Ардчилсан намын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр буюу Бямба гаригт болох тов гарчээ. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ “Хүн бүр хүсэл мөрөөдөлтэй, өрх бүр аз жаргалтай амьдрах хөгжлийн боломжийг дэмжсэн, иргэд нь эрх чөлөөтэй, эрх тэгш, хариуцлагатай, ардчилсан Монгол Улс хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, шударга ёсны эрх чөлөө, үндэсний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэгч, үнэт зүйлс үзэл баримтлалыг нутагшуулан бэхжүүлэхээр Ардчилсан хувьсгал өдгөө олон намын тогтолцоог бий болгож дэлхийн даяаршилтай хөл нийлэн нийгэмшиж даруй 30 жилийг үджээ.
Ардчилсан нам энэ хугацаанд бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар ирсэн билээ.
Ардчилсан намын XIV их хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно. Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэн тусгаар улсынхаа үзэл бодол, зарчим, ёс зүйт төрийн хөгжлийг, бодлого шийдэл, шинэ боловсон хүчин буй болгохын төлөөх тууштай хичээл зүтгэл, тулхтай хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ туг хийн “Үнэт зүйл, үзэл баримтлал” дээрээ нэгдэхийг уриалж байна” гэжээ.
Холбоотой мэдээ