Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэр байгуулах чухал

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх шинэ эх үүсвэр байгуулах чухал

 “Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц төсөл”-ийн зохицуулагч Ч.Гантулгатай ярилцлаа.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн явцын талаарх сүүлийн үеийн мэдээллээс ярилцлагаа эхэлье?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд нэлээд ажил өрнөж байна. Том төслийн бэлтгэл ажил учраас багагүй хугацаа орсон хэдий ч дуусах шатандаа явж байна. Үүнд: ТЭЗҮ-г үндэслэнэ газар дээр нь нэмэлт судалгааны ажлууд хийгдэж байна, Археологи, палеонтологийн судалгааны ажлууд бүрэн дуусч авран хамгаалах ажлууд эхэлж байна, БОННҮ-ний дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөт ажлууд хэрэгжээд эхэлж байна, орон нутаг засаг захиргааны байгууллагуудтай газар дээр нь ажиллаж нөлөөлөлд өртөж буй иргэд, аж ахуйн нэгжүүдтэй бэлтгэл ажлын хүрээнд хамтран ажиллаж байна, УЦС-ын нарийвчилсан зураг төслийн ажлуудыг эхлүүлэх гэх мэт олон зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна. Мөн БНХАУ-ын Экспорт-Импорт банктай төслийн санхүүжилт болох хөнгөлөлттэй тусгайлсан зээлийн хэлэлцээрийг хийж, нэмэлт мэдээлэл, материалуудыг бэлтгэн өгч БНХАУ-ын тал судлан үзэж шийдвэрүүдээ гарган ажиллаж байна. Энэхүү ажлуудад ЭХЯ, БОАЖЯ, Сангийн яам, ХНХЯ, Соёлын яам, БХБЯ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн засаг захиргааны нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах тухайн жилд төлөвлөсөн ажлуудын хэрэгжилтийг хангуулах гэх мэт зайлшгүй хийж гүйцэтгэх ажлууд хэрэгжиж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС орчмын айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажил хэр ахицтай явна вэ. Нүүлгэн шилжүүлэлтэд хэдэн аймгийн, хэчнээн иргэд хамрагдаж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

Энэ бол эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт авч ирэх улсын хэмжээний том төсөл. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын баруун бүсийг дунд хугацаанд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломж нээгдэнэ.

Усан цахилгаан станц барихын тулд урьдчилан ТЭЗҮ, байгаль экологийн тогтоц, нийгэм эдийн засгийн үнэлгээ, техникийн нөхцөлүүд гэх мэт олон төрлийн судалгаа шинжилгээний ажлууд хийгддэг. Энэ ажлуудын хүрээнд 2019 онд Засгийн газрын тогтоолоор Увс, Баян- Өлгий, Ховд аймгийн нутаг дэвсгэрээс нийт 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Энэ нь Газрын тухай хууль, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай журмын дагуу улс орны хөгжлийн томоохон бүтээн байгуулалтыг хийхэд аль ч ангиллын газрыг тусгай хэрэгцээнд авч зохион байгуулалтын ажлуудыг авч хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалттай бүрэн нийцэж байгаа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Ховд голыг түшиглэн Шижигтийн хавцалд хийгдэх ба Ховд голын жилийн дундаж урсац нь 66 м.куб/сек ба үүнийг үндэслэн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж байгуулах бүрэн боломжтой гэсэн тал бүрийн мэргэжлийн судалгааг хийж төсөл хэрэгжүүлж эхлээд байна. 2021 оны  арван нэгдүгээр сард БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөл “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”-г баталсан. Үнэлгээнд туссан нөлөөлөлд өртөж байгаа газар нутаг, айл өрх, иргэдийн нийгмийн асуудал, байгаль экологийн тэнцвэртэй байдал, нөхөн сэргээлт, одоо байгаа нөхцөлүүдийг сайжруулах төлөвлөгөөнүүдийг боловсруулж дууссан. Нөлөөлөлд өртөх айл өрхүүдийн эд хөрөнгийн нөхөн олговорын хэмжээ, иргэн бүрт олгох нөхөн олговор, шинээр байгуулах хоёр багийн зураг төлөвлөлтийн ажлууд хийгдэж эхэлсэн ба Монгол улсын Засгийн газар иргэн бүрт нэг удаа олгох нөхөн олговорыг шийдвэрлэж өмнө нь байгаагүй жишгийг нэвтрүүлж иргэдтэйгээ хамтран ажиллаж байна. Энэ нь аль ч улсад томоохон бүтээн байгуулалт хийх тэр дотроо эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх улс орны тогтвортой хөгжлийг цогцлооход тогтсон жишиг юм. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн нийт 270 өрх, 1241 орчим иргэн хамрагдаж байгаа.

