Эрт үед ардын хүү түрүүлж болдоггүй наадам юм уу гэж ярьдаг байв. Харин одоо ноёны бөх өнжиж болдоггүй наадам юм уу гэж асуумаар болж байх шиг байна. Допингийн шинжилгээнд давтан бүдэрсэн нь олон улсын лабораториор батлагдсан байхад л барилдах эрхийг нь сэргээчих юм. Аль байгууллага нь ямар шийтгэл өгсөн нь гол биш. Харин тухайн бөх допинг давтан хэрэглэсэн нь л гол асуудал. Гэтэл Үндэсний бөхийн холбооны найман жилээр эрх хассан үндэслэлийг "олон улсын дүрэмд нийцээгүй" гэж Монголын олон улсын ба үндэсний арбитрын шүүх гэх төрийн бус байгууллага үзжээ. Үүнийг нь ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дэмжиж, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг бөхийн холбоонд хүргүүлсэн аж.
"Гарьдмагнай" кино дээр "Далайцэрэн давсныг чи ч харлаа, би ч харлаа. Энэ олон түмэн цөмөөрөө харлаа. Үүнээс илүү яах гэсэн юм бэ" гэдэг шиг Э.Оюунболдыг допинг давтан хэрэглэснийг монголчууд цөмөөрөө харлаа. Харамсалтай нь, тэр буруугаа ч хүлээсэнгүй, шийтгэлээ ч зохих ёсоор эдэлсэнгүй. Эхний удаад допингийн асуудалд бүдрэхдээ аварга цолоо хураалган, ганцхан жил барилдах эрхээ хасуулсан. Гэхдээ бас дуугүй байгаагүй. Шүүх, хуулийн байгууллагаар явж, нэг хэсэгтээ хэрүүл маргаан таслаагүй. Харин хоёр дахь удаа допингийн шинжилгээнд бүдрэхдээ мөн л арбитрын шүүхээр явж, "Үндэсний бөхийн холбоо гэх төрийн бус байгууллага намайг шийтгэхгүй" гээд барилдаж эхлэв.
Бөхийн холбооны допингийн эсрэг хэрэгжүүлж буй бодлого чанга, зөв ч олон улсын дүрэмд нийцээгүй гэх ганцхан цоорхойтой. Үүнийг нь далимдуулж Э.Оюунболд шургасан хэрэг. Одоо олон улсын дүрэмдээ нийцүүлээд Э.Оюунболдын эрхийг хасах нь зүйтэй. Хаашдаа л допинг давтан хэрэглэсэн нь олон улсын лабораториор баталгаажсан хойно нулимс унаган мэлзээд байх хэрэггүй биз.
"Гарьдмагнай" киноны өөр нэгэн хэсэгт “Монгол бөхийн дэвжээ ёс бус зүйлээр сэвтэх ёсгүй" гэх диалог бий. Тэгвэл амьдрал дээр ялангуяа орчин цагт бөхийн дэвжээ ёс бус зүйлээр сэвтээд дууслаа. Допингтой овоо гайгүй тэмцэж эхэлсэн ч уяхан ард түмний туяхан сэтгэл дээр дөрөөлөөд, төрийн тэргүүн нутгийн ах нараараа дэмжүүлээд, бөхчүүд ёс жудаг, ичих булчирхайгаа гээж эхлэв. Ядаж л буруугаа хүлээн уучлалт гуйх зориг байсангүй. Эцсээ хүртэл өөрийгөө хохирогч гэж мэлзэж, бусдаас буруу хайх юм. Нэг удаа допингийн шинжилгээнд бүдэрвэл ард түмэн ойлгож болох ч тэр хоёрын хоёр удаа бүдэрсэн. Удаа дараа бүдэрсэн ч буруугаа хүлээсэнгүй.
Богд хааны хатан, улсын эх дагина Дондогдулам “Миний бөхийг унагасан энэ наадмыг би үзэхгүй ээ" гэж хэлдэг, киноны бас нэгэн сэтгэлд хоногшсон хэсэг бий. Үүн шиг допингтой бөхийнхөө толгойг илээд, шийтгэлийг нь ч үүрүүлж чадахгүй байвал энэ жилийн тэгш ойн наадмыг үзэхгүй гэх бодолтой хүн цөөнгүй бий.
Холбоотой мэдээ