УИХ-ын дарга Г.Занданшатар Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широг өнөөдөр /2022.06.28/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга ноён Каваүчи Широтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Монгол, Японы ард түмний найрамдал нөхөрлөл нь манай хоёр улсын харилцааны чухал суурь гэдгийг онцлоод, Монгол Улс Япон Улстай соёл, урлаг, олон нийтийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг уламжилсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “Энэ онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байна. Хоёр улсын Ерөнхий сайд нар 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгохоор санал нэгдэж, ойг жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна” хэмээлээ.
Жилийн турш зохион байгуулах эдгээр арга хэмжээ нь манай хоёр орны ард түмний харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн.
Ноён Каваүчи Широ Япон Улсын Эзэн хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис хааны “Гэрэгэ”-ний “А” хувилбарыг өөрийн зардлаар хийлгэж “Чингис хаан”-ны музейн үзвэрт хандивласан гэж сонссоноо УИХ-ын дарга хэлээд, Өргөмжит консулын хоёр орны соёл, урлаг, спортын харилцааг, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны наймдугаар сард зохион байгуулагдах “Соёл, урлагийн хамтарсан фестивал”, “Ти боллын нөхөрсөг тэмцээн” хоёр орны хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн зорилгод нийцсэн сайхан арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна хэмээсэн юм.
Монгол Улсын Өргөмжит консул Каваүчи Широ УИХ-ын даргатай уулзах хүсэлтийг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд, “Соёл, урлагийн хамтарсан фестивал” зохион байгуулах хүрээнд улс төр, эдийн засаг, соёлын салбарын төлөөлөл болсон 170 гаруй хүн Япон Улсаас ирэх болсон гэлээ. Энэхүү төлөөлөгчдийг Япон Улсын Парламентын зөвлөхүүдийн танхимын гишүүн, Дэгийн хорооны дарга Ямагүчи Шүничи ахалж ирэх болсныг уламжилсан.
Тэрбээр Ти боллын спортыг түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд энэхүү спорт хүүхэд багачуудад багаар хамтарч ажиллах дадлыг олгохоос гадна ёс зүйн хүмүүжлийг олгодогоороо давуу талтай гэдгийг онцолж байлаа.
Уулзалтад УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нар оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