-Энэ төсөл бодит ажил болж чадахгүй олон жил яригдсан төсөл шүү дээ. Одоо ямартаа ч газар чөлөөлөлттэй холбоотой нэг том асуудлынхаа ард гарчээ гэж ойлголоо. Үүнээс өөр тулгарч байгаа ямар асуудал байна?

-Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч нэг хүчин зүйл нь эрчим хүчний  хараат байдал болоод байна. Цахилгаан эрчим хүчээр хангагдаж байж бид цаашдын хөгжил дэвшлийнхээ төлөвлөгөөг гаргана шүү дээ. Баруун бүсийн эрчим хүчний татааст улсын төсвөөс 2016 оноос хойших сүүлийн зургаан жилд жил бүр 6-23 тэрбум төгрөг өгч ирсэн.  Энэ мөнгийг дахиад 20 жил олгоно гэж үзвэл нэг их наяд орчим төгрөгийг татааст өгөхөөр байгаа юм. ОХУ, БНХАУ-аас баруун аймгуудын хэрэгцээнд авч байгаа цахилгаан эрчим хүчний үнийн зөрүү ийм байна гэсэн үг.

Жил бүр энэ хэмжээний татаас өгөөд явах уу аль эсвэл өөрсдийн нөөц бололцоог ашиглан сэргээгдэх эрчим хүчний шинэ байгаль экологид ээлтэй эх үүсвэрээр хангагдах уу гэдэг сонголтын өмнө бид ирчхээд байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийг 2018 онд Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын 288 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэсэн байдаг.  Энэ нь тухайн үеийн Засгийн газрын маш зөв шийдвэр байсан. Бид шийдвэрээ зоригтой гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай явах ёстой. Өмнө нь эрчим хүчтэй холбоотой хоёр, гурван том төсөл зогссон харамсалтай жишээ байгаа.

Нүүлгэн шилжүүлэлтийн ажилд асуудал гарахгүй гэж харж байгаа. Учир нь бэлтгэл ажлын хүрээнд сүүлийн хоёр жил орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтарч төсөл хэрэгжүүлэгч нэгж удаа дараагийн уулзалтуудыг хийж, Эрчим хүчний сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзаж асуудлыг нь сонссон. Иргэдийн тавьсан асуудлын хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн 28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахад эртний болоод дунд үеийн түүх археологийн олдворууд хамрагдаж байгаа. Тиймээс түүхийн үнэт өвийг авран хамгаалах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтарч зохион байгуулж байна.

-Тодорхой тооны айлууд Увс аймагт зохион байгуулалттай эсэргүүцэж байгаа гэж ярьж байсан үүнд тайлбар өгнө үү?

Би үүн дээр маш нээлттэй ажиллаж мэдээллийг үнэн зөвөөр нь Засгийн газар Их хуралд тайлагнаж ажиллах үүрэгтэй.  270 өрхийн 30 хүрэхгүй айл эсэргүүцэж байгаа. Үүнийг тухайн сум багийн Засаг дарга нар болон зарим нөхдүүд зохион байгуулж байгаа бүр БНХАУ-ын Элчин сайдад төслийг зогсоох, санхүүжилтийг зогсоох тухай бичиг хүртэл илгээж хоёр Улсын хооронд үл ойлголцох байдал үүсгэхийг зорьсон нь илт байдаг. Миний хувьд энэхүү явдлыг Улсаасаа урвасан, манай Улсын хөгжлийн бодлогын эсрэг гадаад улсаас хараат байх зохион байгуулалттай ажиллагаа гэж дүгнэн харж байгаа. Мэдээж ард нь гадаадын гар хөл болсон ТББ-ууд ажиллаж бүх талын эсрэг зөвлөгөөг өгч мэдээллээр ханган ажиллаж байгаа талаар ч мэдэж байна. Монгол улс хуультай улс, хуулийн хүрээнд Улсын эсрэг ажиллаж байгаа бүх этгээдүүдтэй хариуцлага тооцуулан ажиллахаа үүгээр мэдэгдэж байна. Энэ төсөл нь аливаа нам, улс төр харгалзахгүй цэвэр Улсын хөгжлийн төлөөх төсөл байх ёстой. Монгол улс нэгдмэл улс Засгийн газрын шийдвэр шат шатандаа хэрэгжих хуультай байдаг. Энэ тухай Засгийн газрын Хэрэг эрхлэх газар мөн холбогдох хууль хүчний байгууллагуудад мэдэгдэж холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцож арга хэмжээ авч ажиллахыг уламжилсан.

