ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталлаа

Хуучирсан мэдээ: 2022.06.28-нд нийтлэгдсэн

LiveЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталлаа

ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталлаа
15 : 14
2022-6-28

Хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг  хэлэлцэж, 42 гишүүн дэмжсэнээр хуулийг эцэслэн баталлаа.

Тус хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 41 гишүүн дэмжиж, хууль батлагдлаа.

Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад 42 гишүүн дэмжиж, хууль батлагдлаа.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 38 гишүүн дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн:

-Сая санал хураалт дээр техникийн саатал гарсан байна. Би дэмжиж дарсан ч сөрөг гарсан байна. Хүчингүй болгох горимын санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Б.Чойжилсүрэн гишүүн санал хураалтыг хүчингүйд тооцох горимын санал гаргалаа. Гишүүний гаргасан саналаар санал хураалт явуулж, 80.4 хувийн саналаар Б.Чойжилсүрэн гишүүний гаргасан горимын санал дэмжигдэж, өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцлоо.

Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор дахин санал хураалт явуулж, 48 гишүүн дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа.

Цэргийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 45 гишүүн дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг төслийг баталъя гэх томъёоллоор санал хураав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 47 нь дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа.

Хуулийн төслүүдийг эцэслэн баталсны дараа баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсов.

Далай ашиглах тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо. Дагалдан гарсан Далай ашиглах тухай хууль хүчингүйд тооцох тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир мөн сонссонд тооцов.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байхгүй учир сонссонд тооцлоо.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр санал хэлэх гишүүн байгаагүй тул сонссонд тооцов.

Донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо. Дагалдан гарсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо. Хамт өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцов.

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцсон юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцлоо.

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн найруулга дээр саналтай гишүүн байгаагүй учир сонссонд тооцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Хууль эцэслэн батлагдсаны дараа таван шат дамжлагаар уншигддаг учир цаг давчуу байна. Ёсчлохоос өмнө үг үсэг, утга агуулгын алдаа байвал сайн засч, Засгийн газарт хүлээлгэн өгнө шүү. Шууд хэрэгжих учир" гэж хэлэв.

Тэрбээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дууссан тул хуралдаан өндөрлөснийг мэдэгдлээ.

14 : 45
2022-6-28

Баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуулийн төслийг эцэслэн батлах асуудлаар санал хураалт явууллаа. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 88 хувийн саналаар эцэслэн баталлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 90 хувь нь дэмжлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн томъёоллоор санал хурааж, 88 хувийн саналаар дэмжигдлээ.

Биеийн тамир тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 90 хувийн саналаар хууль батлагдлаа.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлъя гэх томъёолол дор санал явуулж, 86 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлах саналын томъёоллоор санал хураалт явуулж, 88 хувийн саналаар эцэслэн баталлаа.

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хурааж, 43 гишүүн дэмжиж, хууль батлагдлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн баталъя гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулж, 20 гишүүн дэмжиж, энэ хууль батлагдсангүй. Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хэлэлцэхээр болов.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг эцэслэн батлах саналыг УИХ-ын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй тул төслийг хууль санаачлагчид буюу байнгын хороонд буцаав. УИХ-ын дарга Г.Зандашатар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хуулийн төслийг гүйцээн боловсруулах үүрэг өглөө. 

Ийнхүү үндэсний их баяр цэнгүүн, үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон монгол наадмыг хэл ам, хэрүүл уруулгүй зохион байгуулах асуудалд холбогдох яамд, ажлын хэсэг, холбоод онцгой анхаарч, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд хүчээ нэгтгэж, хичээл зүтгэлтэй ажиллахыг уриалж, хуулиа хэрэгжүүлэхийг хүсэв. 
 
14 : 37
2022-6-28

Үндсэн хуулийн өөрчлөлтийг иргэдийн 65 хувь нь эсэргүүцэж байна

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Тойргоороо Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар яриа хийж явлаа. Хоёр сум, нэг аймгийн төв дээр уулзалт хийсэн. Мөнххайрхан сумын Лождай гуай "Үндсэн хуулиас болж эдийн засаг унаагүй шүү" гэж анхааруулж байна. Мөн Дуут сумын иргэн Төртүвшин "Үнэ өссөн нь Үндсэн хуулиас болоогүй шүү" гэж хэллээ. Дуут сумын иргэд "4050 төгрөгөөр дизель түлш хэрэглэж хохирч байна" гэлээ. Сүлдний асуудал дээр Мөнххайрхан сумын иргэн Вааз "Төсөл нь ч алга, одоохондоо хэрэггүй" гэлээ.

Цаазын ялын талаар Жаргалант сумын иргэн Чулуунбаатар "Нэгэнт конвенцид нэгдсэн учир Үндсэн хуульд оруулах хэрэгтэй" гэв. Цэцэд иргэн өргөдөл өгөх талаар Жаргалант сумын иргэн Цэвээн-Ойдов "Иргэн бүр Цэцэд өргөдөл гаргавал Цэцийн есөн гишүүн ачааллаа дийлэх үү?" гэж асууж байна.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай асуудал, намын эвлэлдэн нэгдэх асуудлаар иргэд санал хэлсэнгүй. УИХ-ын чадавхийг дээшлүүлэх тал дээр иргэд үг хэлсэн. Сонгуулийн тогтолцоон дээр Мөнххайрхан сумын Хүрэлтөмөр "Тогтолцоонд өөрчлөлт хийхгүй бол иргэдийн 58 хувийн ч санал аваагүй МАН УИХ-ын 62 суудал авч байгаа учир өөрчлөлт хийх хэрэгтэй" гэлээ. Гишүүдийн тооны тухайд Жаргалант сумын Бугалжай гуай "Тоо нэмээд хэрэггүй, зардлын нэмэр" гэв. Харин Хүрэлтөмөр "Иргэдийн төлөөлөх чадвар нэмэгдэх учир тоогоо нэмэх хэрэгтэй" гэж хэллээ.

Давхар дээлийн асуудал дээр Мамбай гуай "Ц.Даваасүрэн сайдын үед нарны болон салхины эрчим хүчний станц барих нь буруу гэж үздэг байв. Харин Н.Тавинбэх сайдын үед үүнийг дэмжиж байна. Саяхан Ховдод тог тасрахад Дөргөний усан цахилгааны Мянгатын нарны цахилгаан станцын хүчээр иргэд тогтой болсон. Тиймээс дан дээлтэй мэргэжлийн сайд нар уртдаа салбараа хөгжүүлнэ" гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгох асуудал дээр Жаргалант сумын Баярлах гэдэг залуу ярихдаа "Ард түмэн гурван сонголт хийдэг. Тэрний нэг нь УИХ-ын сонгууль, хоёр дахь нь орон нутгийн сонгууль, гурав дахь нь Ерөнхийлөгчийн сонгууль. Гэтэл УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийг сонгох сонголтыг УИХ дээрээ авч байгаа нь ард түмний сонголтыг хулгайлсан хэрэг" гэв.

С.Бямбацогт, Ш.Адьшаа, бид гурав гурван сумаа хуваагаад авч явсан. С.Бямбацогт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ерөнхийд нь дэмжээд явсан хүмүүс “За” гэсэн. Адьшаа гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 100 хувь эсэргүүцээд явсан хүмүүс “За” гэж байна лээ. Бид хоёр зүйл дээр дэмжсэн хүмүүс “За” гэсэн гэж байна лээ. 

Ард түмэн хийдгээ хийчих, хийснийх нь дараа шүүмжилье гэсэн байдалтай байна. Учир нь төр засаг сүүлийн үед хэтэрхий сошиал дээр тулгуурлаж шийдвэр гаргадаг болсон учир ийм хандлагатай байна. Ард түмэн илүү шүүмжлэлт байдалтай байна. Хэтэрхий сошиал дээр тулгуурлан шийдвэр гаргах нь төрийг сулруулж байна. Нийт иргэдийн 65 хувь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна.

14 : 36
2022-6-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

 

08 : 52
2022-6-28

Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2022.06.28) болно. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Тодруулбал,

1.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн мөн холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүд;

2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд зэрэг нийт 14 хуулийн төслийг эцэслэн батлахаар товложээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж