ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг огцруулах нууц хуйвалдаан аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байж магадгүй гэж АНУ-ын Тагнуулын төв газрын нэгэн ажилтан мэдэгджээ. Тэрбээр "Кремль дэх Путины дайснууд Украин дахь довтолгоо бүтэлгүйтэхийг хүлээж, ерөнхийлөгчийн суудал руу дайрахад бэлэн хүлээж байж болзошгүй" гэж хэлсэн байна.
АНУ-ын Тагнуулын төв газрын Москва дахь станцын дарга асан Даниел Хоффманы мэдэгдсэнээр, Путиныг түлхэн унагах гол хүн нь түүний ойрын холбоотон Сергей Шойгу аж. Хоффман “Владимир, чи явмаар байна уу гэж хэн ч асуухгүй. Түүний толгойд нэгэнт сум зоочихсон, тэр сувилал руу явах цаг болсон” гэж ярьжээ.
Тэрбээр Путины байр суурийг эзлэх магадлалтай гурван гол тоглогч байгаа талаар хэлсэн байна. Жагсаалтын эхэнд Оросын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев нэрлэгджээ. Түүний дараа Оросын Холбооны аюулгүй байдлын албаны захирал Александр Бортников болон Сергей Шойгу нар орсон байна.
ОХУ-ын эдийн засаг элгээрээ хэвтэж, олон цэргээ алдаж, эмх замбараагүй байдал үүсвэл Путины байр суурь ганхана. Гэхдээ Путиныг түлхэн унагалаа гэхэд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, мөн л эмх замбараагүй байдал давтагдана гэсэн болгоомжлол бий. Албаны хүмүүсийн үзэж буйгаар, 2024 оны ерөнхийлөгчийн сонгууль тун сонирхолтой болох бололтой. Оросын залуу үе Кремльд эргэлзэх болж, ахмад үе шигээ Путины дэглэмийг дэмжихээ болих хандлагатай байгаа аж.
Эх сурвалж: DAILY STAR
Холбоотой мэдээ