Монгол улсын Засгийн газар нь аль ч ангиллын газрыг улсын тусгай хэрэгцээнд авах эрхтэй.  Ингэхдээ хууль журмын хүрээнд үе шаттай ажлуудыг зохион байгуулж ажиллах бас үүрэг нь бий. Жишээ нь орон нутгийн хурлын шийдвэрүүд гарах, судалгаа шинжилгээ тооцооллуудыг хийж батлуулах, иргэдийн нөхөн олговор нийгэм эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх гэх мэтчилэн маш олон асуудлуудыг шийдвэрлэсний үндсэн дээр томоохон төсөл хөтөлбөрүүд үргэлжлэн хэрэгжих боломж бүрддэг. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын хувьд өнгөрсөн хугацаанд бүх шаардлагуудаа хангаж бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.

Төсөл хэрэгжсэнээр орон нутгийн иргэд ажлын байртай болох боломжтой талаар та өмнө нь ярьсан байна. Энэ талаар?

-Төсөл хэрэгжих хугацаанд ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж орон нутгийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж нээгдэж байна. Нуур үүссэний дараа далан болон нуурт аялал жуулчлалын бааз, загасны аж ахуй, хүнс хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, ойжуулалт гэх зэрэг маш олон орлогын эх үүсвэрүүдийг бүрдүүлж нутаг усныхаа хөгжил цэцэглэлтийг бүрдүүлж ажиллах боломж нутгийн иргэдэд бий болно. Гомдоллох биш нутгийнхаа хөгжилд гар бие оролцож хойч үеийнхээ амьдрах орчныг сайжруулах боломж байгааг харж энэхүү ажилд оролцох ёстой юм. Мөн уг төслийн барилга угсралтын ажил дээр шууд болон шууд бусаар оролцож олон зуун ажлын байр бэлтгэн нийлүүлэлтийг хийх боломж бүрдэнэ.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор зээлээ хэдэн жилийн дотор нөхөх боломжтой вэ?

-20 жилийн хугацаатай 288 сая ам.долларын зээл авахаар хоёр улс тохирсон. ТЭЗҮ-ээр бол 19.5 жилийн дотор өртгөө нөхөх боломжтой. 2021 оны есдүгээр сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт БНХАУ-ын Пауэр Чайна-Пауэр Чайна Ченгдү түншлэл шалгарсан. Тэд 271.4 сая ам.доллароор усан цахилгаан станцыг барьж байгуулах, ашиглалтад оруулах санал ирүүлсэн. Цахилгаан эрчим хүчээ зарж борлуулаад 271.4 сая долларын зээлийг 19.5 жилийн дотор төлөх боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо гарсан байдаг.

-Та ярианы эхэнд дунд хугацаанд баруун бүсийг эрчим хүчээр хангана гэж ярьсан. Ер нь усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа хэдэн жил байдаг вэ?

-Олон улсын туршлагад энэ хэмжээний суурилагдсан хүчин чадалтай дунд оврын усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа 100 орчим жил байдаг. Төлөвлөгөөт засвар үйлчилгээнээс ашиглалтын хугацаа хамаарна. Технологи ч мөн өөрчлөгддөг. Тухайн үед нь технологийн шинэчлэлийг хийгээд явах бүрэн боломжтой. Усны нөөц байгаа цагт эрчим хүчний үйлдвэрлэлд технологийн өөрчлөлт хийх боломжтой. Усан цахилгаан станц нь нар салхины цахилгаан станцуудыг дэмжиж ажилладаг онцлогтой ба 24 цаг тасралтгүй эрчим хүч үйлдвэрлэж шаардлагатай бол огцом зогсолт хийж цахилгаан гаргахдаа ч шууд гаргадаг. Монгол улсад том жижиг нийлсэн 3500 орчим гол мөрөн байдгаас жилийн дундаж урсцаар тооцоолж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэе гэвэл жилд 5700 орчим МВт эрчим хүч боловсруулах нөөцтэй гэсэн судалгаа байдаг. Дээрх нөөцийн 30%-ийг ашиглахад л Монгол улс бүхэлдээ 100% эрчим хүчээр хангагдах юм.

Монгол улсад 2021 оны байдлаар 7,2 тэрбум кВ.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн нь өмнөх оноос 145 сая кВ.ц-аар эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн байна. Жил бүр 8-10 хувиар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангахын тулд хуучин эх үүсвэрүүдийг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлагатай болсон нь нэгэнт тодорхой болсон. Нэгээс хоёр жилийн дараа эрчим хүчний хязгаарлалтад орж, импортын эрчим хүчнээс хэт их хамаарч Улс орны тусгаар тогтнол хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх аюултай юм.

-Олон улсад Усан цахилгаан станцын хөгжил ямар шатандаа явж байгаа вэ. Хөрш зэргэлдээ улсууд Бусад станцуудтай харьцуулбал хүчин чадал хэр хэмжээнд байдаг бол?

-БНХАУ 370 мянган МВт, Бразил 110 мянган МВт, АНУ 102 мянган МВт, Канад 82 мянган МВт, Энэтхэг 50,5 мянган МВт, Япон 49,9 мянган МВт, ОХУ 50 гаруй мянган МВт, Норвег 33 мянган МВт, Түрк 31 мянган МВт, Франц 25,5 мянган МВт, Итал 22,6 мянган МВт, Спани 20,4 мянган МВт, Вьетнам 17,1 мянган МВт, Швецар 16,9 мянган МВт, Швед 16,5 мянган МВт эрчим хүчээ усан цахилгаан станцаар хангаж байна. Эдгээр үйлдвэрүүдийг 1960 оноос хойш барьж байгуулсан.  1960 оноос хойш гэхээр бид 60 жилээр хоцорч явна. Олон улсад хатуу түлшээр эрчим хүч үйлдвэрлэж, хүлэмжийн хийг нэмэгдүүлдэг төслүүдийн санхүүжилтийг зогсоож байна. БНХАУ-ын хувьд энэ төрлийн үйлдвэрүүдээ бүрэн зогсоосон. Тиймээс бидэнд сонголт байхгүй. Аль болох нар, салхины цахилгаан станцуудыг усан цахилгаан станцтай хослуулж олныг барьж байгуулах хэрэгтэй. Ингэж эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангаснаар эрчим хүчний хараат байдлаас гарна. Бид хорин хэдэн айлын асуудлыг яриагүй. Монгол Улсын цаашдын 40, 50 жилийн эрчим хүчний асуудлыг ярьж байгаа.  Ирэх долдугаар сараас барилгын бэлтгэл ажил эхэлнэ. Бэлтгэл ажлын хүрээнд геологи, хөрс, усны шинжилгээ, өрөмдлөгийн ажлууд эхэлж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын технологийн тухайд?

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл нь өөрөө их онцлогтой. Төмөр бетон гадаргуутай шороон боомт барьж ус хуримтлуулна. Боомтын хярын урт 255м, өргөн нь 7м ба ус хүлээн авах байгууламж, даралт тэнцвэржүүлэх байгууламж, станцын барилга, ажилчдын орон сууц, ашиглалтын зам зэрэг барилга байгууламжууд байхаас гадна газар доогуур 5 км орчим урттай 7,5 метрийн диаметртэй даралтат туннел ухна. Нуурт хуримтлуулсан ус уг туннелээр даралт үүсгэж турбин руу оруулна. Даралтын зөрүүг ашиглан эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Энэ технологи үр ашиг, өгөөжийн хувьд хамгийн бага зардлаар боломжит хэмжээнд эрчим хүчээ үйлдвэрлэх технологи л доо. Том далангийн ажлууд шат дараатай угсралтын ажил хийгдэнэ. Энэ ажлууд хийгдэж эхэлснээс хойш 61 сарын дотор усан цахилгаан станц бүрэн ашиглалтад орно.

271.4 сая ам.доллароор баригдахаар гэрээ хэлэлцээр хийгдсэн. Гэтэл цементийн үнэ тэнгэрт хадлаа. Анхны баталсан санхүүжилтээрээ баригдах болов уу, өөрчлөгдөх болов уу?

-Тендерт ялсан компанитай ажлын хэсэг байгуулагдаж ерөнхий гүйцэтгэгчийн гэрээ байгуулахдаа гэрээний хугацаанд гэрээний үнэ тогтмол ямар нэгэн үнийн өсөлт орохгүй байхаар тусгагдсан. Цемент 10, 20 хувь өссөн ч гэлээ гэрээнд заасан үнийн дүнгээр гүйцэтгэгч компани усан цахилгаан станц барьж өгөх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж