгснөөр парламент дахь намууд төлөвшинө.

-Улсын ерөнхий прокурор нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулсан. Энэ дөрвөн гишүүнд намын зүгээс хариуцлага тооцох уу?

-Намын зүгээс прокурорын саналтай холбоотойгоор УИХ дахь бүлэгтээ нөлөөлөх ямар нэгэн алхам огтоос хийгээгүй. Намын удирдлагын зүгээс тухайн гишүүний холбогдсон асуудлын талаар нарийн мэдээлэлгүй байсан. Тиймээс УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, цаашлаад УИХ-ын чуулган зэрэг хурлын мэдээллээс бид цаашдын алхмаа хийнэ. Нам гэм буруутайг нь мэдэхгүй байж хариуцлага тооц гэж ярьж болдоггүй нөхцөлд орчхоод байна. Ингээд УИХ-аас дээрх гишүүдийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гарснаас хойш прокурор, хуулийн байгууллагууд ажлаа явуулж байгаа байх. Бид дээрх байдлыг харж, хүлээлтийн байдалтай байна. Үндсэндээ нам ёс суртахууны хувьд хариуцлага тооцох ёстой. Гэмт хэрэгт холбогдсон этгээдэд улс төрийн хариуцлага тооцно. Цаашдаа шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн аливаа дэмжлэг туслалцаа авдаггүй байхаар ярьж байна. Цаг хугацааны хувьд алдаж байж магадгүй. Гэхдээ ёс суртахууны хувьд хариуцлага тооцох тухай бид МАН-ын 30 дугаар Их хурлаар ярьсан. Үүнийг л хэрэгжүүлнэ. Улстөрчид, улс төрийн намуудыг ёс суртахуунтай болгохгүйгээр улс орны хөгжил дэвшлийн тухай ярих боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж