"ЭЕШ-ын дүн скантрон машины онооноос зөрөөгүй"

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

"ЭЕШ-ын дүн скантрон машины онооноос зөрөөгүй"

"ЭЕШ-ын дүн скантрон машины онооноос зөрөөгүй"

2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 23-наас 26-ны өдрийн хооронд амжилттай зохион байгуулагдаж дууссан талаар Боловсролын үнэлгээний төвийн удирдлагууд өнөөдөр (2022.06.28) мэдээллээ.

"ЭЛСЭЛИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДРАХ ЯМАР Ч БОЛОМЖГҮЙ"

Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.ГАНБАТ:

-Өнөөдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын батламж хуудсыг шалгуулагчид үнэлгээний төвийн сайт руу орж хэвлэн авах боломжтой болсон. ЭЕШ-д 36250 шалгуулагч бүртгүүлснээс 2872 шалгуулагч ямар нэгэн байдлаар ирээгүй. Эдгээр шалгуулагчид голдуу өмнөх оны төгсөгчид байна. 2022 онд 208 шалгуулагч 800 оноо авснаас орос хэлний хичээл дээр 67 шалгуулагч 800 оноо авсан нь өндөр үзүүлэлт болжээ. 480-аас бага оноо авсан шалгуулагч 7333 байгаа учир энэ жил эдгээр шалгуулагчид их сургуульд элсэх боломжгүй ч үндэсний хэмжээнд тогтоосон босго онооны дагуу коллеж, дээд сургуульд элсэн суралцах боломжтой. Нийт 1355 шалгуулагч 400-гаас бага оноо авсан.

2013 оноос эхлэн монгол хэл бичгийн шалгалтыг авч эхэлсэн. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 2-нд авч дахин тавдугаар сарын 7-нд мөн авсан. Монгол хэл бичгийн шалгалтад унасан 1180 шалгуулагчийг зөвхөн энэ удаад боломж олгож ирэх наймдугаар сард дахин авахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Энэ жилийн ЭЕШ-ын онцлог гэвэл, олон улсын шалгалтын оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлж болох журмыг шинээр оруулсан. Журмын дагуу 591 шалгуулагч оноо дүйцүүлэх хүсэлт гаргаж баталгаажуулсан байна. Олон улсын шалгалтын оноогоо дүйцүүлсэн ч элсэлтийн ерөнхий шалгалтад оролцох боломжоор хангасан ба эдгээр шалгуулагчид ЭЕШ өгөөд, хамгийн багадаа 700 оноо авч буй нь хоёр шалгалтын хоорондын хамаарлыг харуулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр гар утас авч орсон, өөрийнхөө оронд өөр хүүхэд оруулах оролдлого хийсэн шалгуулагч тус бүрд хариуцлага тооцож, шалгалтын дүн оноог хүчингүй болгосон. Журам зөрчиж, гар утас авч орсон шалгуулагч шалгалтын дараа материалыг цахим орчинд нийтэлснээс болж ЭЕШ-ын материалыг шалгалтын өмнө задарсан мэтээр буруу ойлголт төрүүлдэг. Дашрамд дурдахад утасгүй, интернэт сүлжээгүй хотоос зайдуу газарт 30 хоногийн туршид өндөр хамгаалалт дор шалгалтын материалыг боловсруулдаг учраас материал задрах асуудал гарах ямар ч боломж байхгүй гэдгийг онцолмоор байна.

Өнөөдрийн байдлаар шалгалтын оноондоо итгэхгүй, сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн 300 орчим шалгуулагчийн өргөдөл ирээд байна. Өргөдлийн дагуу шалгуулагчийн эх материалыг шалгуулагчийн өмнө машинаар биш, гараар засан тулгах ажиллагаа явагдаж байна. Ингээд шалгаад үзэхэд скантрон (засагч) машины онооноос зөрсөн тохиолдол гараагүй. Харандаа, баллуур бүгд шинэ тусгайлан бэлтгэсэн тул асуудал байхгүй. Баллуурдаагүй, халтартуулж, үрчгэр болгоогүй тохиолдолд машин тод хараар будсаныг өөрөө уншаад явчихдаг онцлогтой. Машин л уншдаг тусгайлсан 2В төрлийн зөөлөн харандаа. Будалтаас болж скантрон машин буруу уншсан тохиолдол илрээгүй.

2023 оноос эхлэн бүх сурагчийг математик, англи хэл, монгол хэл, байгалийн ухааны нэгдмэл агуулгаар заавал шалгалт өгөх горимд шилжүүлэхээр төлөвлөж байна. Ингэхдээ математик, монгол хэл, англи хэлний шалгалтыг хоёр түвшний сонголттой байлгах юм. Байгалийн ухааны нэгдмэл агуулгын хувьд физик суурьтай, биологи суурьтай, хими суурьтай гэхчлэн сонгоно.

ИХ СУРГУУЛИУД ЖИЛД ХОЁР УДАА ЭЛСЭЛТ АВАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙЖ БАЙНА

БШУЯ-ны Дээд мэргэжил боловсролын бодлого, удирдлага зохицуулалтын газрын дарга Х.ТАМИР:

-Орон нутгаас сурагчдыг цахимаар элсүүлнэ. Үндэсний хэмжээнд тогтоосон босго оноог барьж, мэргэжлээ сонгохыг зөвлөж байна. Дүн гарсны дараа ур чадварын шалгалт авах чиглэлийг сургуулиудад хүргүүлсэн. Учир нь ур чадварын шалгалтаа өгөхийн тулд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Ингэснээр ур чадварын шалгалтдаа тэнцсэн ч оноо хүрэхгүй бол ур чадварын оноо хүчингүй болохоос сэргийлж байна. Элсэлтийн үйл ажиллагааг эцсийн байдлаар долдугаар сарын 5-ны өдөр гэхэд дуусгасан байх чиглэлийг сургуулиудад өгсөн. Онооны эрэмбэ, жагсаалт гарсны дараа өндөр оноотой хүүхдээс эхлэн хуваарь олгох үйл ажиллагаа явагдана. Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулахтай холбоотойгоор их сургуулиуд жилд хоёр удаа элсэлт авах зохицуулалт хийж байна.

Г.БҮЖИНЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж