ҮХНӨ: Ардчилал амьд үлдэх СҮҮЛЧИЙН НАЙДВАР

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

ҮХНӨ: Ардчилал амьд үлдэх СҮҮЛЧИЙН НАЙДВАР

ҮХНӨ: Ардчилал амьд үлдэх СҮҮЛЧИЙН НАЙДВАР

Үндсэн хуулийн Цэц яг хэн бэ, хэний юуны төлөө үйлчилдэг вэ гэдэгт олон хүн эргэлздэг. Өчигдрийн гаргасан шийдвэрийн хувьд Цэц Үндсэн хуулийн манаач байв уу, МАН-ын даалгавар гүйцэтгэгч болов уу.

Ямартай ч Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн 2016 онд гаргасан “Сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн” гэх шийдвэрээ цуцалснаар 2024 оны сонгуулийг пропорциональ хувилбараар явуулах боломжтой болж байна гэсэн үг.

Энэ талаар анхлан гомдол гаргасан ХҮН-ын дарга Т.Доржханд дүгнэхдээ “Жижиг 76 тойрогтой парламент өнөөдөр дуусгавар болж байна. Пропорцианоль тогтолцоотой болсноор санал гээгдэхгүй. Өнөөдрийн тогтолцоогоор 400-500 мянган хүний санал гээгдсэн. Үүнийг ҮЦХ эцэслэн шийдвэрлэлээ. Монголын парламент давжаа байна. Гишүүдийн тоог 120-150 болгох хэрэгтэй. Иргэн хүний хувьд мөн намын даргын хувьд ҮХЦ хараат бус байдлаар асуудлыг шийдсэнд талархалтай байна” гэжээ. Энэ мэдээж өөрийнх нь зорилго, эрх баригчдын захиалга болох нь нэн ойлгомжтой.

Үндсэндээ, Үндсэн хуульд дахин гар дүрэхийн тулд үнэмлэхүй олонход шалтаг хэрэгтэй. Тэр нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр. Учир нь, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсон бол найман жилийн хугацаанд гар дүрж болохгүй. Атал Ардын нам өнгөрсөн 2019 онд Үндсэн хуульд өөх биш, булчирхай ч биш өөрчлөлт оруулчихсан шүү дээ.

Товчхондоо, гурван жилийн дотор хоёр дахь удаагаа Үндсэн хуульд “гар дүрэх”-ийн тулд Цэцийн шийдвэрийг гул болгох гэсэн Ардын намын арга заль юм. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр парламентад суудалтай намуудын хувьд нэг ёсондоо эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт улс төрийн хүрээний гол сэдэв болохтой зэрэгцээд Цэцийн шийдвэр нэг талаар сонгуулийн пропорциональ тогтолцоог эсэргүүцэж буй улстөрчдийн галыг намжаах тактик байж болох. Учир нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар холимог хувилбарыг эсэргүүцэж буйн ард Сү.Батболдын фракцийнхан байгаа нь нэн ойлгомжтой. Тэрчлэн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ч жижиг тойргоос салах дургүй байгаа. Нөгөө талаасаа Үндсэн хуулийн өөрчлөлт хийж хэл ам дагуул байхаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг буцаасан нь МАН-д хал балгүй байх.

Авчиг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үнэндээ улс төрийн намуудаас төдийлөн хамаарахгүй. Гагцхүү ҮАБЗ-ийн гурван гишүүний хүсэл зоригоос шалтгаална.

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр У.Хүрэлсүх нь зургаан жилийн бүрэн эрхтэй /нэг удаа сонгогдох/ анхны Ерөнхийлөгч болсон. Хэрэвзээ Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд суулгаж өгвөл тэрбээр бүх ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болно. Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаагаа албан ёсоор илэрхийлээгүй. Өмнөх үг, үйлдлээс нь харвал тэрбээр сонгодог парламентыг төлөвшүүлэх сонирхолтой.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх байр сууриасаа ухарчихаагүй л бол тэрбээр жилийн өмнө “Тв-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгт өгсөн ярилцлагадаа “Би сонгодог парламентын засаглалыг дэмждэг, Монгол Улс ч тэр зам руу яваасай гэж боддог”-оо илэрхийлж байлаа.

Сонгодог парламентыг засаглал нь Ерөнхий сайдад эрх мэдэл олгох тухай. Ингэснээр институт хоорондын зөрчил арилна гэж улстөрчид ч, хуульчид ч тайлбарладаг. Үнэндээ, Монгол Улсын институц хоорондын гол зөрчилдөөн эрх мэдлийн хуваарилалтаас үүдэлтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд хүний биш, хуулийн засаглалыг дэмжихээ байнга илэрхийлдэг.

Тэрбээр мөрийн хөтөлбөртөө

  • Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
  • Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.
  • УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.
  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
  • Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачлахаа амласан нь бий.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарсны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагынхантай уулзаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлийг танилцуулжээ.

Чингэхдээ  2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын тогтвортой байдлыг хангах, шүүх засаглалыг сайжруулах, Ерөнхийлөгчийн институтийг шинэчилсэн болохыг  онцлоод, энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь эх орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, баталгаажуулах, хүний эрхийг бэхжүүлэх, парламентын чадамжийг сайжруулахад чиглэгдэж буйг тайлбарлажээ.

Товчхондоо, 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг гүйцээх зорилготой гэж. Үнэндээ ч өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлт бараг Х.Баттулгын хүсэл, шуналыг хязгаарлахад “зориулагдсан” гээд дүгнэхэд буруудахгүй ч биз. Спикерийн хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцээх том даалгавартай. Хэрэвзээ хүсч байгаа шиг өөрчлөлтүүдийг хийж чадах юм бол шинэ Үндсэн хуулийн автор болох нь дамжиггүй. Харин дахин дутуу, гуцуу өөрчлөлт хийвэл алдаа нь Г.Занданшатарын толгой дээр бууна. Ардын нам эрх барих гурван жилийн хугацаандаа хоёр удаа Үндсэн хуульд гар хүрч буйн хувьд.

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Засгийн газрын тэргүүнээр сонгогдож, зуун хоногийнхоо тайланг танилцуулахдаа л сонгодог парламентын тогтолцоог дэмжихээ илэрхийлж байсан. Тэгэхээр эрх барьж буй намын даргын болоод гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Л.Оюун-Эрдэнийн эр зоригоос Үндсэн хуулийн өнөөгийн шинэчлэлт хамаарна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, намаа хэрхэн зангидаж, чуулганы хуралдаан дээр гишүүдээ яаж хайрцаглахаас хамаарна гэсэн үг.

Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засгаа огцруулах, томилох эрхтэй Ерөнхий сайд болсон ч өнөөдрийг хүртэл хоёр шинэ сайдаа томилж чадахгүй байна гэхээр Монголын гүйцэтгэх засаглалын тэргүүн нөгөө л улс төрийн барьцаанаасаа салж чадаагүй байна л гэсэн үг.

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентын гишүүдийн тоог нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, сонгуулийн тогтолцоог хуульчилж, давхар дээлийн асуудлыг хөндөх тухай ярьж буй. Гишүүдийн тоог нэмэхийг парламентад суудалтай гурван нам удирдлагын төвшинд гурвуулаа дэмжиж байна. Мэдээж үгүйсгэх, эсэргүүцэх гишүүд Ардын намд ч байна. Энэ нь Л.Оюун-Эрдэнийн шинэ засагт сандал, суудал авах гэсэн “шантааж” биз. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа Л.Оюун-Эрдэнэ шинэ засгаа бүрдүүлэх нь нэн ойлгомжтой. Тэр үед намын, парламентын, бүлэглэлийн барьцаагүйгээр танхимаа өөрөө бүрдүүлж чадах уу гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг юм.

Үндсэн хуульд дахин гар дүрэх болсон хамгийн гол шалтгаан дэлхийн геополитикийн чиг хандлага өөрчлөгдөж буй энэ үед сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхгүй аваас Монголын хувь тавилан хаашаа ч эргэж мэднэ. Нэн ялангуяа хоёр их гүрний дунд орших буфер улсын хувиар. Хэрэвзээ Х.Баттулга шиг “амбиц”-тай хүн Ерөнхийлөгч болоод гараад ирвэл яах вэ. Цаазын ялыг сэргээнэ гэж орилоод, улс орноо Шанхайн ломбардад тавина гэж гүйгээд, Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж сэвээд, хоёр хөршөө талцуулаад байвал яанам билээ. Үнэндээ өнөөдөр яригдаж буй Үндсэн хуулийн өөрчлөлт бол ардчилал амьд үлдэх сүүлчийн найдвар болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж