Ардчилсан нам өнөөдөр (2022.06.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.МӨНХЖАРГАЛ:
-Үндсэн хуулийн Цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн Цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаагаараа улс төрийн захиалга биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж буй явдал. Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв, юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна.
Монгол Улсын өрийг Ардчилсан нам бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байна. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум байсан, 10 гаруй тэрбум ам.долларар юу бүтээсэн бэ?
Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардаад байна. Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана.
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ГИШҮҮДИЙН СУУДАЛ ДЭЭР ЭРГЭЛТИЙН СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛНА
АН-ын нарийн бичгийн дарга Л.ГАНЗОРИГ:
-Хорио цээрийн дэглэм буурсантай холбогдуулан АН-ын улс төрийн зөвлөл хуралдсан. Намын үндэсний бодлогын хорооны гишүүд долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд сонгуульт гишүүний татвараа төлнө. Татвараа төлөөгүй гишүүдийн суудал дээр эргэлтийн сонгууль зохион байгуулна.
"АРДЧИЛСАН НАМААС ЯМАР НЭГЭН ХУРАЛ ЗАРЛААГҮЙ"
АН-ын Намын байгуулалтын газрын дарга Ж.ӨНӨРЖАРГАЛ:
-Ардчилсан нам сүүлийн өдрүүдэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийн асуудлыг онцгойлон анхаарч, санал асуулга явж байна. Мөн эрдэмтэн, судлаачдын хүрээнд уулзалт, хэлэлцүүлэг хийж байна. УИХ-ын дарга асан З.Энхболд, Хууль зүйн ухааны доктор Н.Лүндэндорж, Б.Гүнбилэг зэрэг хүмүүстэй хамтран хэлэлцүүлэг, яриа өрнүүлж байна. Мөн энэ тав дахь өдөр БНМАУ-ын Бага хурлын дарга Р.Гончигдорж гуай Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг хийж, яриа өрнүүлнэ.
С.Эрдэнэ долдугаар сарын 2-нд Ардчилсан намын хурал болно гэж зарласан байна билээ. Ардчилсан намаас ямар нэгэн хурал зарлаагүй. Тиймээс намын анхан шатны гишүүд маань энд төөрөгдөлгүй, ур дахь ажлаа хийгээд яваарай. Анхан шатны сумын, өөрийн, бүх гишүүдийн хурлаас Их хурлын төлөөлөгчөө сонгодог. Энэ ч утгаар С.Эрдэнэ дарга ямар нэгэн хурал хийхгүй.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