Нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах вий!

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах вий!

Нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах вий!

Түгжрэлийг бууруулах төлөвлөгөөний дагуу нийслэл төсөвтөө 420 тэрбум төгрөг суулгасан. Түүний дийлэнх хэсгийг нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зарцуулна гэж хотын дарга Д.Сумъяабазар ам гарсан билээ. Гэсэн ч оны эхний хагас жилийн байдлаар хугацаа дууссан нийтийн тээврийн автобусуудыг шинэчилж чадаагүй л байна.  Харамсалтай нь, сүүлийн нэг сарын дотор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобус шатсан хэрэг хэд, хэдэн удаа гарлаа. Энэ нь нийтийн тээврийн автобус нэг л өдөр зорчигчидтойгоо шатах эрсдэл нүүрлэж буйн сануулга юм.

ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БУЙ БҮХ АВТОБУСЫГ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ Ч ТӨСӨВ ХҮРДЭГГҮЙ

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг 100 хувь парк шинэчлэлтэд хамруулж байж зорчигчдын аюулгүй байдал хангагдана. Хотын дарга нь иргэдэд хувийн унаанаас татгалзаж, түгжрэлийг бууруулах чиглэл өгөх болсон. Гэтэл иргэдийг аюулгүй тээвэрлэх ёстой нийтийн тээвэр нь өвөл хөргөгч шиг, зундаа пийшин шиг болдгоос гадна эрүүл ахуй ариун цэврийн байдал муу. Дээр нь хэзээ мөдгүй шатаж мэдэх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дуусч, актлахаас өөр аргагүй болсон автобус нийтийн тээвэрт явж байгаа нь харамсалтай юм.

Гэтэл албаныхан нь нийтийн тээврийн үйлчилгээнд явах автобусны тоо ширхэгийг тодорхой хувиар нэмж байгаагаа мэдээлж, өнгө үзэмж сайтай, стандартын давхар автобус нэвтрүүлж байгаагаа ч олон удаа зарласан.

Нийслэлийн захирагчийн албанаас авсан тоон мэдээллээр нийтийн тээврээс энэ жил 569 автобусыг актлахаар төлөвлөсөн ч ашиглалтын хугацаа дууссан автобусуудыг зорчигч үйлчилгээний нэгжүүд хүчээр явуулсаар байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 101 чиглэлд 985 автобус үйлчилж байгаа аж. Холын чиглэл, хотын төвд ялгаагүй л хугацаа дууссан тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилж, түүгээр ч зогсохгүй мотор, насжилтын элэгдлээс шалтгаалж иргэдийн амь насыг дээсэн дөрөөн дээр аваачиж байна. Угтаа 2022 онд нийт 591 автобусыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтын сан зэргээс санхүүжүүлж, шинэчлэх төлөвлөгөөтэй. Гэхдээ албан тушаалын хэрэгжих хугацаа нь төсөв хангалтгүйгээс хойшилжээ.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН 75 ХУВЬ НЬ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ГЭВ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусны 75 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт 2021 онд гарсан. Тиймээс эхний ээлжид орчин үеийн шаардлагад нийцсэн 500 автобусаар нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөж өнгөрсөн сард тус парк шинэчлэлтийн хүрээнд давхар болон стандарт автобусуудыг үйлчилгээнд явуулж эхлээд байна. Гэхдээ энэ нь ердөө нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудын таван хувь нь. Ингээд нийтийн тээвэр иргэдийн амь, нас эрүүл мэндэд заналхийлж буй жишээнүүдийг дурдъя.

2022.05 дугаар сар. Гачуурт чиглэлийн автобус техникийн саатлын улмаас шатав. Тус автобусанд сууж явсан зорчигчид эрсдэлд ороогүй бөгөөд амжиж автобуснаас бууцгаасан байна. Онцгойгийн алба хаагчид урьдчилсан байдлаар автобусны насжилттай холбоотойгоор гал гарсан байж болзошгүй гэж дүгнэжээ.

2022.06 дугаар сар. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монелийн 48 дугаар гудамжинд автобус шатаж байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 18-ны өдөр Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид очиход “Дэйвүү” загварын Монел-Сансар чиглэлийн нийтийн тээврийн автобусны зүүн тал тус тус шатаж байсныг таван минут ажиллаж унтраасан байна. Энэ автобусыг засварлаж үйлчилгээнд үргэлжлүүлэн явуулжээ.

2022.06 дугаар сар. Сансрын тунелиэс уруудах замд Баянцээлийн эсрэг талд нийтийн тээврийн автобус шатав. Автобус таван зорчигчтой явсан бөгөөд автобусны араас гэнэт гал гарсан тул зорчигчид шуурхай буужээ. Жолооч нь гал командад дуудлага өгч, 3-4 ширхэг галын хор цацсан боловч үр дүнд хүрээгүй аж. Автобусны гал улам авалцаж, битүү удаа нүүгэлтэж байх үед Нийслэлийн аврах 105 дугаар ангийнхан ирж, ус галын хор цацаж, галыг богино хугацаанд унтраасан. Одоогоор автобусанд гал гарсан шалтгаан нөхцөлийг дүгнээгүй байгаа аж.

Энэ мэтээр долоо хоног бүр нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарч байна. Өчигдөр л гэхэд "Өргөө 2"-ын хажуугийн замд автобусны арын эд анги шатаж, мөн л зорчигчдыг буулгаж, арга хэмжээ авчээ. Эдгээр кэйсээс харахад иргэдийн амьд явах эрх актлах болсон автобусанд хүртэл зөрчигдөж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж